Тунисийн Ерөнхийлөгч Башар Асадад зөвлөв

Хуучирсан мэдээ: 2012.04.26-нд нийтлэгдсэн

Тунисийн Ерөнхийлөгч Башар Асадад зөвлөв

Тунис улсын Ерөнхийлөгч Монсеф аль-Марзуки лхагва гаригт Сирийн Ерөнхийлөгч Башар Асадад хандан, сайн дураараа засаг захиргаагаа өгөх хэрэгтэйг сануулсан тухай Ройтерс  агентлаг мэдээлжээ. 

Тэрбээр “Байдал одоо тодорхой болсон. Башар Асад амьд байх үедээ өөрийгөө болон гэр бүлээ аварч, Сири улсыг орхисон нь дээр гэж бодож байна. Башар Асадын эсрэг олон мянган гэм зэмгүй хүний амь насыг хохироосон хэрэг угаасаа үүснэ. Тиймээс одоо цус урсгахаа болих хэрэгтэй” гэсэн байна. Тунисын Ерөнхийлөгч Монсеф аль-Марзуки “Сирийн холбоотон гэгдэж байгаа ОХУ, Хятад болон Иранд хандан, одоо Башар Асадын цаг үе дууссан. Түүнийг хамгаалахаа үргэлжлүүлж байгаа ч гэсэн цаг өөр болсныг холбоотнууд ойлгох ёстой. Өөрийн суудлаа тавьж өгөх хэрэгтэй гэж Башар Асадад холбоотнууд нь хэлэх хэрэгтэй болов уу” гэдгийг тодотгожээ. 

НҮБ-аас Сирид тайван байдал тогтоох тухай төлөвлөгөө одоо хүртэл үр дүнд хүрэхгүй байна. Хэдийгээр Дамаск болон бусад хотууд руу ажиглагчдаа илгээж байгаа ч тэд тус улсын дайны байдлыг зогсоож чадахгүй гэж Тунисын Ерөнхийлөгч мөн тэмдэглэсэн юм.  Тунист олон жилийн диктатурын захиргааг эсэргүүцсэн хувьсгал өнгөрсөн онд ялалтаар төгссөн бөгөөд энэ улс хувьсгал ялсан Арабын анхны орон болсон билээ. Сириэс ялгаатай нь Тунисын хувьсгал харьцангуй тайван байдалтай байсан юм. Одоо Тунист түр парламент болон ерөнхийлөгч ажиллаж байна. Өмнө нь тэрс үзэлтэн гэгдэж улс төрийн хорионд байсан Монсеф аль-Марзуки Тунис улсыг тэргүүлэх болсон бөгөөд тэрээр "Нахда" гэдэг исламын намын гишүүн юм байна. Хэрэв Башар Асад улс төрийн орогнол хүсвэл Тунисын Засаг захиргаа түүнд энэ боломжийг олгоно гэж өмнө нь мэдэгдэж байсан билээ.

Н.ТУНГАЛАГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж