Лос-Анжелосын гаалийн ажилтнуудыг баривчилжээ

Хуучирсан мэдээ: 2012.04.26-нд нийтлэгдсэн

Лос-Анжелосын гаалийн ажилтнуудыг баривчилжээ

Хар тамхины наймаачидтай холбоотой байсан гэх  Лос Анжелес хотын Олон улсын нисэх буудлын дөрвөн ажилтныг лхагва гаригт баривчилсан талаар France-Presse агентлагаас мэдээллээ. Тээврийн аюулгүйн албанаас (The Transportation Security Administration) эдгээр ажилтанд хар тамхины наймаачдаас хахууль авсан хэрэг үүсгэсэн байна. Нисэх буудлын тэдгээр ажилтнууд зорчигчдын гар тээшийг рентген багажаар шалгадаг байсан бөгөөд тэднийг наад зах нь таван удаа гар тээшээр хар тамхитай цүнх оруулсан хэмээн буруутгаж байгаа гэнэ. Хориотой бараатай цүнхийг нь оруулсныхаа дараа хар тамхины наймаачдаас мөнгө авсан гэж ажилтнуудыг баривчилсан юм. Өнгөрсөн оны хоёрдугаар сараас долдугаар сарын хооронд таван удаа хууль зөрчин, хар тамхитай цүнх оруулсан ажилтнууд наад зах нь 2,4 мянган ам.долларын хахууль авсан АНУ-ын Хар тамхитай тэмцэх албанаас мэдэгдсэн байна. Хэрвээ гаалийн ажилтнуудын буруутай үйлдэл нотлогдвол бүх насаар нь хорих ял оноож магадгүй байгаа юм.
Харин хар тамхины наймаачдын оруулсан хар тамхины талаар тодорхой мэдээлэл өгөөгүй бөгөөд хар тамхины наймаачид хэнтэй холбоотой байсныг хэлээгүй гэнэ.

Н.ТУНГАЛАГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж