
Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг албан тушаалаас нь огцруулах тухай тогтоолын төсөл өргөн мэдүүлсэн УИХ-ын гишүүн О.Чулуунбат, Д.Тэрбишдагва, Ц.Даваасүрэн, Д.Балдан-Очир, Д.Загджав, Р.Раш, Ч.Улаан нар өчигдөр Ерөнхий сайд С.Батболдтой уулзаж, шаардлага гардуулсан байна. Эл шаардлагад “УИХ-ын гишүүдээс бүрэн эрхийнхээ хүрээнд тавьсан асуудал учир битүүлэг шалтгаанаар шийдвэрлэгдэхгүй удааширч байна. Манай намын Удирдах зөвлөл, УИХ дахь МАН-ын бүлгийн ард түмэнд хандаж гаргасан “мэдэгдэлд” дурдсны дагуу төрийн хуулийг дээдлэн хэрэгжүүлэх, улс төр, ёс суртахууны хариуцлага хүлээлгэх тодорхой алхам хийхгүй байгаа нь манай намын нэр хүндэд сөргөөр нөлөөлж байна. Намын дарга танд онцгойлон хандаж, зарчмын байр сууриа илэрхийлж, идэвхи санаачлагатай ажиллахыг шаардаж байна. Бид байр сууриа цаашид хэвээр хадгалж, санаачлага гаргаж хамтран ажиллахыг намын гишүүд, дэмжигчдэдээ уриалах болно” гэжээ.
Г.ДАРЬ