Улаанбаатар хот № 03 2012.04.25
АРДЧИЛСАН НАМЫН ДАРГА Н.АЛТАНХУЯГ ТАНАА
Шаардлага хүргүүлэх тухай
НЭГ. Ардчилсан намын гишүүд дэмжигчдийн холбоо нь Ардчилсан намын үндсэн дүрмийн 6.8.1 “Намын даргыг их хурлаас сонгох бөгөөд бүрэн эрхийн хугацаа 4 жил байна” гэсэн заалтыг үндэслэл болгон Ардчилсан намын ээлжит бус их хурлыг хуралдуулж, дүрмийн бус намын даргыг баталгаажуулах асуудлыг удаа дараа тавьж шаардсаар ирсэн билээ. Тиймээс Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг та Ардчилсан намын үндсэн дүрмийн 6.8.2.2 “Намын дарга ҮЗХ-ны хэлэлцэх асуудал, товыг зарлан хуралдуулах” тухай заалтыг баримтлан 2012 оны 5 дугаар сарын 15-ны дотор Ардчилсан намын ээлжит бус хурлыг зарлан хуралдуулахыг шаардаж байна.
ХОЁР. Ашигт малтмалын тухай хууль, УИХ-ын 27, 39, 40, 57-р тогтоолуудын хэрэгжилт биелэхгүй байгаа нь хамтарсан засгийн газрын буруутай үйлдэл болох нь өдрөөс өдөрт тодорхой болж байна. Оюутолгойн гэрээ Монголын ард түмэнд ашигтай болсон эсэх, Тавантолгойн ордыг хэсэгчлэн хувааж “Ухаа худаг” ордыг “Энержи ресурс” ХХК-д хууль бусаар олгосон нь зөв эсэх тайлбарыг УИХ-ын гишүүн С.Баярцогт, Л.Гансүх, Г.Батхүү нарын хамт Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг та хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд 2012 оны 5 дугаар сарын 15-ны дотор мэдээлэл хийхийг шаардаж байна.
ГУРАВ. 2008 оны 7-р сарын 1-ны үйл явдалд Ардчилсан нам улс төрийн дүгнэлт хийхгүй өдийг хүрсэн бурууг АН-ын дарга Н.Алтанхуяг та хүлээх тул энэ талаарх тайлбараа 2012 оны 5 дугаарын сарын 15-ны дотор хэвлэл, мэдээллийн хэрэгслээр олон нийтэд мэдээлэхийг шаардаж байна. Бидний энэхүү шаардлагыг эс биелүүлбэл Ардчилсан намын гишүүд дэмжигчдийн холбоо шат дараалсан улс төрийн үйл ажиллагаа явуулна гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдэж байна.