Зөвлөлдөх уулзалт үргэлжилж байна

Хуучирсан мэдээ: 2012.04.26-нд нийтлэгдсэн

Зөвлөлдөх уулзалт үргэлжилж байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар зохион байгуулж буй “Байгаль орчны асуудлаар мэдээлэл авах, шийдвэр гаргахад оролцох тухай” зөвлөлдөх уулзалт хоёр дахь өдрөө Гадаад харилцааны яамны “Зөвшилцөл” танхимд үргэлжилж байна.

Зөвлөлдөх уулзалтыг нээж, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Д.Баттулга, Гадаад харилцааны сайд Г.Занданшатар, Байгаль орчин, аялал жуучлалын сайд Д.Цогтбаатар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Сезин Сенаноглу, Аархус конвенцид нэгдэн орсон талуудын хуралдааны дарга Жит Пэтэрс, НҮБ-ын Европын эдийн засгийн хорооны байгаль орчны салбарын захирал Марко Кайнер, Аархус конвенцийн ерөнхий нарийн бичгийн дарга Элла Бехлярова нар үг хэлэв. 

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Д.Баттулга хэлэхдээ “Байгаль орчны асуудлаар мэдээлэл авах, шийдвэр гаргахад оролцох, зөрчигдсөн эрхийг сэргээх тухай конвенц” буюу Аархусын конвенци, түүний үзэл баримтлал, хэрэгжүүлж буй орнуудын туршлагыг, улмаар түүнд нэгдэх боломжийг судлах талаарх асуудлаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилгаар Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж  буй энэхүү зөвлөлдөх уулзалтад оролцохоор бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн хүндэт зочид, төрийн албан хаагчид, ТББ-ынхан болон орон нутгийн иргэдийн төлөөлөл та бүхэнд талархал илэрхийлье.  Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт хурдацтай явагдаж буй, экосистемийн хувьд хамгийн эмзэг манай оронд  уул уурхайн салбарын хөрөнгө оруулалт, олборлолт эрс нэмэгдсэн энэ эгзэгтэй үед иргэдийн оролцоог хангасан хөгжлийн бодлого зайлшгүй үгүйлэгдэж байна. Монгол орны өнцөг булан бүрт уул уурхайн хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж буй хөрөнгө оруулагчдын үйл ажиллагаанаас улбаатай байгаль орчин, мал аж ахуй, бэлчээрт үзүүлж буй сөрөг нөлөөг эсэргүүцсэн орон нутгийн иргэдийн тэмцэл, маргаан улам ихэсч байна. Үүнтэй холбогдуулж Монгол Улсын Ерөнхийлөгч удахгүй УИХ-д өргөн барих Ашигт малтмалын тухай хуулийн төсөлд аливаа уул уурхайн үйл ажиллагаа нь хэдийгээр эдийн засгийн хувьд өндөр ашигтай ч байгаль орчинд сөргөөр нөлөөлөхөөр бол түүнээс татгалзах, мөн үйл ажиллагаа явуулах шийдвэр гаргахын тулд орон нутгийн иргэдээс эхлээд заавал асууж байх саналыг тусгасан юм.  Иймээс Аархусын конвенцийн үзэл баримтлал, үндсэн зарчмууд, түүнчлэн конвенцийг хэрэгжүүлэх үед тулгардаг эерэг бөгөөд сөрөг талуудыг ойлгож мэдэх, та бүхний хуримтлуулсан туршлагаас суралцах нь бидний хувьд асар чухал бөгөөд цаг үеэ олсон ажил болж байна. Энэ зөвлөлдөх уулзалтын явцад бидний зүгээс тулгамдаад буй бодит байдлаа та бүхэнд нээлттэй танилцуулах болно.  Ардчилсан Монгол Улсын өнөөгийн нэн тэргүүний зорилт бол байгаль орчин, хүний амьдрах орчинд ээлтэй тогтвортой хөгжлийн бодлогыг хангах, иргэдээ ажлын байраар хангаж, орлогыг нь нэмэгдүүлэн, чинээлэг амьдрах нөхцлийг бүрдүүлэхэд  оршиж байгаа юм.   Энэхүү зөвлөлдөх уулзалтыг хамтран зохион байгуулж буй Аархусын конвенцийн нарийн бичгийн газар, НҮБ-н Хөгжлийн хөтөлбөр, Монгол Улсын БОАЖЯ, ГХЯ, ЕТГ-ын ажлын хэсгийн хамт олонд талархал илэрхийлье. Зөвлөлдөх уулзалтын үйл ажиллагаанд амжилт хүсье” гэв.

Зөвлөлдөх уулзалт үргэлжилж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж