“Нээлттэй нийгэм” форумын хурлын танхимд монгол төрийн ноён оргилууд
даруухан цуглаж, маш сонирхолтой сэдвээр ярилцсан байдаг. Энэ бол 2007
оны зургаадугаар сарын 12-нд Монгол Улсын Ерөнхий сайд асан, гавьяат
эдийн засагч, профессор Д.Бямбасүрэнгийн “Монгол Улсын төрийн
тогтолцооны одоогийн байдал, түүнийг хөгжүүлэх гол чиглэлүүд” сэдэвт
лекц байв. Тэрхүү лекцийн үеэр Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэнгийн хэлж
байсан хатуу үгс, мөн нийгмийн байгуулал, төрийн тогтолцооны ирээдүйн
нөхцөл байдлыг хэрхэн харж байсныг одоогийн цаг үетэй харьцуулахад
нэгийг бодогдуулж байна. Энэ талаарх товч тэмдэглэлээс эш татан
сонирхуулъя.
Д.Бямбасүрэн /Монгол Улсын Ерөнхий сайд асан, гавьяат эдийн засагч, профессор/:
-Ер
нь нийгмийн байгуулал огцом өөрчлөгдөж байгаа нөхцөлд нийгмийн
амьдралд яв цав тохирсон Үндсэн хууль төрнө гэж хүлээх хэрэггүй. 1992
онд их том алхам хийсэн. Хүний эрхийн асуудлыг үндсэнд нь баталгаажуулж
эдийн засгийн олон асуудлыг Үндсэн хуулиар шийдсэн. Харин сүүлд нь
Үндсэн хуульд 20 минутын дотор өөрчлөлт оруулсан. Түүгээр ард түмний
сонгосон төрийн тэргүүний толгой дээр намын “сэлэм” аваачаад тавьчихсан.
Үүнээс болж өнөөдөр ямар байдалд хүрээд байгаа билээ. Энэ Үндсэн
хуулийг өөрчлөхгүйгээр бид явахгүй ээ. Ганцхан танхимтай парламент
байгаа нь өнөөдөр хачин, хачин хууль гаргахад хүргээд байгаа. Казиногийн
нэг хууль гаргана, дараа нь хүчингүй болгочихно. Дараа нь Казиногийн
тухай бас нэг өөр хууль орж ирж байх жишээтэй. Бүр хачин хууль гээч.
Ашигт малтмалын болон Татварын тухай хуулийг та бүхэн хар л даа. Татвар
буурсан гэж яриад байна. Ерөнхий дүнгээрээ бол буурсан байх. Гэхдээ л
талх иддэг хүмүүс зургаан хэрчим талхныхаа нэгийг нь татварт төлсөөр л
байгаа шүү дээ. Зөвхөн мөнгө төгрөг олдог олигархиудын чинь татвар л
буурсан байгаа. Хоёр танхимтай болгоно гэдэг бол ганцхан Монголд хийх
гэж байгаа зүйл биш. Ардчиллын соёлтой бүх оронд байдаг л зүйл. Үүнээс
тойрч гарах арга байхгүй. Нөгөө талаас УИХ-ын гишүүдийн баталгаа гээд
Үндсэн хуульд дархлаа хийгээд өглөө. Энэ нь юунд хүргэж байгааг өдөр
тутамд харж байна. Сүүлдээ телевизор харахаас ч дургүй хүрдэг боллоо.
Бид үнэхээр өөрсдийгөө зохицууцах чадвартай, буцах холбоотой
тогтолцоонд шилжье гэж бодож байгаа бол Үндсэн хуулиа сайжруулж явах
хэрэгтэй. Магадгүй цаашид нэг биш удаа сайжруулж ч болох байх.
Сэтгүүлч:
-Улс төрийн албан тушаалтнууд Үндсэн хуулиа сахихгүй байгаа нь хуулийн
буруу биш, тухайн хүмүүсийнх нь буруу юм биш үү?
Д.Бямбасүрэн/: Үндсэн
хуулиар олгогдсон эрх нь тэр юм. Сахихгүй байх эрхийг нь өгчихсөн юм
шиг байна. Дөрвөн жилд нэг удаа сонгууль явуулахад 77-85 хувь нь
солигдож байна гэж би түрүүн хэлсэн. Улс төрийн хүчнүүдийн рейтинг маш
хүчтэй савлаж байна. Ийм нөхцөлд нийгмийн амьдрал тогтворжиж чадахгүй.
Тийм учраас ротаци бол үйл явцыг ламинар урсгалд оруулахад хэрэгтэй
болов уу гэж бодож байгаа.
ҮХЦ-ийн оронд экспертүүд гэж байна.
УИХ өөрөө эксперт юм. Тэнд хангалттай туслах, зөвлөх, ажилтнууд бий.
Үндсэн хууль зөрчиж байгаа эсэхийг зөвхөн Цэц л шийднэ. Эксперт
шийдэхгүй. Магадгүй эксперт Үндсэн хууль зөрчиж байна гэснийг Цэц
зөрчөөгүй байна гэж үзэж болно. Эцсийн үг Цэцэд байх юм. Бид Францын
Үндсэн хуулиас санаа авч байсан. Хэрэв дээд танхимаас та нар Үндсэн
хууль зөрчих нь байна шүү гэхэд тухайн хууль батлагддаггүй л байх ёстой.
Тэгвэл одоогийнх шиг хачин хямрал үүсэхгүй шүү дээ. Төрийн хямралаас
гадна Үндсэн хууль зөрчсөн шийдвэрүүд ямар үр нөлөөтэйг бид харж байгаа
шүү.
Д.Энхбат /Эдүгээ УИХ-ын гишүүн/:
-Өнөөдөр
Монгол Улсад шилжилтийн үе дуусахгүй байна. 1990 оноос өмнө улс төрийн
цөм нь нам байсан. 17 жилийн дараа эргэн харахад харамсалтай нь
Монголын нийгмийн цөм шинэчлэгдэж чадсангүй. Тойроод бүх юм
шинэчлэгдээд байдаг. Цөм нь шинэчлэгдэхгүй байсаар одоо бүр ялзарч
эхэлсэн. Тухайн үед зэрэгцэж үүссэн АН-д энэ нь халдварлаж, бас
ялзарсан. Герман, Чех зэрэг оронд улс төрийн намуудаа татан буулгасан
явдлыг маш зөв хийсэн юм байна гэж би ойлгодог. Бид энэ зовлонг 17 жил
сунгаж, 17 жилийн өмнөх Герман, Чехийн асуудалтай дахиад л тулж байна.
Ямарваа нэгэн систем оршин тогтнож л байвал дотроо зөв байдаг. Зөрчилгүй
гэсэн үг. Өнөөдрийн бүх проблемын буруутан бол улстөрийн намууд юм.
Гэтэл энэ алдааг засах хүчин нь манай хуулиар бас л улстөрийн намууд
байдаг. Өөрөөр хэлбэл, буцах холбоо үүссэнгүй, битүүрчихлээ. Турк,
Тайланд зэрэг оронд буцах холбоог нь арми гүйцэтгэдэг. Улс төрийн
намууд буруу явбал арми ороод ирнэ. Америк, Герман, Франц зэрэг оронд
буцах холбоог нь иргэний нийгэм гүйцэтгэдэг. Харамсалтай нь, энэ гурван
зам гурвуулаа Монголд явахгүй болчихлоо. Манайд арми байхгүй. Иргэний
нийгэм нь сул. Нам нь ялзарчихсан. Гэхдээ Дарвины хуулиар бол аргагүйн
эрхэнд шинэчлэгдэх байх л даа. Ойрын хугацаанд Хятад, Орос хоёроос
түрүүлээд таны хэлж байгаа өөрчлөлтүүдийг хэн хийж чадах вэ?
Д.Бямбасүрэн /Монгол Улсын Ерөнхий сайд асан, гавьяат эдийн засагч, профессор/:
-Үнэхээр
тийм ээ. Манайд өмнө нь авангард хэлбэрийн нам байсан. Сүүлд шинээр
үүссэн намууд аяндаа авангард хэлбэрээсээ гулссаар байгаад эрх баригч
бүлэглэлийнхээ үзэл бодол гэхээсээ илүү хөрөнгө мөнгө, ашиг сонирхлоор
нэгдсэн бүлэглэлүүдийн гарт орж эхэлсэн. Тэр байтугай Монголд нам
дамжсан олигархиуд байгаа нь нэгэнт бодит зүйл болсон. Ийм нөхцөлд
намуудын хувьд их түвэгтэй. Бид харж л байгаа шүү дээ. Өдөр тутам харж
байгаа. Гэхдээ АН-ын хувьд 1990 онд ардчиллын үзэл санааг анх тээж
гарсан шинэ улстөрийн хүчин хөдөлгөөн дээр тулгуурладаг утгаараа бас чиг
нэлээн боломжтой. Гэхдээ ний нуугүй хэлэхэд ганцхан намд найдах биш,
одоо ардчиллын хоёрдугаар эгнээ урагшаа гарах цаг болсон. Хоёрдугаарт
эгнээ бол иргэний нийгэм, иргэний хөдөлгөөнүүд юм. Энэ л цаг үед тулж
ирээд байна. Үүнийг улс төр сонирхдог, боддог хэн ч гэсэн олж харах
ёстой. Тийм ч болохоор би намуудын асуудал дээр байр сууриа илэрхийлж
байна.
Д.Содном /Монгол Улсын Ерөнхий сайд асан, гавьяат эдийн засагч, профессор/:
-Манай
төрийн тогтолцоог боловсронгуй болгох зайлшгүй шаардлага бий болсон
гэдэгтэй санал нэг байна. Энэ нь олон түмний ярьж, хэлж байгаа зүйлээс
маш тодорхой. Энэ илтгэлээр төрийн тогтолцоог боловсронгуй болгох ямар
арга зам байна гэдэг дээр тодорхой саналуудаа нэгтгэн, аль болох цогц,
уялдаатайгаар шийдэх оролдлого хийсэн байна. Илтгэлд АИХ, УБХ гэсэн хоёр
танхимаа тус тусад нь сонгоно гэлээ. Миний бодлоор ингэж хоёр сонгууль
явуулах хэрэггүй байх. АИХ-ыг бүх ард түмний саналын үндсэн дээр
сонгочхоод түүнээсээ бага хурлаа томилдог байвал зүгээр болов уу. АИХ-ын
гишүүдийн ихэнх нь тухайн сонгогдсон тойрогтоо тогтмол ажилладаг,
амьдардаг байвал зүйтэй. Тэр аймгийнх, энэ аймгийнх гэсэн мөртлөө
дандаа хотынх, эсвэл, аймгийн хүн энд ирээд танхимд суучихдаг. Үнэн
хэрэгтээ ард түмнээсээ тасарчихсан байгаа. Төрийн бүх эрх ард түмний
мэдэлд байна гэсэн Үндсэн хуулийн зарчмын том заалт энд алдагдаад байна.
Төр, ард түмэн уялдаатай байх хамгийн гол, сайн механизмын нэг нь энэ.
Энд тогтмол хуралдаад байхгүй. Жилдээ 2-4 удаа хуралдана. Харин бага
хурал нь үргэлж хуралдаж хууль журмаа боловсруулдаг байх нь зүйтэй.
Сонгуулийн
хуулийг боловсронгуй болгохгүйгээр энэ асуудлыг шийдэж чадахгүй.
Болохгүй байгаа хамаг гай нь улс төрийн намуудад байна гэж хүмүүс
бухимдаж байгаа шүү дээ. Үнэндээ намдаа ч биш юм. Намыг авч явж байгаа
удирдлагын ихэнх нь буруу ажиллаж байгаад хамаг учир байна. Тийм учраас
энэ бол маш их оносон асуудал гэж би бодож байгаа. Энэ асуудлыг олон
удаа бичиж, намын дарга нартай санал солилцож үзсэн. Ер нь их сонин
санал байна гэчихээд цаашаа хараад орхичихдог. Яг ийм байдлаар нэлээн
хэдэн жил явж байгаа. Одоогийн нам төвтэй болсон засаглалын үед үүнийг
өөрчлөх асуудлыг намуудаар дамжуулж шийднэ гэвэл болохгүй юм шиг байгаа
юм. Гэхдээ ямар механизм байх вэ гэдэг дээр шууд хариулж мэдэхгүй байна.
Ямар ч гэсэн Үндсэн хуулийг боловсруулах асуудлыг шийдэх, зохион
байгуулах үүрэг хүлээсэн хүмүүс нь намынхаа эрх ашгийг хамгаалж буй
нөхцөлд шийдүүлэхэд үнэхээр хэцүү. Тийм учраас төрийн тогтолцоог ямар
зохион байгуулалттайгаар боловсронгуй болгох юм бэ гэдгийг цааш нь сайн
ярих хэрэгтэй байх. Иргэний хөдөлгөөнүүд дундаас маш сайн санаачилга
гарахыг ч үгүйсгэхгүй. Төрийн бүх шатны байгууллагын удирдах албан
тушаалд ямар нэг улстөрийн намын гишүүн байхыг хориглосон хуультай болох
хэрэгтэй. Тэгвэл намдаа захирагдаж явахгүй, жинхэнэ улс орныхоо эрх
ашгийн төлөө сонгогчдоосоо хүлээсэн үүргийнхээ дагуу өөрийн совестиор
ажиллах бололцоотой болно байх. Илтгэлд УИХ-ыг тараах асуудлыг ҮХЦ
шийднэ гэсэн санал явж байна. Энэ ямар байдаг юм бол оо. Арай ч гэж
эргэлзмээр санагдаж байна. Цэц санал гаргадаг, түүний дагуу УИХ
олонхиороо шийдвэр гаргадаг өөр механизм байх хэрэгтэй юм. Ерөнхийлөгчид
хэтэрхий их эрх мэдэл өгөх, бүр АИХ-ыг тараах хүртэл эрх өгсөн санаа
байна. Үүнийг зассан эсэхийг мэдэхгүй байна. Ерөнхийлөгчийн засаглалтай
болох тийшээ нэлээн хэлтийсэн санал юм уу гэж ойлгож байгаа. Үүнийг
Монголын нийгэм нэг их дэмжихгүй, хүлээж авахгүй байх шүү.
Д.Бямбасүрэн /Монгол Улсын Ерөнхий сайд асан, гавьяат эдийн засагч, профессор/:
-Олон
хэмжээст орон зайд оршдог нийгэмд төр таван хэмжээстэй байдаг юм. Энэ
тухай хамгийн сүүлд 1924 онд Суняций бичсэн. Зарим номд Суняцийн онол
гэж ч бичдэг л дээ. Уг нь Монголын төрийн анхны бүтэц байгаа юм. Энэ
таван салаа мөчрийг бий болгож тэдний хоорондын харилцааг тогтоож
баймааж сая төр тэнцвэржин тогтворжих байх. Гэхдээ тэнцвэржинэ гэдэг
ойлголт их сонин л доо. Энэ бол бие биеэсээ хараат бус байх тухай
асуудал юм. Парламентын засаглал, Ерөнхийлөгчийн засаглал гэдэг бол
онолын л асуудал. Аль ч орны Үндсэн хуульд манайх парламентын
засаглалтай, ерөнхийлөгчийн засаглалтай гэж бичдэггүй. Онолын
асуудлын гол шалгуур нь Ерөнхийлөгч, Засгийн газраа парламентаас
гадуур байгуулах гэдэг л асуудал. Америкийн Ерөнхийлөгч нь Засгийн
газраа толгойлоод явдаг. Жишээ нь, төрийн нарийн бичгийн дарга нь
Гадаад яамны сайд, Ерөнхий сайдын үүргийг хувааж гүйцэтгэдэг шүү дээ.
Тэгэхээр энэ бол онолын л асуудал. Бидний ярьж буй асуудлын гол цөмийг
харахад зарим нь “Ерөнхийлөгч нь Засгийн газраа байгуулан толгойлоод
явна” гэдэг байдлаар ойлгож байна. Зарим нь, Ерөнхийлөгчийн засаглалтай
болчихвол парламент хэрэггүй болчих юм шиг ярьж байна. Тийм биш л
дээ. Гэхдээ Ерөнхийлөгчийн засаглалын тухай ярихад нэг зүйлийг
бодохгүй бол горьгүй. Саяхан Туркмений Ерөнхийлөгч өөд боллоо. Одоо
Казакстаны Ерөнхийлөгч насан туршийн Ерөнхийлөгч гээд томилогдлоо. Энэ
мэтийн янз бүрийн зүйл цаагуур чинь гарна шүү дээ. Тэр бүгдээс
болгоомжилж бодох л хэрэгтэй.
-Сэтгүүлч: Ард түмэн засгаа яаж хянах юм бэ?
-Ард
түмэн засгаа хянана гэдэг бол олон янз. Нэгд, иргэний байгууллага
хүчтэй байгаа нөхцөлд төрийн хазгай алхмыг тухай бүрт нь хянаад, хэлж
чадна. Хоёрт, парламент дотор хэмжээлшгүй эрхтэй олонхийн ноёрхол
тогтоохгүй, цөөнх нь олонхио хянадаг байвал болно. Энэ нь нэг алхам
болно. Гуравт нь, сонгосон төлөөлөгчдөө эргүүлэн татах эрх. Энэ эрх
манайд одоо байхгүй. Дөрвөн жил сайхан юм хэлж сонгогдчихоод дөрвөн
жилийн дараа сонгосон гишүүн нь тойрог солиод явчихна. Ийм байж болохгүй
л дээ. Тойрог солихыг нь хориглох хэрэгтэй. Тойрог соливол дахиад нэр
дэвшихгүй л байна биз дээ. 76 дээр хэдийг нэмж хоёр танхим болгож болно.
Эсвэл 76-аа 25, 51 хувааж болно. Өмнөх бага хурал 53 гишүүнтэй болж л
байсан шүү дээ. Хуулиа гаргаад л байсан. Гэхдээ энэ бол чанарын л
асуудал. Би нэг юмыг гайхдаг юм. Манайх санал хураана гээд бүгдийг нь
нэг танхимд дуудаж байгаад нууцаар кноп даруулдаг. Энэ бол хяналтаас
гадуур. Би Америкт Конгрессийн гишүүн Крестин гэдэг өвгөнтэй уулзаж
байсан. Тэр чи миний санал өгөхийг хар даа гээд би дагаж очлоо. Спикер
нь байна, танхимд арваад хүн байгаа юм уу, мэдэхгүй. Америкийн төрийн
албан хаагчид намын харъяалалгүй байх тухай хуулийг цуцлах асуудал дээр
санал өгөхдөө Крестин урд нь очоод чангаар би зөвшөөрөхгүй ээ гэж хэлж
байгаа юм. Спикер нь микрофоноо аваад Крестин татгалзлаа гэж танхим
дүүрэн зарлаж байх жишээтэй. Энэ бол жинхэнэ парламентч хүний
хариуцлагатай дүр төрх юм. Гэхдээ тэр хүн манайхан шиг бизнес хөөж яваад
гаднаас орж ирээд саналаа өгч байгаа юм биш. Тэр хүний үүдэнд 16 туслах
сууж байгаа юм. Тэд өндөр мэргэжлийн экспертүүд. Зөвлөгөө өгсөн
тэднийхээ саналын үндсэн дээр өөрөө шийдвэрээ гаргаж байгаа юм. Ийм
хариуцлагатай парламент хэрэгтэй. Одоо манайд парламентын гишүүн гээд
бүхнийг мэддэг толгой байж болохгүй шүү дээ. Гэтэл тэр ороод саналаа өгч
л байдаг. Хажууд нь туслах нь гээд цай зөөдөг үүрэгтэй залуу, эсвэл,
бүсгүй сууж л байдаг. Ямар парламент гэж үүнийг хэлэх вэ дээ.
ингэж ярьж, бодож сэтгэдэг байжээ. Монголын нийгмийн хамгийн хүнд,
хэцүү үед гүйцэтгэх засаглалын тэргүүнээр ажиллаж байсан Д.Бямбасүрэн
эдүгээ энэ сэдвээр хэлэх үгэндээ ч тун харам болсон харагддаг. Харин
бид өнөөдөр ямар төртэй байна вэ. Үндсэн хуулийн Цэц хуралдаад УИХ-ын
баталсан хуулийг “Үндсэн хууль зөрчиж байна” гэсэн дүгнэлт гаргахад
УИХ-ын эрхэм гишүүд инээж шоолох нь холгүй хэлэлцсэн болоод “унагаж”
байна. Тэгвэл Үндсэн хуулийн Цэц гэдэг байгууллагаар яах юм бэ. Өнөөдөр
хуулийг УИХ-ын гишүүн бүр, Дээд шүүх, хууль сахиулагч байгууллага болгон
өөрийнхөөрөө тайлбарлах болсон. УИХ-ын сонгуулийн тухай хуулийг
хэлэлцэн батлахдаа ч “Яавал би дахин сонгогдох вэ” гэдэг талаас нь
сэтгэхээс биш нийгмийн сайн сайхан, төрийн зөв тогтолцооны талаар
бодохыг ч хүсэхгүй байна.
"УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин
