Хулгайлагдсан хүүхдүүдийн хэрэг Испанийг донсолгов

Хуучирсан мэдээ: 2012.04.26-нд нийтлэгдсэн

Хулгайлагдсан хүүхдүүдийн хэрэг Испанийг донсолгов

Испанийн гэлэнмаа Мария Гомезын 1982 онд хүүхэд хулгайлсан хэрэг хулгайлагдсан олон зуун хүүхдийн хэргийг сөхөж, үүний цаана гэмт хэргийн нууц сүлжээ байсныг илчиллээ.

Мария Гомез бол католик сүмийн 87 настай гэлэнмаа юм. Түүнийг 1982 онд хүүхдийг төрүүлсэн эхээс нь хулгайлж, өөр айлд хууль бусаар өргүүлсэн хэрэгт буруутган энэ дөрөвдүгээр сард шүүхэд дуудсан юм. Шүүхэд мэдүүлэг өгөхөөс татгалзаж, ганц ч үг дуугараагүй Мария Гомезийг шүүх танхимаас гарч ирэхэд түүнийг үзэн ядаж, хорссон эцэг эхчүүд шүүх ордны гадна хүлээж байжээ. Хэдэн зуу, хэдэн мянга ч байж мэдэх тэдгээр хүүхдүүдийг эмнэлэгт төрсөн даруйд нь хулгайлж, хүүхэдтэй болохын хүслэн болсон баян айлд өргүүлдэг байсан гэдэг.

Испанийн яллагчид 1950-аад оны сүүлчээс саяхныг хүртэл буюу 1990 оны сүүлч хүртэлх хугацаанд хулгайлагдсан 2,000 гаруй хүүхдийн хэргийг шалгаж байгаа бөгөөд хулгайлагдсан хүүхдийн тоо хэдэн зуугаар зогсохгүй, хэдэн арван мянга ч байж магадгүй  байгааг онцолж байна. Ийм хэрэгт католик сүмийн гэлэнмаа нэр холбогдсон нь олныг цочирдуулсан юм. Гэвч Испаничуудын дунд зөвхөн таамаг төдий яриа байсан энэ хэрэгт сэжиглэгдэж буй эхний хүн нь Мария Гомез гэлэнмаа болж байна. Мария гэлэнмаа шүүхэд дуудагдсаныхаа маргааш хүүхдийг эмнэлгээс хулгайлсан ганц ч тохиолдлыг мэдэхгүй гэсэн мэдэгдэл гаргасан юм. Тэрбээр “Би хүүхэд хулгайлж, эхийг нь заналхийлж байгаагүй. Хүүхдийг төрүүлсэн эхээс нь салгана гэдэг бол аймшигтай хэрэг” гэжээ. Испанид жинхэнэ шуугиан дэгдээж буй энэ хэргийн хохирогчдын нэг Хуан Луис Морено багийн найзынхаа хамтаар хулгайлагдсан хүүхдүүдийг олж тогтоон, төрүүлсэн эцэг эхтэй нь уулзуулах хөдөлгөөн өрнүүлж байгаа аж. Хуан Луис Морено, түүний багийн найз Антонио Барросогийн аав ээж нар тэс өөр сонирхолтой, өөр өөр ажил эрхэлдэг хүмүүс байсан ч жил бүр гэр бүлээрээ Зарагоза хотод очиж амардаг байжээ. Харин Моренод аав нь нас барахын өмнө түүнийг өргөж авснаа хэлжээ. Түүний найз Барросог ч мөн аав ээж нь төрснийх нь дараа өргөж авсан бөгөөд тэднийг өргүүлсэн гэлэнмаад хоёр айл жил бүр өргөл өргөдөг байсныг ч хэлсэн байна. Гэлэнмаа нар хүүхэдтэй болохын хүслэн болсон баян, залуу хосуудаас зөвхөн хүүтэй, эсвэл охинтой болохыг хүсч байгааг л асуудаг байжээ. Мореногийн хэлснээр түүний өргөж авсан аав нь гэлэнмаа нарт жирийн ажилчин гэр бүлийн орлогоос хэд дахин илүү мөнгө төлсөн аж. Хачирхалтай үнэнийг олж мэдээд галзууртлаа уурласан Морено, Барросо нар хэргийн эзнийг олохоор гэлэнмааг хайж эхэлжээ. Гэвч тэр бол гэлэнмаа Мария Гомез биш. Гэлэнмаа эхэндээ Мореногийн аав ээжийг танихгүй, тэднээс мөнгө авч байсан гэдгээ огт хүлээн зөвшөөрөхгүй байсан ч хэрэв үнэнийг хэлэхгүй бол өөрт нь муу юм болно гэж сүрдүүлсний дараа тэдний эцэг, эхийг таньдаг болж таарчээ.

Морено , Барросо нар Испанийн хулгайлагдсан хүүхдүүдийн ассоциацийг байгуулсан юм. Тус ассоциацийг байгуулагдсанаас хойш үр хүүхдээ алдсан, төрүүлсэн эцэг эхээсээ төөрөлдсөн хүүхдүүд итгэл найдвар тээн, тэднийг зорих болсон гэнэ. Тус ассоциаци тэдгээр хүмүүсийн ДНХ-г бүртгэж, мэдээллийн нэгдсэн сан байгуулж байгаа аж.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж