Уг 39 дүгээр тогтоолын хоёрдугаар хэсэгт “Тавантолгойн нүүрсний ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааны 50 хүртэлх хувийг Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгжүүдэд эзэмшүүлэх” гэж заасан. Гэтэл УИХ-ын 57 дугаар тогтоолын наймдугаар зүйлд зөвхөн “1.5 сая төгрөг олгох арга хэмжээний хүрээнд нэг сая төгрөгтэй тэнцэх хэмжээний нэрлэсэн үнэ бүхий хувьцааг иргэн бүрт олгоно” хэмээжээ. Тэгвэл одоо иргэдийн нэг хэсэг нь хоромхон зуурт саятан болж хувираад, харин нөгөө хэсэг нь үр хойчдоо өвлүүлэх хувьцаа эзэмшигч болох нь. Эцсийн дүндээ энэ хоёрыг жинлэж үзвэл хувьцаа нь илүү ашигтай нь ойлгомжтой. Яагаад гэвэл Тавантолгойн нүүрсний нөөцийг наанадаж 100 гаруй жил ашиглах боломжтой гэсэн. Харин сая төгрөг ихэдлээ гэхэд “Дарханы нэхий дээлээс нэгийг авч хүрэх биз”. Тиймээс үнэт цаас авах гэж буй иргэддээ 1072 ширхэг хувьцааны нэгж бүрийн үнийг хэдэн төгрөгөөр тогтоосныг, үр хойчдоо ямар үнэ цэнтэй хөрөнгө үлдээх боломжтой зэргийг тодруулахаар холбогдох албаныхантай уулзлаа.
Уг хувьцааны талаарх ажлыг голлон хариуцаж буй байгууллага нь Төрийн өмчийн хороо. Тус хорооны Тамгын газрын даргын зөвлөх Д.Баалыхүү:
-Хувьцааны нэрлэсэн үнийг өчигдрийг /уржигдар/ хүртэл тогтоогоогүй байлаа. Харин холбогдох албаныхан хуралдаад нэгж бүрийн үнэ нь 900 гаруй төгрөг байхаар санал нэгдсэн. Харин тус хувьцааг олон улсын зах зээлд ямар үнэтэй худалдаалахыг хэлэх боломжгүй байна. Журам ёсоор Тавантолгойн үнэт цаасыг хөрөнгийн зах зээлд гарахаас өмнө иргэдэд тарааж дуусна. Түүнчлэн иргэд ямар бичиг баримт бүрдүүлэх, хэнд хандах вэ гээд олон тодорхойгүй асуудал байгаа. Үүнтэй холбоотой тогтоол тун удахгүй гарах болно. Иргэд өмнөх 532 ширхэг хувьцаагаа харъяа гэвэл www.schcd.mn сайтаас регистрийн дугаараа оруулаад өөрийн хувьцааг байгаа эсэхээ шалгах боломжтой.
Тэрбээр ийн хариулсан. Мөн Үнэт цаасны газраас энэ талаар асуух гэсэн боловч “Төрийн өмчийн хороо хариуцаж байгаа” гэх хариулт өгсөн юм.
"Улс төрийн тойм" сонин