-“Ноён Ерөнхийлөгч өө, танд АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсанд тань баяр хүргэе” гэсэн үгийг сонсох тун ойрхон байна. Тийм үү?
-Америкчуудад итгэж байна. Ард түмэндээ зүтгэхэд бэлэн байна.
-Тэгэхээр та саяхан зарим мужуудад Ерөнхийлөгч болоход нөлөөлөхүйц томоохон ялалт байгуулж чадсан. Эдгээр ээлж дараалсан ялалтууд таныг Цагаан ордон руу хөтөлж буй. Та өөрийн мөрийн хөтөлбөрөөс дэлгэрэнгүй танилцуулаач?
-Би хоёр долоо хоногийн өмнө та бүхэнд амлаж байсан. Харин одоо амлалтаа биелүүлээд мөрийн хөтөлбөрөө дэлгэрэнгүй танилцуулъя. Нэгдүгээрт би АНУ-ын эдийн засгийн шинэ бодлого явуулна. Тодруулбал, манай улсын сонгогчдын олонхи нь эдийн засгийн чиг баримжаатай хүмүүс байдаг. Бүгд л энд тэнд хувийн албаны болон бизнес эрхэлж их хэмжээний хөрөнгө эргэлдүүлдэг. Үүнийг Засгийн газраас ойлгож, бодлогын шинэ төлөвлөгөө явуулах хэрэгтэй. Бодлогын шинэ төлөвлөгөө гэдэг нь өөрсдийнх нь мөнгөөр улсын “санхүүгийн хөдөлгүүр” хийх явдал юм. Онцлог нь эрсдлийг улс хариуцна. Гэх мэт олон жижиг төлөвлөгөөний тайлбар дэлгэрэнгүйгээр хийж болно. Өнөөдөр АНУ-ын хөрөнгийн зах зээлд америк үндэстэн л хамгийн их ашиг хүртэж, хамгийн бага эрсдэл үүрэх боломжийг Засгийн газраас олгож байгаа юм. Гашуун бөгөөд үнэн үг. Сонгогчдын улс төрийг харах эхний өнцөг нь түүний эдийн засгийн амьдралд сайнаар болон муугаар нөлөөлж байгаа эсэх дээр л сонголтоо хийдэг. Б.Обамаг Ерөнхийлөгч болгосон цорын ганц шалтгаан нь тун инээдтэй. Давид Канторын хийсэн статистик судалгаагаар Америкийн нийт хар арьст сонгогчдын 95 хувь, испани гаралтай сонгогчдын 67 хувь нь Обамагийн төлөө саналаа дугуйлсан байх жишээтэй. Арьс өнгөний давуу талаар ялалт байгуулж байсан гэхэд хилсдэхгүй байгаа биз. Би ганц Б.Обамаг нэг жишээгээр шүүмжилмээр байна. Одоо болж буй эдийн засгийн их хямралаар ажилгүйдлийн тоо нэмэгдэж, цалин хөлсний хоорон дох зөрүү асар их байна. Үүнийг Засгийн газраас, Ерөнхийлөгчийн зүгээс зохицуулахгүй байж олон улсад айлчлал хийгээд яваад байгаа нь хачирхалтай.
-Уучлаарай, таны яриаг тасалдуулсанд. Та богино хугацаанд нийгмийн дундаж давхаргаас доош ажилчин анги буюу “blue collar” гэх хөх захтнуудын дэмжлэгийг ихээр аваад байгаа. Энэ таны тактикийн нэг хэсэг. Өөрөөр хэлбэл, ажилгүй, нийгэмд идэвхгүй байгаа ард иргэдээс маш их дэмжлэг авч байна гэх гэсэн юм?
-Тийм ээ. Би энэ нийгэмд, энэ улсад болохгүй байгаа зүйлийн талаар өөрчлөлт хийх талаар ярьж байна. Түүнээс биш ямар нэг ажилчин ангиас санал авах гэж оролдоогүй. Болохгүй, бүтэхгүй байгаа зүйлийн талаар асуудлыг тавьж байна. Гарах арга замыг нь зааж байна. Ийм учраас америкчууд надад итгэл хүлээлгэн дэмжлэг үзүүлж байгаа байх. Нөгөө талаасаа ерөнхийлөгч болоход дээрх дэмжлэгүүд хангалтгүй байгаа нь үнэн.
-Мөн таныг маш их эмэгтэйчүүд дэмжиж байгаа. Энэ бас л жендерийн асуудал хөндсөн сонгуулийн сурталчилгааны нэг дүр зураг ажиглагдаад байх шиг?
-Жендерийн асуудал өнөөгийн нийгэмд тодорхой байр суурь эзэлсээр байгаа нь үнэн. Жишээ нь ажилгүйдлийн эгнээнд элссэн эмэгтэйчүүдийн дийлэнх нь дахин ажил хайх хүсэлгүй, гэртээ байх хүсэлтэй болдог. Тиймээс эдгээр эмэгтэйчүүдийг нийгэмд идэвхтэй байлгаж, ажлын байраар хангах асуудал манай намын, миний өмнө тулгарсан. Бизнесийн салбарт, санхүүгийн асар том орон зайд ихэвчлэн эрэгтэйчүүд байдаг. Эмэгтэйчүүдийн орон зай дутагдаж байна. Улс төр, бизнес, эрүүл мэндийн салбарт тэдний оролцоо багассаар байна. Манай намаас явуулсан судалгаагаар эмэгтэйчүүд гэртээ маш их цаг өнгөрөөх нь элбэг болсон. Энэ нь цаашлаад эрчүүд гэр бүлийнхээ санхүүг бүрэн хариуцах чадвартай болсонтой шууд холбоотой. Хангалттай сайн цалин авдаг болсон гэсэн үг л дээ. Үүнээс жендерийн ялгааны эхлэл үүсч байгаа юм.
-Коммунизмын дараахь дэлхийн эдийн засгийн хямрал нь ардчилсан орнуудын улс төрчдөд шинэ шалгуурыг авчирч байгаа нь энэхүү хямралыг шийдэх менежментийн шийдэл нь юу вэ гэдгийг олон нийтэд дэлгэх нь чухал. Менежментийн шийдэл нь намын бодлогоос зөрөөд байгаа юм шиг ажиглагдсан. Энэ тал дээр тайлбар өгөхгүй юу?
-Харамсалтай нь одоогоор аль ч орны улс төрчид төгс шийдлийг гаргаж чадаагүй байгаа болов уу. Гэхдээ Обамагийн нэр хүндийн уналт, Европын холбооны мухардал, Итали, Орос, Грекийн хямрал гээд хангалттай эдийн засгийн мухардалт бий болсоор байна. Жинхэнэ өөрчлөлтийг хийх цаг ирсэн.
-Сонгогчдын 72 хувь нь Б.Обамаг “change” буюу өөрчлөлт хийж чадалгүй дөрвөн жилийг ардаа хий дэмий үлдээсэн гэж үзсэн. Та үүнд санал нэгдэх үү?
-Тийм ээ. Би санал нэгтэй байна. Учир нь түүний хийж бүтээсэн зүйл өнөөдөр АНУ-ын нийгэмд өөрчлөлтийг авчирч чадаагүй. Үүнийг л өөрчлөхийн төлөө би нэр дэвшсэн. Ажилгүйдлийн төвшин, цалин хөлсний тогтвортой байдал, нийгмийн хамгаалалт, эрүүл мэндийн дэмжлэг зэрэг олон зүйлийг Б.Обама Ерөнхийлөгч байх хугацаандаа хийж болох байлаа. Хайран дөрвөн жил. Харамсалтай байна. Гэвч одоо бүх зүйл шинээр эхлэх гэж байна. Жинхэнэ өөрчлөлтийн төлөө нэгдэцгээх хэрэгтэй байна.
-Таны сонгуулийн нэгэн сурталчилгаанд “Танилц, АНУ-ын ирээдүйн Ерөнхийлөгч, ухаалаг, Митт Ромни” гэсэн байсан. Сурталчилгаанд нууц биш бол хэчнээн ам.доллар зарцуулсан бэ?
-Тодорхой хэмжээний хөрөнгө зарсан. Гэхдээ харамсах зүйл үгүй. Сурталчилгаа үр дүнгээ өгтөл сурталчилсаар л байх болно. Дээрх сурталчилгааг үзсэн сонгогчдын 20 гаруй хувь нь намайг “Өмнө нь Америкийн Ерөнхийлөгч байсныг санаж байна” гэсэн сонирхолтой хариултыг өгсөн байна лээ.
-Галлапийн судалгаагаар та ирэх арваннэгдүгээр сард болох Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулах нь тодорхой болсон. Галлапийн судалгаа сүүлийн 70 гаруй жилийн сонгуулийн урьдчилсан тааврыг зөв таамаглаж байсан. Тэгэхээр энэ судалгааны хариу таныг багагүй баярлуулсан байх?
-Яг одоогийн байдлаар сонгуулийн талаар ярих хаа ч байсан юм. Өмнө байгаа урьдчилсан санал хураалтад тэргүүлэх нь миний зорилгын нэг хэсэг. Галлапийн судалгаа үнэнийг заадаг шиг миний бодол худал заахгүй. Б.Обамагийн бодлого анхнаасаа буруу гэдгийг намынх нь зарим гишүүн хүртэл мэдэж байсан шүү дээ. Харин миний танилцуулаад байгаа бодлого Б.Обамагийн намынханд хүртэл таалагдсан гэж дуулсан. Тэгэхээр суурь бодлого зөв, төлөвлөгөөг цаг алдалгүй нарийвчлан дагах нь чухал гэдгийн илрэл болов уу.
"УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин