![](https://news.mn/wp-content/archive1/local/photo/2012/4/41bea12c32bf2900/2d0a9c57c5ca8b32big.jpg)
Хэнтий аймгийн Өндөрхаан хотод дөрөвдүгээр сарын 23-нд “Иргэний оролцоо-2012” сургалт зохион байгуулжээ. Уг хөтөлбөрийг Монголын Хэвлэлийн хүрээлэн, МИДАС, МОНЭС мөн МҮОНРТ, GOGO.mn сайт зэрэг байгууллага хамтран зохион байгуулсан байна. Сургалтаар нийгмийн сүлжээ болох онлайн мэдээллийн зарим хэрэгслийг ашиглах, олон нийтийн мэдээлэл харилцааны ажлыг хэрхэн зохион байгуулах, хэвлэл мэдээлэлтэй хамтран ажиллаж мэдээ, мэдээллийг яаж боловсруулах талаар хэлэлцсэн байна. Түүнчлэн иргэний оролцоо, манлайлал, нөлөөллийн асуудлыг ч хөндөж байгаа юм. Уг сургалтанд Хэнтий аймгийн иргэний нийгмийн ажилчин албан хаагчид хамрагдсан бөгөөд тэдний дунд өндөр настан, багш А.Таравжав орчин үеийн нийгмийн сүлжээ болох фэйсбүүк, твитерийг хэрхэн ашиглах талаар хичээнгүйлэн суралцжээ. Тэрээр “Би энэ сургалтад сууснаар өөрийгөө өөрчилж чадна гэж бодож байна. Хүн өөрийгөө өөрчилж байж, нийгмээ өөрчлөх үйлсэд оролцоно гэж боддог” хэмээн ярьжээ. “Иргэний оролцоо-2012” төслийн сургагч багш нар ирэх долоо хоногт Ховд аймагт ажиллах юм байна.
Э.САРАА