
Сангийн сайд Дэлхийн банкны удирдлага, албаны бусад хүмүүстэй уулзахдаа Монгол Улсын эдийн засаг маш хурдацтай өсч, эдийн засгийн өсөлтийн шинэ эрин үедээ амжилттай ороод байгааг онцолсон билээ. Энэхүү эдийн засгийн өсөлтийн шинэ эрин үед Дэлхийн банкны туслалцаа, дэмжлэг чухал :хэвээр байгааг илэрхийлэхийн зэрэгцээ Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны түншлэлийн дараагийн 4 жилийн хамтын ажиллагааны стратегийн баримт бичгийг боловсруулж батлуулахад бэлэн болсон тухайгаа мэдэгдэв. Энэхүү стратегийн баримт бичигт уул уурхайн салбар, дэд бүтцийн салбарыг хөгжүүлэхийн зэрэгцээ эдийн засгийн төрөлжүүлэлт, жижиг дунд үйлдвэрлэлийг хөхүүлэн дэмжих, санхүүгийн салбарыг хөгжүүлэх, ядуурлыг бууруулах, хөдөө орон нутаг, Улаанбаатар хотын иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, засаглал, ил тод байдлыг дээшлүүлэх чиглэлээр ажиллахаар заасан тухай дурдсан. Мөн Монгол Улс нь Дэлхийн банкны Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банкнаас арилжааны нөхцөлтэй зээл авах эрхтэй болсонтой холбогдуулан энэ чиглэлээрх цаашдын хамтын ажиллагааны талаар санал бодлоо солилцлоо.
Сангийн сайд Сауди Арабын хөгжлийн сангийн төлөөлөгчидтэй уулзаж хоёр орны үндэсний баялагийн сангууд цаашид стратегийн түвшинд хамтран ажиллах саналтай байгаагаа илэрхийлж хүсэлтээ гардууллаа. Мөн Хаврын уулзалтын үеэр Монгол Улсын Хөгжлийн банкны талаар санал бодлоо солилцож Олон улсын санхүүгийн корпораци, АНУ-ын Экспорт-Импортын банктай хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурахаар боллоо гэж Сангийн яамны хэвлэлийн албанаас мэдээллээ.