МАН, АН-ын бүлэг тохиролцоонд хүрлээ

Хуучирсан мэдээ: 2012.04.26-нд нийтлэгдсэн

МАН, АН-ын бүлэг тохиролцоонд хүрлээ

УИХ дахь Ардын нам болон Ардчилсан намын бүлгийнхэн удаан маргалдаж, мэтгэлцсэний эцэст УИХ-ын сонгуулийг Орон нутгийн сонгуультай хамтад нь хэрхэн явуулах талаар зөвшилцөв. Ардчилсан намын бүлэг өчигдөр хурал­даж, Орон нутгийн хурлын сонгуулийн ту­хай хуульд өөрч­лөлт оруулах хү­рээнд УИХ дахь Ардын намын бүл­гээс ирүүлсэн “Нийс­лэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хур­лын тэргүүлэгчдийг сонгох сонгуулийг УИХ-ынхтай хамтад нь явуулъя” гэсэн саналыг дэмж­лээ. Гэхдээ тэд Ардын намын саналыг шууд “за” гээд хүлээн зөв­шөөрөөгүй. Ха­рин болзол тавьж буй. Тодруулбал, нийс­­лэ­лийн Иргэдийн төлөө­­лөгчдийн хурлын тэр­гүүлэгч­дийг сонгох сон­гууль нь УИХ-ын сонгуулийн нэгэн адил зарчмаар явах ёстой гэж байгаа юм. Нийслэлийн Иргэдийн төлөө­лөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 45 суудлын 15 нь пропорциональ, 30 нь мажоритари хувилбараар явуулах аж. Ардчилсан намынхан мажоритари давамгайлсан холимог тогтолцоог аймаг, нийслэлийн сонгуульд ч хэрэгжүүлэх ёстой гэж үзэж байгаа юм. Гэхдээ саналын хуудсыг гараар бус автомат машинаар тоолох юм. Хуулиараа бол УИХ-ын сонгуулийг Орон нутгийн хурлын сонгуультай хамтад нь явуулах учиртай. Гэтэл Ардын намын бүлгийн зүгээс хоёр сонгуулийг зэрэг явуулах цаг хугацаа болон хүн хүчний хувьд боломжгүй гэснээр хоёр намын бүлэг мэтгэлцэж эхэлсэн. Ардын намынхан гацаанд оруулан байж нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн тэргүүлэгчдийг сонгох сонгуулийг УИХ-ын сонгуультай хамтад нь зохион явуулах шийдвэр гаргаснаа тэд “Ардчилсан намынханд буулт хийсэн” гэж тайлбарлаж буй. Энэхүү хуулийн төсөлтэй холбоотойгоор аймаг, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийг сонгох сонгуулийг тусад нь буюу намар зохион явуулахаар болсон.    

Ардын намынхны буулт хийсэн саналыг Ардчилсан намын бүлгийн гишүүд хүлээн зөвшөөрсөн. Гэхдээ болзолтойгоор. Харин үүнийг УИХ дахь Ардын намын Удирдах зөвлөл өчигдөр хэлэлцлээ. Тэд Ардчилсан намын бүлгийн зүгээс тавьсан болзлыг хүлээн зөвшөөрч, УИХ-ын сонгуулийг нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн сонгуультай хамтад нь явуулах талаар санал нэгдлээ. Энэ үеэр УИХ дахь Ардын намын бүлгийн дарга Ө.Энхтүвшин “Ардчилсан намынхан нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийг УИХ-ынхтай хамт явуулахдаа УИХ-ын сонгуультай адил тогтолцоогоор буюу 76 гишүүний 48-ыг нь тойргоос, 28-ыг нь намын нэрсийн жагсаалтаар явуулах санал гаргасан. Энэ харьцааг ярилцсаны эцэст 30-15 гэж тогтлоо. Өөрөөр хэлбэл, Ардчилсан намын бүлгийн саналыг дэмжлээ. Түүнчлэн саналыг цахим хэлбэрээр тоолох, нэг хуудсан дээр санал бичих зэрэг саналыг хүлээн авах нь зүйтэй юм. Гэхдээ үүнийг ажлын хэсэг, байнгын хороон дээр нухацтай ярилцах хэрэгтэй” гэв. Ямартай ч хоёр намын бүлэг зөвшилцлөө. Тэгэхээр өнөөдөр УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар эцсийн шийдвэрийг гаргах юм. 

Ц.ЭНХЦЭЦЭГ

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж