Европын Комисс Украинаас тайлбар хүсэв

Хуучирсан мэдээ: 2012.04.26-нд нийтлэгдсэн

Европын Комисс Украинаас тайлбар хүсэв

Европын Комиссын улс төрийн асуудал хариуцсан комиссар Штефан Фюле Украины ерөнхий сайд асан Юлия Тимошенкогийн асуудлаар Украины Засаг захиргаанаас тайлбар хүссэн тухай “РИА Новости” мэдээлжээ.

Ю.Тимошенкод дахин шинэ хэрэг үүсгэснээр ял нь нэмэгдэж байгаа тухай болон сүүлийн үед түүний эрүүл мэндийн байдал муудаж байгаа талаар хэвлэлүүд ойрын үед онцлох болсон билээ.

“РИА Новости”-гийн мэдээлснээр өнгөрсөн мягмар гаригт Ю.Тимошенко мэдэгдэл гаргасан байна. Өнгөрсөн долоо хоногт түүнийг хорихоос эмнэлэг рүү хүргэхдээ бүдүүлгээр харьцаж, гарыг нь мушгин, гэдэс рүү нь цохисон тухай тэр гомдол гаргажээ. Тиймээс улс орныхоо нийгмийн харилцааг эсэргүүцсэн Ю.Тимошенко өөрийн өмгөөөлөгчөөр дамжуулан өлсгөлөн зарлах болсноо албан ёсоор мэдэгдээд байгаа аж. 

Харин Украины эрүүл мэндийн байгууллагаас Ю.Тимошенког эмнэлэгт хүргэхдээ бүдүүлэг хандаагүй гэж мэдэгдсэнээс гадна түүнийг хорихын ажилтнуудтай ярилцах үедээ өлсгөлөн зарласан гэж хэлээгүй хэмээж байна. Ямартай ч Ю.Тимошенкогийн гомдлыг шалгахыг Украины Ерөнхий Прокурор даалгасан байна.

Европын Комиссын улс төрийн асуудал хариуцсан комиссар Штефан Фюле “Ю.Тимошенког дөрөвдүгээр сарын 20-нд шоронгоос эмнэлэг рүү хүргэхдээ болон дараа нь ямар байдалд байсан талаар тайлбар өгөх”-ийг хүсч байгаа юм. Тэрбээр Украины Дэд ерөнхий сайд Валерий Хорошковскийтэй өнгөрсөн лхагва гаригт Брюссел хотноо уулзсан байна. Штефан Фюле “Украин улс ардчиллын үнэт байдал болон засаг захиргааны шударга байдлаа хадгалах нь Европын Комисс болон Украины хооронд зөвшилцөл байгуулж, гарын үсэг зурахад чухал” гэдгийг сануулаад Украин улс хоригдож байгаа ялтнуудын эрх зүйн болон хүмүүнлэгийн эрхийг хангахдаа эмнэлгийн тусламж оролцуулахын чухлыг онцолжээ. Комиссарын хэвлэлийн төлөөлөгчийн хэлснээр Штефан Фюле болон Валерий Хорошковский нарын ярианы гол сэдэв нь Ю.Тимошенкогийн асуудал байсан аж.
 

Н.ТУНГАЛАГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж