
ШШГЕГ-аас МАН-ын хоригдож буй нөхцөл байдлын талаар дөнгөж сая сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Хэвлэлийн бага хуралд ШШГЕГ-ын дэд дарга бөгөөд тогтоол гүйцэтгэх газрын дарга, хурандаа
Т.Батболд болон ШШГЕГ-ын тогтоол гүйцэтгэх газрын дэд дарга П.Хосбаяр нар оролцсон юм. Гэхдээ тэд ШШГЕГ-т одоогийн байдлаар Н.Энхбаярын цагдан хорих хугацааг сунгах эсэх талаар Прокурорын газраас мэдэгдээгүй байгаа учир энэ талаар мэдээлэл өгөх боломгүй гэдгийг эхлээд сануулаад зөвхөн Н.Энхбаярын хоригдож байгаа нөхцөл байдлын талаар ярилаа.
ШШГЕГ-ын дэд дарга бөгөөд тогтоол гүйцэтгэх газрын дарга, хурандаа Т.Батболд “Сэжигтэн Н.Энхбаярыг дөрөвдүгээр сарын 13-ны өглөө цагдан хорих төвд очмогц биед нь эрүүл мэндийн үзлэг хийсэн. Төрийн тусгай хамгаалалтын хяналтад хоол, хүнсийг нь бэлтгэн өгч байгаа. Түүний цагдан хорих төвд байгаа хором бүрийг видео бичлэг хийн, баталгажуулж байгаа учраас бүх зүйл баримттай" гэв. Мөн тэрбээр, сэжигтэн Н.Энхбаяр хоригдох хугацаандаа цагдан хорих байрны хэд хэдэн журмыг зөрчсөн гээд үүнийгээ "Цагдан хорих байрны журам, сэжигтэний эрх, үүргийг танилцуулсан протоколд гарын үсэг зураагүй, өмгөөлөгчөөрөө дамжуулан гар утас хэрэглэсэн, цагдан хорих байгууллагын захиргаанд танилцуулалгүйгээр хоёр ч захидал бичсэнийг сэжигтний биеэс илрүүлсэн" хэмээн тодрууллаа.
Хуулийн дагуу бол дээрхи зөрчлийг гаргасан тохиолдолд 15 хоног үргэлжлүүлэн хорих сахилгын арга хэмжээ авдаг байна. Гэсэн ч ШШГЕГ дараахи хоёр шалтгаанаар Н.Энхбаярт сахилгын арга хэмжээ хүлээлгээгүй гэв.
Уг шалтгаанаа тэд,
- Сүүлийн өдрүүдэд хэвлэл, мэдээллийн хэрэгслээр Төв аймгийн цагдан хорих газар бол сэжигтнүүдтэй зүй бусаар харьцаж, тамлан зовоодог, Н.Энхбаярын эрх тэнд хэтэрхий зөрчигдөж байгаа гэхчлэн мэдээлж байгаа нь ард иргэдэд ташаа ойлголт төрүүлж байна. Тиймээс энэхүү буруу ойлголтыг төрүүлэхгүйн тулд олон нийтэд ойлгомжгүй байдал үүсгэхээс сэргийлсэн.
- Н.Энхбаярын эрхэлж байсан ажилд хүндэтгэл үзүүлсэн хэмээн тайлбарлалаа.
Ингээд хэрэв Н.Энхбаяр дахин цагдан хорих төвийн дотоод журам, сэжигтний үүрэг зэргийг зөрчвөл сахилгын арга хэмжээ авах болно гэдгийг мөн мэдэгдсэн юм.