Хуучирсан мэдээ: 2012.04.26-нд нийтлэгдсэн

Учир юу вэ гэвэл, өнөөдрийн Монголчууд бид олон улсын жишигт нийцсэн хөрөнгийн биржтэй, эрх зүйн орчинтой болохыг хүсч байгааг далимдуулан Лондонгийн бирж, түүнтэй хамтарсан хүмүүс Хөрөнгийн биржийг шинэчлэх нэрийн дор эрх зүйн орчинг эдийн засгийн алуурчдад зориулж бүрдүүлэх  нөхцөл байдал бий болоод байна.

Жил гаруйн өмнө Хөрөнгийн биржийн удирдлагын багийг сонгон шалгаруулах тендерт бараг ганц хуудас цаасаар тендер шалгаруулалт явагдсаныг саанаж байгаа байх аа. Тухайн үед сонгон шалгаруулалтын сүүлийн шатанд NASDAQ болон Солонгосын хөрөнгийн биржийн хүчтэй багууд үлдээд байсан ч тендерийг хүчингүй болгож, шууд гэрээ байгуулах нэрийн дор хамгийн тааруу гэмээр санал ирүүлсэн багийг Ерөнхий сайд Лондонд айлчлахдаа шалгаруулах тухай шийдвэр “гаргаж”  байсан билээ. Гэхдээ бид дэлхийн топ биржүүдийн нэг шалгарлаа л гэж бодож байсан. Тухайн үед Лондонгийн хөрөнгийн биржийн Үнэт цаасны газрын захирал хатагтай Трейси Пирс Монголд хүрэлцэн ирж хэвлэлийн бага хурал хийлгэхдээ “Лондонгийн хөрөнгийн биржийн хувьд Монголын компаниудад гадаадын хөрөнгө оруулалт хийх, танай хөрөнгийн зах зээлийг хөгжихөд мэргэжлийн тал дээр зөвлөгөө өгч хэрхэн туслаж болох вэ гэсэн хоёр асуудал дээр анхаарал хандуулна” гэж байсан. Гэтэл өнөөдөр МХБ дээр Лондонгийн хөрөнгийн биржийн удирдлагын хэдэн хүнтэй баг ажиллаж байгаа вэ?

Сард ердөө 14 хоног ажиллаад сарын 350.000 долларын  /бараг хагас тэрбум төгрөгийн / цалин авдаг Билл Горман гэдэг зөвлөх ажиллаж байгаад өнгөрсөн оны сүүлээр буцсан сурагтай. Тэрээр Мэдээллийн системийн мэргэжилтэн бөгөөд  Армен, Бангладеш, Египет, Гана, Энэтхэг, Иран, Йордан, Леван, зэрэг орнуудад  хөрөнгийн зах зээлийн салбарын төсөлд ажилласан туршлагатай ба  хамгийн сүүлд Вьетнамд ажиллаж байгаад хугацааг нь дуусгалгүй ажлаа орхисон гэдэг мэдээлэл байдаг. Тэгэхээр манайд зөвлөгөөгөө өгч дуусгаад буцсан уу, эсвэл гэдэг асуулт хариултгүй үлдээд байна. Хөгжил дорой орнуудын хөрөнгийн зах зээлийг хөгжүүлж гаргаж ирээд үүнээсээ ашиг олчихоод хаядаг барууны хөрөнгө оруулагчдын шалгарсан “муу” арга байдаг, үүний сүүлчийн жишээ нь өнөөгийн Бангладеш гэж дэлхийн хэвлэлүүд бичиж байна. Чухам ийм явдал манайд давтагдах юм биш байгаа? гэж зарим хүмүүс санаа зовж байна.  

Өнөөдөр Хөрөнгийн бирж дээр мэдээллийн ситем нэвтрүүлэхээр хэдэн Шри Ланк хүмүүс л ажиллаж байна. Эдгээр хүмүүс бол Лондонгийн хөрөнгийн биржийн охин компани болох “Millenium IT” компанийн мэдээллийн системийг Хөрөнгийн биржид нэвтрүүлж байгаа мэргэжилтнүүд юм. Тэд бол гүйцэтгэх ажилтнууд бөгөөд лав л удирдлагын багийн хүмүүс биш бололтой. Нэвтрүүлж буй Шри Ланкийн систем нь Монгол хэл дээр орчуулагдаагүй, Монголчууд өөрсдөө засвар хийх ямарч эрхгүй, ямар нэг засвар, сайжруулалт хийвэл Лондонд очих эсвэл Лондонгоос өндөр хөлстэй цагийн ажилтан авч ирж засдаг байдлаар ажиллаж байна. Яг үнэндээ энэхүү системийг бидний ойлгож байгаачлан Лондонгийн хөрөнгийн бирж ашигладаггүй юм билээ, тэр ч байтугай Шри Ланкийн хөрөнгийн биржид ч бүрэн гүйцэд ашиглагддаггүй систем.
 
Аль ч улсын хөрөнгийн биржийн арилжаа нь тухайн улсын үндэсний хэл дээр явагддаг бол Монголын хөрөнгийн биржийн арилжаа нь англи хэл дээр явагдахаар болж байна.  За хэлний асуудал ч дүүрч гэхэд энэхүү системээр хувьцаа, бонд л арилжаалж болох юм байна. Өөрөөр хэлбэл хөрөнгийн зах зээлийн дараагийн хөгжлийн шат болох дериватив, фьючерс энэ тэр арилжаалах боломжгүй гэсэн үг.

Хэдийгээр Хөрөнгийн биржийн мэдээллийн системийг нэвтрүүлэхэд бид “шинэ дугуй” зохион бүтээх шаарлагагүй ч гэсэн Монгол орны өөрийн гэх онцлог, хөгжлийн ирээдүйг энэхүү системд тусгах шаардлага зайлшгүй гарах бөгөөд ингэх бололцоо одоогор байхгүй буюу эсвэл маш өндөр үнээр хийх болж байна. Өөрөөр хэлбэл гаднаас худалдан авч байгаа системээ дотоодын хууль, журмын шаардлагыг тусгах биш гадны энэ системд Монголчууд хууль, журам, заавраа нийцүүлэх болж байна гэсэн үг. Энэ нь хөрөнгийн зах зээлийн хөгжлийг нээлттэй, чөлөөтэй хөгжүүлэх боломжийг хааж байна. Өнөөдөр энэхүү системийн туршилт бүрэн дуусаж амжилттай ажиллах эсэх нь эргэлзээтэй байхад Монголын хөрөнгийн биржийн удирдлагууд нь брокерийн пүүсүүдэд хэрэглэгддэг программ /back office/-ийг Пүүсүүдэд өндөр үнээр шахахаар дарамт шахалт үзүүлж байна. Эдгээр нь Монголын хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх, МХБ-ийг олон улсын жишигт хүргэх гэхээсээ илүү хэдхэн хүний бизнесийг л дэмжсэн үйл ажиллагаа болж байна. Гэтэл хөрөнгийн бирж анх байгуулагдсан цагаасаа өнөөдрийг хүртэл Монгол инженерүүдийн зохион бүтээсэн програм хангамжийг ашиглаж байгаа мөртлөө Back Office-ийн системийг үндэсний программын компаниудаар хийлгүүлэхгүй байх арга саам хайж программын холбоосыг өгөхгүй, хэрвээ авбал 500,000 ам.доллар буюу 675,000,000 төгрөгөөр ав гэдэг шаардлагыг тавьж байна.

Өөрөөр хэлбэл эрх зүйн шинэчлэлийн хувьд ч, мэдээллийн системийн хувьд ч хийж байгаа шинэчлэлд итгэл төрөхгүй байна. Хэрэв энэ систем магадгүй жилийн дараа ч юмуу ашиглах боломжгүй болбол хариуцлагыг нь хэн үүрэх вэ?

“Millennium IT”  системийг  Шри Ланкаас Лондонгийн хөрөнгийн бирж ямар үнээр худалдан авсан, одоо ашигладаг эсэх, Монголын хөрөнгийн бирж ямар хэсгийг нь ямар үнээр авч байгааг мэргэн уншигч та интернэтийн ертөнцөөр аялж мэдээрэй.

Г.СЭЛЭНГЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж