Загварын хувьд олон нийтээс шүүмжлэл хүртсэн ч бамбар үйлдвэрлэж буй гол үйлдвэрийн захирал Гез Холтон алтан бамбарын үйлдвэрлэлтэд сэтгэл хангалуун байна. Тэрбээр “Бамбарыг үйлдвэрлэхэд хэцүү хэдий ч үйлдвэрлэл сайн байгаа. Миний бодлоор бамбарын алтлаг өнгө нь үнэхээр гайхалтай байна” хэмээн ярьжээ.
Бамбарыг бүхэлдээ хөнгөн цагаан хайлшаар хийсэн бөгөөд нийт 8000 нүхтэй юм. Жингийн тухайд 800 грамм учир бамбарын аялалд оролцох гүйгчдэд илүү хялбар байх юм. Бамбарын гурван тал нь гурван төрөл зүйлийг илэрхийлж байгаа. Зохион бүтээгчдийн илэрхийлэхийг хүссэн тэрхүү гурван зүйл нь, олимпийн уриа болох Citius, Altius, Fortius, мөн 1908, 1948 онд олимпийн наадам зохион байгуулж байсан Лондон хотын гурав дахь наадам, мөн Лондонгийн олимпийн гол зарчмууд болох спорт, боловсрол, соёл гурвыг илэрхийлэхийг зорьжээ.
Бамбар баригчидыг олон нийтийн дунд санал асуулгаар тодруулсан бөгөөд тэднээс өдөр бүр дунджаар 115 хүн олимпийн галыг тээвэрлэн, 8000 миль зам туулсны эцэст долдугаар сарын 27-нд нээлтийн ёслол болох Олимпийн цэнгэлдэхэд хүрэлцэн ирнэ. Бамбарыг барихаар 7300 хүн сонгогдсон бөгөөд үлдсэн 700 хүн нь тамирчид болон нэр хүндтэй хүмүүс юм.Олимпийн гал Их Британид тавдугаар сарын 18-нд ирэх бөгөөд аялал дараах өдрөөс нь эхэлнэ.