Эдийн засагчдын тооцоолсноор АНУ-д сургалтын төлбөрийн зээлийн нийт төлбөр нэг их наяд ам.долларт хүрсэн байна. Нью-Йоркийн Манхэттенд болсон жагсаалд оролцсон оюутнууд болон их, дээд сургууль төгссөн иргэд АНУ-ын Засаг захиргааг иргэддээ дээд боловсрол эзэмших боломж олгохыг шаарджээ. Дээд боловсрол эзэмшихийн тулд их хэмжээний өрөнд унаж байгааг жагсаалд оролцогсод эсэргүүцсэн юм. Жагсаалд оролцогсод бүгд энгэртээ өөрсдийн зээлийн хэмжээг бичсэн бичиг зүүсэн байжээ. Ихэд уурссан зарим оюутнууд өөрсдийн зээлийн бичиг баримтыг шатаасан гэх мэдээлэл ч байна.
Өдгөө 31 настай шүдний эмч Хади Нассар хэлэхдээ найман жил анагаахын сургуульд сурсны дараа 186 мянган ам.долларын өртэй болсон гэж ярьсан бөгөөд өрөө төлөхийн тулд тусламжийн байгууллагад ажиллаж чадахгүйд хүрсэн гэжээ. Тэрээр “Би хүмүүст туслахын тулд энэ мэргэжлийг эзэмшсэн. Харин тусламжийн байгууллагад ажиллах юм бол өрөө хэзээ ч төлж чадахгүйд хүрнэ. Энэ байдалд их бухимдаж байна” гэж сэтгүүлчид ярьсан байна.
Жагсаал зохион байгуулсан оюутнууд сургалтын төлбөрийн зээлийг бусад зээлтэй харьцуулсан судалгааг хийсэн хийсэн бөгөөд АНУ-ын Засаг захиргаа оюутнуудад туслахгүй бол банкуудын үйл ажиллагаа ч хэцүү болно гэжээ.