Өмгөөлөгчдийн талаархи хэдэн үг

Хуучирсан мэдээ: 2012.04.26-нд нийтлэгдсэн

Өмгөөлөгчдийн талаархи хэдэн үг

Өмгөөлөгч О.Алтангэрэлийн булан үргэлжиж байна.

“Өмгөөлөгчид хүний тө­лөө биш мөнгөний төлдөө ажил­ладаг”. “Өмгөөлөгч шүүхийг хүндэтгэсэнгүй”. “Шүүх хурал хойшлоход өмгөөлөгчид нөлөөлдөг” гэх зэргээр зориуд гуйвуулсан, эрх мэдэл гарт нь төвлөрсөн шүүх прокурорыг өмгөөлсөн шинжтэй мэдээлэл сүүлийн үед ихээр цацагдах боллоо. Аливаа хэрэг маргаан гэдэг өөр сонирхолтой, эсрэг талуудын хоорондын тэмцэл байдаг учраас бие биенээ дайрах, хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэр хүндийг нь унагах зэрэг нь байдаг л зүйл. Харин ийнхүү тэмцэлдэхдээ өмгөөлөгчдийг хавчуулан дайрч, нэр хүнд, үнэлэмжийг нь унагаж буй нь шинэлэг зүйл болоод байна.

О.Дашбалбар агсан нэгэн шүлэгтээ “Өнөөдөр чи инээж, тэр уйлж байвч маргааш тэр инээж чи уйлна” гэсэн байдаг. Тэгвэл тэрхүү уйлж буй талд байж, зовлонг нь нимгэлэн, эрх ашгийг нь хамгаалахын төлөө ажилладаг хууль зүйн цорын ганц мэргэжил бол өмгөөлөгч юм. Өөрийн мэдлэг боловсролоо ашиглан үйлчлүүлэгчдээ тусалж, түүний эрхийг хамгаалахын төлөө ажилладаг, төрөөс ямар нэг хамааралгүй, эрх мэдэлгүй хэрнээ эрх мэдлийн өөдөөс тэмцэх хүч тэнцвэргүй тулалдаанд оролцоход бэлэн байдаг өмгөөлөгчийн мэргэжил дэлхийд хүндтэй. Тэд өөрийн ажил үүргийг гэрээний үндсэн дээр, төлбөртэйгөөр явуулдаг нь үнэн. Гэхдээ талхчин талхаа зарж, уурхайчин хөлсөө дуслуулж мөнгө олдгийн нэгэн адил өөрийн мэдлэг боловсрол, туршлагаа тодорхой хэмжээгээр үнэлж, ажил үүргээ гүйцэтгэж байгаагийнх нь төлөө “Мөнгөний төлөө ажилладаг” хэмээн өмгөөлөгчийг буруутгах нь дэндүү шударга бус. Ийнхүү буруутгах хэрнээ жилд 2-оос доошгүй төлбөрийн чадваргүй иргэнийг өмгөөлөх үүргээ гүйцэтгэж, зарим нэгнийх нь төлөө хэдэн жилээр ч үнэ хөлсгүй ажилладаг өмгөөлөгч нарт төр засгийн зүгээс дэмжлэг үзүүлдэггүй юм аа гэхэд ядаж л баярлалаа гээд хуудас талархал өгчихдөггүй л юм даа. “Хүнсний дэлгүүр бүхэн жилд хоёр удаа үнэгүй талх тараа” гэсэн хуультай бол хэчнээн эсэргүүцэл гарч, хэд нь биелүүлэх бол, гэтэл зарим өмгөөлөгчийн хөлс цагийн хэдэн зуун мянгаар яригддаг юм шүү дээ.
Долоодугаар сарын 1-ний хэрэг явдал болсны дараа залуучуудыг хоморголон шийтгүүлэхгүйн төлөө Монголын өмгөөлөгчид хэчнээн тэмцсэн гэж санана. Анхан болон давж заалдах шатны шүүхээр нэгэн хэв загварт баригдсан үндэслэл муутай, зөвхөн яллах талыг баримталсан саарал шийдвэрүүд урсаж байхад шүүхийн танхимд хамгийн их тэмцэлдэж, бачуурч байсан хүмүүс өмгөөлөгчид гэдгийг тэрхүү залуучууд санаж л байгаа байх. Улсын дээд шүүхийн шүүгч “Манай намын байрыг шатаасан нөхөр” гэж хэлснийг илчилсэн, прокурор нь “дээрээс үүрэг чиглэл өгсөн” гэж ам алдсаныг олон нийтэд дэлгэсэн хүмүүс бол өмгөөлөгчид. Гэтэл өнөөдөр болохоор “Цагдаагийн дарга нарыг өмгөөлдөг хэрнээ шийтгэгдсэн залуучуудыг өмгөөлөөгүй” гэж гүтгүүлээд байгаа хүмүүс нь бас л өмгөөлөгчид болоод байна.

Өмгөөлөгч хүнд үйлчлүүлэгчийнх нь хөрөнгө чинээ, шашин шүтлэг, мэдлэг боловсрол, албан тушаал, нийгмийн гарал зэрэг нь огт хамаагүй. Өмгөөлнө гэж гэрээ байгуулсан л бол тэрхүү этгээдийнхээ эрх ашгийг хамгаалахын төлөө ажилладаг. Өөрөөр хэлбэл хамгийн “ардчилсан” хууль зүйн мэргэшил юм.

Хүний эрхийг дээдэлдэг, ардчил­лыг бэхжүүлж чадсан орнуудад өмгөөлөгчийн эрх хэмжээ өндөр, тэр хэрээрээ хариуцлагатай ажиллах шаард­лагатай болдог. Иргэн хүн хууль зүйн туслалцаа авч байна гэдэг нь төрийн буруутай үйл ажил­ лагаанаас болж хохирохгүй байх урьдач нөхцөл болдог тул тэрхүү хууль зүйн туслалцааг үзүүлэгчийн эрх хэмжээ өндөр байх тусам иргэн хүний эрх чөлөөний баталгаа болж байдаг.  Өмгөөлөгч хүний боломж хязгаарлагдмал, эрх хэмжээ сул байх тусам дарангуйлагч төр иргэн хүнийхээ эрхийг зөрчинө. Өнөөдөр манай улсад яг ийм л байна.

Хэтэрхий хоцрогдсон, нэн даруй өөрчилбөл зохих Эрүүгийн хууль тогтоомжтой, өмгөөлөгчийн эрхийг дуртай цагтаа хязгаарлаж, ажил үүргээ гүйцэтгэснийх нь төлөө хорих хүртэл арга хэмжээ авдаг шүүхтэй байгаа энэ нөхцөлд хүний эрхийг хамгаална гэдэг бэрх ажил болчихоод байна. Яллах болон өмгөөлөх талуудын мэтгэлцээн дундаас шийдвэрээ гаргах ёстой шүүх нь яллах талтайгаа нийлээд эрх мэдэл ч үгүй хэдэн өмгөөлөгч нар руу дайрч, ажлынхаа хамаг булхай, алдаа завхралыг өмгөөлөгч нарт тохчихоод сууж байгаагийн гол хохирогч нь жирийн иргэд юм. Шүүгч, өмгөөлөгч, прокурор гэсэн хууль зүйн мэргэшлүүдийг боловсрол, гавьяа шагналаар нь харьцуулаад үзвэл ихээхэн сонирхолтой үзүүлэлт гарна. Хууль зүйн ухааны доктор гэхэд л нийт шүүх, прокурорын хэмжээгээр өдрийн од шиг, бараг л байхгүйтэй адил байдаг бол өмгөөлөгч нарын дунд хэдэн арваараа байдаг. Тэгсэн хэрнээ одон медаль, гавьяа шагнал болохоор өнөөх шүүх прокурор нь тасархай тэргүүлнэ. Гавьяат хуульч хэмээх шагнал тэдний дунд хэвийн үзэгдэл болсон байдаг бол нийт өмгөөлөгчдийн хэмжээнд ганцхан ширхэг гавьяат хуульч байдаг. Өмгөөлөгчдөд төр засаг нь хүртэл ад үзэх маягаар хандаж, шүүх, прокурорыг чухалчилдгийн ганцхан жишээ энэ.

Шүүгчийн хараат бус, бие даасан байдалд нөлөөлөх гэж байна, нөлөөлж байна гэж их ярьж бичдэг. Гэтэл өмгөөлөгчийн бие даасан, хараат бус байдал гэж бас бий. Энэхүү бие даасан, хараат бус байдал өдөр тутамд суларч, иргэн хүний эрхийг хамгаалахад нь тулгардаг бэрхшээлүүд цаг  тутам нэмэгдэж байгаа. Бие биесээ хамааралгүй байх ёстой шүүх прокурор хоёр нэг тал болж нэгдэх, төрөл бүрийн шалтгаар өмгөөлөгчид арга хэмжээ авах, өмгөөлөгчид гаргасан уураа үйлчлүүлэгчид нь гаргаж элдвээр хяхаж хавчих, гаргасан хууль ёсных нь хүсэлтийг огт шийдвэрлэхгүй байх, үл тоомсорлох зэрэг үзэгдэл ерөнхийдөө хавтгайрлаа.

Хүний эрхийн нэгэн том баталгаа анзаарагдалгүйгээр, бага багаар алдагдаж байхад энэ талаар төрийн зүгээс ямар нэг арга хэмжээ огт авахгүй байгаа нь гайхмаар зүйл биш ээ. Учир нь өмгөөлөгч хүн ямар нэг эрх мэдэлгүй, сул дорой байх нь төр, өөрөөр хэлбэл эрх мэдэлтнүүдэд л ашигтай. Тэгэхээр энэ асуудалд төрөөс анхаарна гэж найдаад ч дэмий.

Нөхцөл байдал өнөөдрийнхөө хэвээр удаан байвал чадалтай сайн залуучууд эрүүгийн хэрэгт огт оролцохоо болино. Шүүх прокурорын үгнээс гардаггүй, жижүү­рийн хэдэн үгээ хэлээд дүр үзүүлээд суудаг хэсэг бүлэг хүмүүс л энэ салбарт үлдэх байх. Ингэсэн тохиолдолд шүүхийн шинэтгэл гэж хэчнээн хашгираад ч нэмэргүй. Учир нь тэрхүү шинэтгэлийн зорилго, амин сүнс нь хүний эрхийг хамгаалахад оршдог юм.

Тийм учраас Эрүүгийн хууль тогтоомжийн шинэтгэлийг хийхдээ өмгөөлөгчийн эрх хэмжээг нэмэг­дүүлэх, ядаж л нотлох баримт цуглуулах эрхтэй болгон шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэхэд оролцогч бусад субьектээс хамааралгүй болгох (үгэнд нь орохгүй байгаа өмгөөлөгчид арга хэмжээ авах, үйлчлүүлэгчийг нь дарамтлах гэх мэт үйл ажиллагааг таслан зогсоох) нь нэн чухал байна. Энэ нь өмгөөлөгчийн төлөө биш, өмгөөлүүлэх эрхтэй иргэн хэн бүгдийн төлөө хийх ёстой, үндсэн хуулиар заагдсан төрийн чиг үүрэг мөн.

Америкийн эрх чөлөөний хөшөөг хүн болгон мэднэ. Францад бүтээж Америкт сүндэрлүүлсэн тэрхүү хөшөөг харах болгонд, бамбар барин зогсоо эмэгтэй нь бодит хүн байсан бол өмгөөлөгч мэргэжилтэй байх гэж өөрийн эрхгүй бодогддог. Учир нь хүний эрхийг хамгаалах ариун үйлсийн тэргүүн шугаманд өмгөөлөгч хүн яг л тэр хөшөө шиг, тууштай зогсч байдаг юм.

"УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж