Шатахуун импортлогч компаниуд 2012 оны нэгдүгээр сарын 6-ны өдөр шатахууны үнийг үндэслэлгүйгээр 210-260 төгрөгөөр нэмсэн тул нэр бүхий найман компанид 17,2 тэрбум төгрөгийн торгууль ногдуулсан байсан юм. Харин Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Б.Лхагва тус газрын даргын албан тушаалыг авсныхаа дараахан тогтоол гаргаж, улсын байцаагчийн шийдвэр бүхий 17 тэрбум төгрөгийн торгуулийг хүчингүй болгосон билээ. Харин Монголын Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн үндэсний холбооныхон шатахуун импортлогч нарт ногдуулсан торгуулийг хүчингүй болгосоныг дэмжиж байгаа юм байна. Тэд, “Шатахууны үнийг нэмэхийг Эрдэс, баялаг, эрчим хүчний дэд сайд Б.Ариунсан хурлын үеэрх тогтоолоороо хэлээд өгчихсөн. Үүнийг дагаад компаниуд үнээ нэмсэн. Төрийн зүгээс ингэж үнэ нэмэх суурийг нь тавьж өгчихөөд, эргүүлээд торгууль ногдуулсан нь буруутай” хэмээж байлаа.
Түүнчлэн МҮЭХ-ны ерөнхийлөгч С.Ганбаатарыг Монголын Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн үндэсний холбооноос уучлал гуйхыг шаардаж буй талаар хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн юм. Тус байгууллагынхан, МҮЭХ-ны ерөнхийлөгч С.Ганбаатар дөрөвдүгээр сарын 25-ны өдрийн “Зууны мэдээ” сонинд өгсөн ярилцлагадаа “Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах зорилготой байгууллага өөрсдөө луйварчид” хэмээн ярьсан нь Монголын Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн үндэсний холбооны нэр хүндэд халдсан үйлдэл хэмээн үзэж, хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр уучлал гуйхыг шаардаж байгаа аж.
Монголын Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн үндэсний холбооны гүйцэтгэх захирал М.Ганжолоогоос зарим зүйлийг тодрууллаа.
-Шатахуун импортлогч нарт торгууль оноосныг хүчингүй болгосонд танай холбооны зүгээс ямар байр суурьтай байгааг дэлгэрүүлбэл?
-Зах зээлд төрийн зүгээс шаардлагатай тохиолдолд зарим зохицуулалтыг хийнэ гэж хуулинд тусгасан байдаг. Манай холбооны зүгээс нефть импортлогч компаниудад тавьсан торгуулийг хууль бус гэж үзэж байгаа. Үгсэн хуйвалдаж үнээ нэмсэнд төр оролцоотой учир төр буруутай. Дэд сайд Б.Ариунсан шатахууны үнэ нэмэгдсэнд тодорхой арга хэмжээ аваагүй, харин ч үнэ хөөрөгдөх үндсийг нь тавьж өгсөн гэж хэлэхээр байна.
-Яагаад гэдэг үндэслэлийг нь тайлбарлахгүй юу?
-Өрсөлдөөний тухай хуулийн 11.1-т аж ахуй эрхлэгчид өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн дараах картель буюу үгсэн хуйвалдах, тогтоол байгуулахыг хориглоно гэж заасан байгаа. Төрийн байгууллагаас оролцох эрх зүйн үндэс байхгүй. Шатахууны үнийг 1800 төгрөгөөс дээш гаргах ямар ч үндэс байхгүй нь илэрхий болчихоод байхад дэд сайд Б.Ариунсан хурлын үеэрх тогтоолдоо “Долларын ханш өссөн нь бодит шалтгаан болж, дизелийн түлш-1885 төгрөг, АИ92-1850 төгрөг, А80-1550 төгрөгнөөс хэтрүүлэхгүй байх хэрэгтэй” гэж оруулсан. Үүний дагуу шатахуун импортлогч компаниуд үнээ нэмсэн. Бас нэг асуудал бол үнийн өсөлтийн талаарх Өрсөлдөөний тухай хууль дутуу болсон. Үнийг ямар нэгэн байдлаар барих зохицуулалт байхгүй, зөвхөн монополь эрхийн тухай заасан байна. Ер нь үнээ аливаа байгууллага бараа, бүтээгдэхүүнийнээ үнийг нэмэхийн тулд хууль хяналтын байгууллага, төрөөс ямар нэгэн зөвшөөрөл авах хэрэгтэйг хуулинд нэмэх шаардлагатай.