Мэргэжлийн байгууллагуудын ажлыг дүгнэв

Хуучирсан мэдээ: 2012.04.26-нд нийтлэгдсэн

Мэргэжлийн байгууллагуудын ажлыг дүгнэв

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал өнөөдөр боллоо. Хурлаар 2011-2012 оны өвөлжилтийн бэлтгэл хангасан байдал, өвөлжилт өнгөрүүлсэн дүн, сүүлийн 4 жилийн өвөлжилт өнгөрүүлсэн нэгдсэн дүнг хэлэлцээд дүүрэг, мэргэжлийн байгууллагуудыг хамтын хүчин чармайлтаар сайн ажилласан гэж дүгнэлээ.

2011-2012 оны халаалтын улирлын хугацаанд Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжид холбогдсон хэрэглэгчдийг тав тухтай өвөлжүүлэх үүднээс улсын төсвийн хөрөнгөөр 6 магистраль шугамын өргөтгөлийн ажил, нийслэлийн төсвийн хөрөнгөөр Чингэлтэй дүүрэгт хонгилын систем барих зэргээр дулааны шугам сүлжээний өргөтгөл шинэчлэлийн ажил хийсэн байна. Мөн “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК, ОСНААУГ, СӨХ хамтран өмнөх жилүүдэд халаалтын гомдол санал их гардаг байсан орон сууцны дотор систем бөглөрөлттэй байрнуудын халаалтын системийг угаах, солих ажлыг гүйцэтгэж, нийтдээ 275 айлын халаалтын дотор системийг сольсон байна. Төвлөрсөн дулаан хангамжийн системд зуны засварын хугацаанд их засвар шинэчлэлтийн ажил, урсгал засварын ажлыг чанартай хэрэгжүүлсний үр дүнд халаалтын улирлыг ноцтой осол, горимын доголдолгүй өнтэй өнгөрүүлжээ.

Халаалтын зуухны ашиглалт, зохицуулалтын газраас Улаанбаатар хотын тусгай зөвшөөрөл эзэмшигч 11 компанийн 33 халаалтын зуухны үйл ажиллагаа, урсгал болон их засварын ажилд удаа дараа шалгалт хийж, хяналт тавин, мэргэжлийн туслалцаа үзүүлж ажилласны үр дүнд өвлийг амжилттай даван туулжээ. Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо Цагаан даваа орчмын 40 гаруй халаалтын зуухыг төвлөрсөн дулаан хангамжийн системд холбох ажлыг хийж, өнгөрсөн оны 11 сард ашиглалтанд оруулсан байна. Одоо Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Дэнжийн-1000 орчим болон Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо Цагдаагийн академи, УС-15 халаалтын зуух орчмын хэрэглэгчдийг төвлөрсөн дулаан хангамжид холбох ажлыг эхлүүлэх юм.

Цахилгаан хангамжийн хувьд зуны засварын чиглэлээр 16, их засвар хөрөнгө оруулалтын чиглэлээр 24 ажлыг бүрэн хийсний үр дүнд өнгөрсөн өвөл цахилгаан түгээх сүлжээний хэмжээнд томоохон тасралт саатал, осол гаргалгүй ажиллажээ. Сүүлийн жилүүдэд нийслэлийн хүн ам өсөн нэмэгдэхийн хэрээр цахилгаан эрчим хүчний хэрэглээ ихэссэнтэй холбогдон зарим дэд станцуудын трансформаторууд хэт ачаалалд орж, хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр хязгаарлахад хүргэж байсан. Тиймээс найдвартай ажиллагааг дээшлүүлж, түгээх чадлыг нэмэгдүүлэх үүднээс Баянзүрх, Баянгол, Сонгино, Өлзийт, Гачуурт, Яргайт, Баянхошуу гэсэн 7 дэд станцад чадал нэмэгдүүлэх зохицуулалт хийжээ. Мөн агаарын бохирдлыг бууруулах хязгаарлалтын бүсэд хамрагдсан хэрэглэгчдийн цахилгааны ачаалал огцом нэмэгдэж, хэт ачаалагдсан зарим хэрэглэгчийн трансформаторуудын ачааллыг бууруулж ажилласан байна.

Хотын ус хангамж ариутгах татуургын хувьд өвлийн улиралд цэвэр бохир усны шугамын найдвартай ажиллагааг хангаж, цэвэр усны 350 км, бохир усны 146 км, гэр хорооллын цэвэр усны 173 км шугам сүлжээнд өдөр тутмын эргүүл шалгалтыг тогтмол хийж, гарч болзошгүй хүндрэлээс сэргийлж ажиллажээ. Өдөрт дунджаар ус зөөврийн 47 автомашин ажилд гарч, гэр хорооллын хэрэглэгчдэд үйлчилсэн байна.

Нийслэлийн нийтийн тээврийн салбарт өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд 2,8 тэрбум төгрөг зарцуулж, 25 ажлыг хэрэгжүүлсний үр дүнд өвлийн улиралд хотын нийтийн тээвэр гэмтэл сааталгүй ажиллаж, зорчигчдод тав тухтай, чирэгдэлгүй үйлчилжээ.

2011-2012 оны өвөл Улаанбаатар хотод 14 удаа цас орсон бөгөөд 380 тонн давс, 85 тонн бодис цацаж хальтиргаа, гулгааг арилгасан байна. Ийнхүү мэргэжлийн байгууллагууд дор бүрнээ хариуцсан ажлаа сайн зохион байгуулж, иргэдийг хүндрэл чирэгдэл багатай өвөлжүүлж буйд хотын дарга талархал илэрхийлээд сайн ажилласан байгууллага, хувь хүмүүсийг шагнаж урамшуулахаар боллоо. Мөн өмнөх амжилтаа бататгаж, шинээр хийх ажлуудаа хуваарь, төлөвлөгөөний дагуу чанартай гүйцэтгэн, 2012-2013 оны өвөлжилтийн бэлтгэлийг сайн хангахыг үүрэг болгосон юм.

Эх сурвалж: www.ulaanbaatar.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж