Сугирын Халзанхүү 29 настайгаасаа сум удирдсан, насаараа даргын албанд зүтгэсэн. Ардын Их Хурлын депутатаар Дундговиос хоёр удаа сонгогдож ардчилсан шинэ үндсэн хууль батлалцсан ховорхон хувь тохиолтой. Тэр зүгээр суухыг тэвчдэггүй. Өглөө долоон цагт ажил дээрээ ирэх нь түүний насан туршийн “Алтан дүрэм” байж. Өглөөн сэлүүнд өдрийг ажлаа төлөвлөж бодоход тэр нь хамгийн тохиромжтой цаг. Ямар нэг шинэ санаа сэтгэлд нь зурсхийвэл шууд дэвтрээ гарган тэмдэглэдэг зуршилтай. Олон арван жил сум, нэгдлийн дарга, Засаг даргын ажил хийхдээ замд явж байгаад гэнэт л “Алив зогсоотох” гэвэл жолооч нь “Дарга дэвтэртээ ямар нэг юм тэмдэглэх нь ээ” гэж түвэггүй ойлгоно. Саяхан түүнтэй Хулд сумын төв дэх гэрт нь уулзлаа. Аймгийн төв ороод урд шөнө нь ирсэн гэнэ. Ярианы далимд мань хүн өдрийн тэмдэглэлээ гаргаад ирлээ. Том хар дэвтэр дээр өдөр бүрийн ажил төрөл, адал явдлыг хэдхэн өгүүлбэрээр бичиж заншсан. Ийм дэвтэр зөндөөн гээд буланд давхарлан хураасан тав зургаан “Дипломат”-заалаа. Бодвол өөрийн нь сонгогдож оролцож явсан олон удаагийн том том хурал, зөвлөлгөөний бэлгийн цүнхүүд биз. Өө тэгээд дэвтрийг эргүүлтэл шөнө 23 цагт гэртээ ирсэн атлаа урд өдрийн тэмдэглэлээ хөтлөөд амжчихаж, “Дөрөвдүгээр сарын 17. Аймгийн төв орлоо. Очиж явтал Локаторын урд машины дугуй хагарав. Харин “Төөрсөөр төрөлдөө” гэгчээр таньдаг хүн таарч дугуйгаа түвэггүй солиулав. Ноолуурын үнэ уначихаж. Ченжүүд энэ өдөр ноолуур авсангүй. Ченж Ганбаатарын чингэлэгт 116,7 кг ноолуур хадгалуулж орхив. Пунсал /эхнэр нь/ үсээ янзлуулж засуулав. Сум руугаа буцаж 23 цагт ирэв” Энэ тэмдэглэл нэг л өдрийнх нь. Зөвхөн жишээ. Үүнийгээ Халзанхүү “Түүх. Удах тусмаа сонин. Хүүхдүүд хожим үзээд аавынхаа юү хийж яаж амьдарч явсныг эндээс л харна” гэж түүнийгээ хачин олзуурхан ярьж байна. Тэр тэмдэглэл нь жаал ноолуураас нь үнэ цэнтэй зүйл бололтой. Насаараа сум нэгдлийн дарга хийсэн хүн мал малын захтай байлгүй яахав. Юун төлөө мал аж ахуйн дээд боловсролтой мэргэжилтэн билээ. Зоотехникч хүн байна даа. Насны тэтгэвэрт гарсан хүн ч малаа өсгөнөө гээд үзэж тарж. Гурван жилийн өмнө мал нь мянгаар тоологдоод эхэлж. Гэтэл гайтай зуд таарах нь тэр. Олон жил сум удирдахдаа юү эс үзлээ. Ган гачиг, зуд турхан алийг тэр гэхэв. Гэхдээ арай ч дэндүү хатуу жил таарч. Жар гартлаа тийм зуд үзээгүй шиг санагдаж. Луусын Төгрөгийн хонхор хүрээд хаашаа ч гарц байсангүй. Тэр өвлийг дурсахдаа “Төгрөгийн хонхорт л найман зуугаад богоо “Хураасан даа” гэж харамсангуй өгүүлнэ лээ. Эр хүний дотор юү эс бодогдох билээ. Халширсангүй. Зуд зулагтай гэдэг. Малжихаар шийдэн урьд даргаар нь олон жил ажилласан Өлзийт сум орж айлаас зуун бог худалдан авав. Тэр нь хоёрхон жил төллөөд л гурван зуу хүрчихэж байна. Өө тэгсэн мань хүн “Ямаа гэхэд эхний жилд л нуруун дээрээс нь үнийг олоод авч байна. Цаана нь сааль сүү, төл… гээд ороод ирнэ. Мал өсөх ч амархан” гэж одоо сэтгэл хангалуун ярьж байна. Тэднийх отрын гэрээрээ Дэлгэрхангай, Хулд сумын заагт Өвтөд отрын гэрээр хаваржиж байгаа. Тэндээ хоёр мянган га газар хашиж хамгаалалтдаа авчихсан. Энд 14-15 төрлийн ургамал дээхнэдээ ургадаг байсан гэнэ. Хаших үед яаж ч тоолоод 3-4-өөс илүү төрөл олоогүй гэнэ. Өнгөрсөн намар ажиглаадахсан чинь долоо найман төрөл гараад ирсэн байж. Тэгэхээр хашаална, хамгаална гэдэг байгалиа сэргээх цөлжилтөөс аврах нэг арга. Бутны толгой элсэнд дарагдчихсэн байсан. Мань хүн хоёр мянган бутны элс буулган холдуулсан гэнэ. Дараа жил нь бут хачин сайхан ургаж цэцэглэсэн. Тэгэхлээр байгаль хүний эерэг нөлөөлөл үгүйлэгдэж байх нь. Өө тэгээд Халзанхүү “Тал ой” гэж аж ахуйн нэгж байгуулсан. Тал нутгаа ойжуулна гэсэн санаагаар ийн нэрлэсэн. Хашаалсан талбай дотроо хоёр га талбайг давхар хашаад найман зуун хайлаас, хоёр зуун чацаргана тариалсан. Сайхан ургаж байгаа. Тэндээ цахилгаан худаг гаргуулчихсан. Энэ бүхнийг “Тогтвортой амжиргаа” “Жижиг дунд үйлдвэр хөгжүүлэх” зэрэг төслөөр санхүүжүүлээд хийчихсэн. Худгаас мань хүний талбай 204 метр зайтай. Энэ хооронд ус дамжуулах хоолой тавьчихвал санасан хэрэг бүтнэ гэж Халзанхүү ярьж байна. Өө, тэгээд үхрийн нүд зэрэг өөр жимсний мод ч тариад туршсан. Яльгүй усалгаа дутвал үхчихнэ. Үхрийн нүд хөөрхөн ургаад булцайж иртэл нэг хоёр хоногийн усалгаа алдтал хорчийгоод үхээд өгсөн. Амьтай, голтой амьтан үхчих шиг түүнийгээ өрөвдөөд санааширсан гэнэ. Халзанхүүгийн Өвтөд тариалсан ой мөд том төгөл болно. Жимс жимсгэнээ тонн тонноор хураана. Тэнгэрээс хур татна. Элсний нүүдлийг сааруулна. Нөгөө цөлжилтийн аюул алсрана. Нэг гэр бүл л ийм ирээдүйтэй ажлыг барьж авна гэдэг мөн ч сайхан аа. Үүнийг орон нутгийн удирдлага мэдэж л суудаг байх л даа. Харин хаа байгаа Америкаас ирсэн Дэлхийн банкны элч Халзанхүүгийн энэ талбайг үзээд сэтгэл нь хөдөлж “Юм хийж байгаа хүнийг дэмж. Төслөө бич. Дахиад хөрөнгө мөнгө өгөх хэрэгтэй. Ийм л бүтээлч, ирээдүйтэй ажилд төсөл зориулагдах ёстой” гэсэн төдийгүй “Танайд очиноо” гээд отрын жижиг гэр лүү нь дагуулаад давхисан гэнэ. Энэ том хүнийг отрын тав тухгүй гэртээ оруулсандаа мань эр их санаа зовсон ч ажил төрөлдөө дэмжлэг авсанд сэтгэл хангалуун хоцорчээ.
Шинэ ардчилсан Үндсэн хуулийн ойд уригдаж залагдаад нэг хэсэг явсан. Төр хайр хишгээ хүртээж орон сууц худалдан авахад нь зориулж далан сая төгрөг өгсөн. Нэг л өглөө “Аавын дансанд долоогийн ард олон тэгтэй мөнгө ороод ирчихэж” гэж сумын банкинд ажилладаг охин нь тоглоод ч юмуу, сонирхоод ч юмуу утастсан гэнэ. Тэгээд “Улаанбаатар хотын А зэрэглэлийн бүсэд дээр нь нэмэрлээд 82 саяар хоёр өрөө байр захиалчихсан. Энэ наймдугаар сард орно доо. Төрд насаараа зүтгэсэн. Төрийн буян, түмний хайр хоёрыг дааж явах хэрэгтэй юм байна шүү” гэж Халзанхүү сэтгэл догдлолоо барьж ядан өгүүлж сууна.
“Тал ой”-н төгөл ой болноо. Говийг ойжуулна гэж яадгийг тэр үзүүлнээ.
Зураг дээр: С.Халзанхүү гэр бүлийнхэнтэйгээ
С.ПҮРЭВСҮРЭН