Өрөөсөн дугуйтай уралдъя

Хуучирсан мэдээ: 2012.04.26-нд нийтлэгдсэн

Өрөөсөн дугуйтай уралдъя

Энэ
удаагийн УИХ-ын сон­гуулийг нийслэлийн ИТХ-ын сонгуультай хамтатган
явуу­лахаар боллоо. Хэдийгээр хуулинд бүх шатны орон нут­гийн сонгуулийг
УИХ-ын сон­гуультай нэг өдөр явуулахаар заасан ч гэсэн.

2007
оны нэгдүгээр сарын 18-нд баталсан Орон нутгийн сонгуулийн тухай хуулинд
“УИХ, орон нутгийн сонгуулийг нэг өдөр явуулах” заалтыг оруулахдаа
хуулийн энэ заалт 2012 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэг­жихээр хийсэн
билээ /ту­хайн үеийн УИХ-ын дарга Ц.Нямдоржийн гарын үсэгтэй хууль
интернэтэд тавиатай байгаа/. Өөрөөр хэлбэл, 2008 оны орон нутгийн
сонгуулиар мөрдөж байсан “Орон нутгийн сонгуулийг сонгуулийн жилийн
аравдугаар сарын эхний хагасын аль нэг ням гаригт явуулна” гэдэг заалт
2012 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн хүчингүй болсон гэсэн үг. Учир нь
УИХ-ын сонгуулийн тухай хуульд санал авах өдрийг “зургадугаар сарын
сүүлийн лхагва гариг буюу ажлын өдөр байна” гээд заачихсан байгаа. Гэвч
манай хууль тогтоогчид баталсан хуулийнхаа энэ логи­кийг олж
хараагүйгээр барахгүй, хоёр өөр цаг хугацаанд хамаарч байгаа энэ заалтыг
хүчээр огтлолцуулан маргаан дэгдээж, улмаар орон нутгийн сонгуулийг
УИХ-ын сонгуультай хамтатган явуулах боломжгүй гэсэн билээ.

УИХ
дахь МАН-ын бүлгээс хоёр сонгуулийг зэрэг явуулахад хуулийн заалт нь цаг
хугацааны хувьд зөрчилдөж байна гэж үзсэн төдийгүй үүнээс болж орон
нутгийн сонгуулийг ирэх намар аравдугаар сард явуулахаар хуульд өөрчлөлт
оруулна гэсэн билээ. Харин УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хувьд 2008
оны сон­гуулиар мөрдөж байсан “намар аравдугаар сард явуулах” тухай
заалт энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хүчингүй болж, “УИХ-ын сонгуультай
нэг өдөр явуулна” гэдэг заалт үйлчилж байгаа тул хуулийг хэрэгжүүлэх
боломжтой.

Харин санал авах цагийг УИХ-ын сонгуультай нэг цагт болгон
өөрчилж, сонгогчдын сана­лыг УИХ-ын сонгуультай нэг адил машинаар
тоолох заалтыг хуульд нэмж оруулья гэсэн боловч МАН-ын бүлэг хүлээж
аваагүй. Тиймээс Ардчилсан намынхан арга буюу “тэгвэл хуульдаа өөрчлөлт
оруулахаа болиод одоогийнхоо хуулиар сонгуулиа явуулья. УИХ-ын
сонгуулийн санал хураалтыг 20.00 цаг хүртэл, орон нутгийн санал
хураалтыг 22,00 цаг хүртэл явуулаад, нэгийг нь машинаар, нөгөөг нь
гараараа тоо­лоод явна биз. Хуульд нь нэгэнт ийм заалттай байгаа учраас”
гээд хэлэлцүүлгээс завсар­лага авсан.

Ингээд намрын чуулганы
төгс­гөлөөс эхэлж, ээлжит бус чуулган, хаврын чуулган дамжин үргэлжилсэн
маргаан өнөөдөр нэг юм өндөрлөж байна. Гэхдээ УИХ дахь МАН-ын бүлгээс
тавьсан шаардлагын дагуу аймаг, сум, дүүргийн сонгуулийг хойш татаж
намар аравдугаар сард явуулахаар, харин нийслэлийн сонгуулийг УИХ-ын
сонгуультай нэг өдөр явуулахаар болцгоов. Монголын уран сайхны нэг кинон
дээр гардаг даа. 14 дугуй авчруулахаар нэгдлийн дарга нь цохолт хийгээд
явуултал танагдсаар байгаад ганцхан дугуйтай эргэж ирдэг. Аргаа барсан
залуу “Ганц дугуйг минь битгий хуваачихаарай даа. Тэгвэл тал дугуйг
машинд тавьж болохгүй шүү дээ…” гэж учирлан гуйдаг.

Уг нь энэ
удаагийн сон­гуу­­лийг явуулахдаа оны өмнө­хөн хоёр намынхны ярьж
байснаар бол иргэний ухаа­лаг үнэмлэхтэй, хүний гар оролцож, хулгай
луйвар хий­дэг­гүй автоматжуулсан тоол­­логотой, дээр нь УИХ, орон
нутгийн сонгуулиа зэрэг явуу­лаад, машинаар юмсан бол дөрвөн дугуйтай
замд гарах байлаа. Гэвч иргэний цахим үнэмлэх будаа болов, нэг дугуй
замаасаа гарлаа. Орон нутгийн сонгуулийн санал хураалтыг гараар тоолох
заалтыг өөрчил­сөн­гүй, дахиад нэг дугуй өнхөрлөө. Адаг сүүлд нь аргаа
бараад “Ядаж сум дүүргийн сонгуулиа хойш татаад, аймаг, нийслэлийнхийг
УИХ-ын сон­гуул­ьтай хамтад нь явуулья” гэдэг буултыг Ардчилсан намын
бүлгээс хийлээ. Дахиад нэг дугуй мулт. Үндсэндээ ганц дугуйтай сонгуульд
орох болж байгаа юм. Гэтэл одоо МАН-ын бүлэг тэр саналыг нь шүүрч аваад
“тэгвэл нийслэлийнхээ сонгуулийн УИХ-тай хамт явуулаад, айм­гийн ИХ-ын
сонгуулийг сум, дүүргийнхтэйгээ хамт намар явуулчихья” хэмээн дахиад
шахаанд оруулж байгаа юм. Ингээд суулийн ганц дугуй хага. Кинон дээр
хэлсэнчлэн “тал дугуйтай” сонгуульдаа орох болж байна л даа.

Уг
нь бол Ардчилсан намын бүлгээс тавьсан “Аймаг, нийслэлээ УИХ-ын
сон­гууль­­­тайгаа хамт явуулаад, сум, дүүргийн сонгуулийг намар
явуулья” гэдэг санал “Аймаг, нийслэлийн ИХ-ын сон­гуу­лийг салгаж
явуулах тухай” МАН-ын саналаас арай илүү үндэслэл бүхий харагдаж байсан
юм. Учир нь тэд энэ саналаа боловсруулахдаа “Орон нутгийн сонгуулийн
хуулийн шинэчилсэн найруулга” хэмээх УИХ-ын 48 гишүүний өргөн барьсан
хуулийн төслийг үндэс болгосон аж. Гишүүн Д.Лүндээжанцан, З.Энхболд
нарын тус тусдаа өргөн барьсан Орон нутгийн сонгуульд нэмэлт өөрчлөлт
оруулах тухай төслөөс бүр өмнө өргөн баригд­сан уг төсөлд сум, дүүргийн
сонгуульд улс төрийн намууд оролцохгүй,тухайн орон нут­гийн иргэд
өөрсдөө хурлаа байгуулж, Засаг даргаа томилдог байхаар санал
боловсруулсан аж. Энэ нь нэгдүгээрт орон нутгийн бие даасан байдлыг
хангах, иргэд өөрсдөө хөгжлийн бодлогоо тодорхойлж, асуудлаа шийддэг
болоход зориулагдсан гэж харагдаж байгаа. Одоо бол дээрээсээ доод шатаа
хүртэл бүхэлдээ эрх барьж байгаа улс төрийн намын бодлого, шийдвэр, тэр
дундаа тэнд алба хашиж буй намаас томилогдсон дунд шатны түшмэлүүдийн
дур зоргын асуудал болоод байгаа шүү дээ. Энэ эх адаггүй улс төржилт,
улс төрийн талцал нь орон нутгийн хөгжилд чөдөр тушаа болж, иргэдийн
оролцоог үгүй хийж байна гэх хандлага, шүүмжлэл ч нийгэмд хэдийнэ бий
болсон.

Тиймээс УИХ дахь Ардчилсан намы бүлэг УИХ-ын 48 гишүүний
өргөн барьсан хуулийн төслийг үндэслэж, “аймаг, нийслэлийн сонгуулийг
УИХ-ын сонгуультай хамт явуулах” саналыг Ардын намын бүлэгт тавьсан аж.
Эхний удаад ямар ч байсан нийслэл, аймгийн ИХ-ын сонгуульд улс төрийн
намуудын оролцоо байх юм гэж үзсэний үндсэн дээр. Харин 48 гишүүний
/УИХ-ын гишүүдийн бараг гуравны нэг нь/ өргөн барьсан төслийг УИХ хаврын
чуулганаараа хэлэлцэн баталж чадвал ирэх намар болох сум, дүүргийн
сонгуульд улс төрийн намууд оролцохгүй. Үүнээс гадна УИХ-ын сонгуультай
зэрэг явуулахаар төлөвлөөд байгаа Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт тухай
санал асуулгад сум дүүргийн Засаг даргыг улс төрийн намын харьяаллаас
гаргах, иргэд өөрсдөө сонгодог болох тухай асуудал ч хөндөгдөж байгаа.
Энэ санал дэмжигдвэл ирэх сонгуулийн үр дүнд бий болох шинэ УИХ Үндсэн
хуулийн өөрчлөлтийг хэлэлцэх юм.

Энэ мэтчилэн учир шалт­гаа­ны
улмаас УИХ дахь Ардчилсан намын бүлгээс аймаг, нийслэлийн сонгуулийг
УИХ-ын сонгуультай хамтат­гаж, сум дүүргийн сонгуу­лийг хойшлуулах санал
боловс­руул­сан юм байна.

Нөгөө талаас орон нут­гийн сонгуулийг
УИХ-ын сонгууль­тай хамт явуулахад УИХ-ын 400 нэр дэвшигч дээр орон
нутгийн 10 мянга гаруй нэр дэвшигч нэмэгдэж орж ирэх учраас сонгууль
зохион байгуулахад хүндрэлтэй гэж ярьж байгаа Засгийн газарт ч гэсэн
аймаг, нийслэлд нэр дэвших 2000 орчим нэр дэвшиг­чийн асуудал нэг их
хүндрэл учруулахгүй гэж тооцсон.
Харин УИХ дахь МАН-ын бүлгээс тавьж
буй “нийслэлийн сонгуулийг УИХ-тай хамтат­гаад, аймгийн сонгуулийг
арав­дугаар сард явуулья” гэдэг шаардлагын давуу тал болоод логик нь
одоогоор харагдахгүй л байна. Нэг ёсондоо “нийс­лэ­лийн сонгуулийг танай
дүрмээр, аймгийн сонгуулийг манай дүрмээр явуулья” гэсэн наймаархуу л
ойлгогдоод байгаа. Тиймээс ч өнгөрөгч даваа гаригт хуралдсан Ардчилсан
намын бүлгийн хурлаас уг шаардлагыг хүлээж авахгүй гэдэг шийдвэр
гаргасан билээ. Энэ нь зөвхөн намын бүлгийн шийдвэр ч бус, орон нутгаас
ирсэн тус намын гишүүн аймгийн Засаг дарга нар, ИХ-ын гишүүдийн шахалт
шаардлага аж.

Учир нь нийслэлийн сонгуу­лийг ганцааранг нь
УИХ-ын сонгуультай хамтатгаж явуулах МАН-ын бүлгийн саналын дараа тус
намын нийслэлийн гишүүдээс “ядахдаа нийслэлээ УИХ-тайгаа хамт явуулаад
нэг алхам ч гэсэн урагшилъя. Ингэсээр байгаад аль ч үгүй болж, орон
нутгийн сонгууль бүхэлдээ хойшилж мэдэх нь” гэдэг санал гаргасан ч
аймгийн намуудаас нь “Яагаад аймгийн ИХ-ын сонгуулийг алагчилж,
хойшлуулах гээд байгаа юм бэ, ийм шийдвэр гарвал бид ямар нүүрээрээ орон
нутагтаа эргэж очих юм. Хууль адилхан хэрэгжих ёстой“ гэдэг шаардлагыг
тавьсан юм байна. Тиймээс бүлгийн шийдвэр ингэж гарчээ.

Харин
мягмар гаригт УИХ дахь МАН-ын бүлэг дахин хуралдаад, Ардчилсан намын
бүлгийн өмнөх хуралдаанаараа хүлээж аваагүй саналыг дахин хэлэлцүүл
хэмээн шахсан билээ. Хүчтэний өмнө хүчгүй нь буруутай гэдэг ёсоор
цөөнхийн бүлэгт үзүүлж буй сүүлчийн “хүндэтгэл” энэ бололтой. Ардчилсан
намынхан ч үүнээс нь бултах газаргүй болж, өчигдөр бүлгийн хуралдаанаа
дахин хуралдууллаа. Ингээд нийслэлийн сонгуулийг УИХ-ынхтай хамт ирэх
зургадугаар сард, аймаг, сум, дүүргийнхийг намар аравдугаар сард явуулах
тухай МАН-ын бүлгийн саналыг хүлээж авч, хуульд өөрчлөлт оруулахаар
болсон байна. Өөрөөр хэлбэл, одоо зөвхөн тал дугуй үлдэж байна. Гэхдээ
ядаж л тал дугуйгаа бүтэн болгохгүй бол болохгүй биз дээ.

Тал
дугуйгаа бүтэн бол­гохын тулд Ардчилсан намын бүлгээс МАН-ын бү­лэгт бас
дахин нэг санал тави­лаа. Тэр нь нэгдүгээрт, нийслэлийн сонгуулийг
УИХ-ын сонгуультай адил холимог системээр явуулах /нийслэлийн ИХ-ын 45
суудлын 30 нь мажоритари, 15 нь про­пори­цональ тойргоос гарахаар/,
хоёрдугаарт нийслэлийн ИХ-ын сонгуулийн саналыг УИХ-ын сонгуулийн
саналтай адил машинаар тоолох зэрэг өөрчлөлтийг Орон нутгийн сонгуулийн
хуульд оруулахаар төлөвлөжээ. Өөрөөр хэлбэл, хэдийгээр одоо хүчин
төгөлдөр үйлчилж буй Орон нутгийн сонгуулийн тухай хуулийг хэрэгжүүлэх
боломжгүй болж, зөвхөн нийслэлийн сонгуулийг УИХ-тай хамтад нь
явуулахаар болсон ч гэсэн ядахдаа уг хуульд нэмэлтээр орох ёстой гэж
өмнө нь хоёр намын бүлгээс үзэж байсан өөрчлөлтүүдийг хамтад нь оруулж
өгөх хэрэгтэй гэж үзсэн байна. Харин МАН-ын бүлэг бол “саналыг гараар
тоолно” л гээд байгаа.

Хэрэв хоёр намын бүлэг үүн дээр санал
нэгдэж, Ардчил­сан намын бүлгийн өчигдөр гаргасан саналыг МАН хүлээж
авбал бид ядахдаа ганц дугуй­тай машинаар сонгуульдаа орох нь байна.
Хэрэв МАН-ынхан өмнөх шигээ “үгүй” гээд гүрийчихвэл тал дугуй өнхөрдөг
бил үү. Тэгвэл дахиад л “Тэгвэл бүх сонгуулиа зэрэг явуул, бид хуулиа
өөрчлөхгүй” гэдэг рүүгээ явна биз дээ. Эцсийн бүлэгт хуулиараа л явна
шүү дээ, аль нам нь ч байсан ялгаагүй.

Б.СЭМҮҮН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж