Эдийн засгийн салбар, тэр дундаа хөрөнгийн зах зээл жилээс жилд хүчирхэгжин, түүний ач холбогдол, үр нөлөөг ихээхэн онцлох болсон билээ. Тиймдээ ч манай улс энэ салбарт байр сууриа олж авч, бэхжүүлэх, тэргүүний шаардлага бий гэдэг. Энэ хүрээнд дэлхийн хөрөнгийн зах зээлд толгой цохьдог Хонгконгийн хөрөнгийн биржийн талаарх мэдээлэл, тухайлбал, уг хөрөнгийн биржид хэрхэн хөл тавьж, анхны арилжаанд орох, түүгээрээ хэрхэн хөрөнгө босгох тухай мэдээллийг өгөх зорилготой форум боллоо.
Хонгконгийн хөрөнгийн биржид Монголын 30 гаруй компани IPO хийж, анх удаа зах зээлд хувьцаагаа гаргасан байна. Ингэснээр олон улсын хэмжээнд хувьцаагаа санал болгож, хамтын ажиллагааг өндөр түвшинд хүргэж, хөрөнгө босгох ач холбогдолтой юм. Хэлэлцүүлгийн үеэр үнэт цаас арилжаалах механизм, амжилттай IPO хийх болон давхар үнэт цаас арилжаалахад нөлөөлөх хүчин зүйлс, Хонгконгод юанийн бонд гаргах замаар хөрөнгө босгох, ашиг олох, IPO хийх бэлтгэл үеийн тухай мэдээлэл өгсөн юм. Хонгконгийн төлөөлөгчид манай улсын эдийн засгийг түүхий эдийн үнийн өсөлтөөс ихээхэн хамааралтай болохыг дурдаад, эдийн засгийн хөгжлийг дэмжихийн тулд хөрөнгийн зах зээлд хөл тавих боломжийг аль болох нааштайгаар шийдэх тухай хөндөгдөж байв.
Хонгконгийн Хөрөнгийн бирж ба клирингийн компанийн тэргүүн дэд ерөнхийлөгч бөгөөд Хувьцаа гаргагчийн маркетингийн газрын дарга Эрик Лэндхиерээс дараах асуултад хариулт авлаа.
– Хонгконгийн хөрөнгийн бирж дээр IPO хийх нь ямар давуу талтай вэ?
-Ази, Номхон далайн бүс нутгууд руу эдийн засаг болон бизнесийн үйл ажиллагаагаа таниулах, идэвхжүүлэх, олон улсын хэмжээнд хувьцаагаа арилжиж, түүнээсээ хөрөнгө босгох үндсэн ач холбогдолтой. Тодруулбал, Хонгконг нь стратегийн хувьд өндөр өсөлттэй бүс нутагт байрладаг бөгөөд Хятад улсын нэгэн бүрэлдэхүүн гэж явдаг юм. Энэ утгаараа дэлхийн бусад оронтой эдийн засаг, бизнесийн харилцаа холбоонд нь тулгуурлан, хувьцаа гаргах боломжтой. Хонгконгийн хөрөнгийн бирж нь ноогдол ашгийн орлогын , хөрөнгийн ашгийн болон үл хөдлөх хөрөнгийн татваргүй, аливаа валютыг хөрвүүлэх, үнэт цаасыг шилжүүлэх боломжтой учраас үнэт цаас гаргагч, хөрөнгө оруулагчдад зах зээлийн таатай орчинг бий болгодог.
-Ямар шаардлага тавьдаг вэ?
-Үнэт цаасны зах зээлд шинээр өргөдөл гаргагч нь санхүүгийн үндсэн гурван шалгуур болон үйл ажиллагааны шалгууруудыг хангасан байх ёстой. Дурьдвал, үнэт цаасаа бүртгүүлэх үед аудит хийлгэсэн жил буюу санхүүгийн сүүлийн гурван жилийн туршид 6,4 сая ам. доллартай тэнцэх хэмжээний ашиг олсон байх, компанийн засаглалыг сайтар хэрэгжүүлсэн байх хэрэгтэй. Ингэхдээ хамгийн сүүлд аудит хийлгэсэн буюу санхүүгийн жил өмчлөлийн бүтэц, удирдлага хяналт нь тогтвортой байх зэрэг нарийвчилсан олон шалгуур нь хэт их нүсэр санагдах боловч үйл ажиллагаагаа хуулийн дагуу, ашиг орлого сайтайгаар явуулж байсан бол бүгдэд нээлттэй юм.