Монголын ширээний теннисний холбооноос зохион байгуулж буй 2012 оны өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр “Оч” теннисний клубт эхэллээ. Тус тэмцээнийг Монгол Улсын гурван удаагийн аварга (1964, 1969, 1971), спортын мастер Ц.Гомбуу агсны нэрэмжит болгон зохион байгуулж байгаа бөгөөд Н.Энхбат захиралтай “Гурван гол” ХХК ивээн тэтгэгчээр оролцож байгаа аж. Тус тэмцээнд хөдөө орон нутаг болон нийслэлийн дүүргүүдийн нийт 300 орчим өсвөрийн тамирчин оролцож байна. Тэмцээн 8-14 нас, 15-17 насны ангиллаар эрэгтэй, эмэгтэй нэг бүрчлэн, дан болон холимог хос, эрэгтэй, эмэгтэй багийн төрөлд аваргуудыг тодруулах юм.
Дашрамд дуулгахад, өнгөрсөн сард Герман улсад болсон багийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд эх ороноо төлөөлөн амжилттай оролцоод ирсэн спортын мастер А.Анх-Эрдэнэ, спортын дэд мастер Ё.Батдэлгэр нарын шилдгүүд тус тэмцээнд оролцож байна. Тэмцээний аваргууд ирэх ням гариг буюу дөрөвдүгээр сарын 29-нд тодорно.
Ч.БОЛОР