Хөдөө аж ахуйн улсын тооллого явуулна

Хуучирсан мэдээ: 2012.04.26-нд нийтлэгдсэн

Хөдөө аж ахуйн улсын тооллого явуулна

Монгол Улсын түүхэнд анх удаа хөдөө аж ахуйн тооллогыг зохион байгуулахаар болжээ.  Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар хөдөө аж ахуйн ээлжит тооллогыг энэ оны тавдугаар сарын 25-наас зургадугаар сарын 15-нд явуулахаар товлосон байна. Тооллого нь мэдээллийн иж бүрэн систем бүрдүүлэх, салбарын төлөвлөлт, бодлого боловсруулалт, гарч байгаа шийдвэрийг сайжруулах, хүнсний аюулгүй байдлыг үнэлэх, дүн шинжилгээ хийх, бизнес эрхлэгчдэд шийдвэр гаргах, ажлаа явуулахад зориулсан нарийвчилсан мэдээллийн эх үүсвэр бий болгох ач холбогдолтой юм.

Улсын  эдийн засагт хөдөө аж ахуйн салбар онцлог байрыг эзэлдэг бөгөөд тус салбар ДНБ-ий 16 хувийг үйлдвэрлэж, ажиллах хүчний 33.5 хувь нь хангаж, экспортын орлогын 12.5 хувийг бүрдүүлж байгаа гэсэн судалгаа байдаг юм байна. Статистикийн тухай хуулинд заасны дагуу Үндэсний статистикийн хороо мал, тэжээвэр амьтдын тооллогыг улсын хэмжээнд жил бүр зохион байгуулж байгаагийн дээр мал аж ахуй, газар тариалангийн салбарын үндсэн үзүүлэлтийн мэдээлийг  цуглуулж, нийтийн хүртээл болгодог. Одоогийн цуглуулж байгаа мэдээлэл нь хөдөөгийн хөгжил, байгаль орчин, ус, газар ашиглалт, уул уурхай, олборлолтын салбарт хийгдэж буй нөхөн сэргээлтийн хэмжээ, цөлжилт, загас, ойн аж ахуйн талаархи мэдээлэл, хөдөө аж ахуй эрхэлж буй өрхийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаанаас олж буй орлого, үйлдвэрлэлийг явуулахтай холбогдон гарч буй зардал, түүнчлэн хүнсний аюулгүй байдал, хангамжтай холбоотой үзүүлэлтийг бүрэн хамарч чадахгүй байгаа бөгөөд энэ чиглэлийн мэдээллийн хэрэгцээ  сүүлийн жилүүдэд улам ихээр нэмэгдсээр байгаа ажээ. Хөдөө аж ахун тооллогыг явуулах үндсэн нөхцөл нь тооллого явуулах санхүүжилтийг бий болгохоос гадна энэ чиглэлийн өндөр ур чадвартай олон улсын зөлөх үйлчилгээ, тусламж, дэмжлэгээс ихээхэн хамаарах тул   Үндэсний статистикийн хороо, Монгол Улсын Хүнс хөдөө аж ахуйн яам НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагатай хамтран гадаадын түншлэгчдийн уулзалтыг зохион байгуулах гэнэ.

                                                                                                                                   Э.Сараа
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж