Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргаар Л.Амарсанаа гэх хүн томилогдсоноос хойш монголчууд олигтой мэдээ дуулахаа болив. Анх тэрбээр нийслэлийн хэмжээнд хаягийн зөрчилтэй олон мянган иргэн байна гэж мэдэгдэж байсан бол одоо бүр цайраад “Сонгуулиас өмнө иргэний цахим үнэмлэх хэвлэгдэхгүй шүү” гэж шантаажилдаг боллоо. Энэ янзаар удахгүй бас нэгэн бүтэлгүй мэдээ дуулгахыг үгүйсгэх аргагүй юм. Уг нь түүнийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргаар томилохдоо “Цахим үнэмлэх хэвлэх ажлыг түргэвчлүүлж, сонгуулиас өмнө ок болгоно шүү” гэж үүрэг хүлээлгэсэн байлтай. Гэвч хурууны хээ уншдаг, машин техник мэддэг Улсын бүртгэлийн ерөнхий газрын ажилтнуудыг Сонгуулийн ерөнхий хорооноос татаж, мөн бүтцийн өөрчлөлт хийх нэрээр хэд, хэдэн хүнийг лааз өшиглүүлсэн нь чухам сонгуулийн үр дүнг намдаа ашигтай болгохын тулд Хууль зүй, дотоод хэргийн сайдтай хамтраад янз бүрийн хорт төлөвлөгөө зохиогоод түүнийгээ болж бүтэхгүй байна гэх мэдээллээр халхавчлаад байна уу гэлтэй. Иргэдийн хувьд ч ингэж хардах болов. Уг нь иргэд энэ удаагийн сонгуулийг цахим үнэмлэхээр өгч жинхэнэ шударга сонгууль ямар байдгийг үзье хэмээн мөрийцөөд байсан ч саналаа луйвардуулж болзошгүй нь.
Г.Дарь