
АНУ-д үхрийн галзуу өвчин гарснаас болж, үхрийн махны томоохон худалдан авагч Өмнөд Солонгос импортоо зогсооход хүрчээ. АНУ-ын Хөдөө аж ахуйн яамны малын ахлах эмч Жонн Клиффорд галзуу өвчин илэрсэн үхрийг дор нь устгасан тул хүний эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдалд эрсдэл учрахгүй” гэж мэдэгдсэн байна. Үхрийн галзуу өвчин АНУ-д сүүлийн зургаан жилд анх удаа дэгдсэн нь энэ юм. Гэвч АНУ-ын эрүүл мэндийн шинжээчид нэг үхэрт ийм өвчин илэрсэн нь хэрэглэгчдийн санаа зовох зүйл биш гэж үзэж байгаа гэнэ. Гэсэн хэдий ч АНУ-ын үхрийн махны хамгийн том импортлогч Өмнөд Солонгост дээрх мэдээлэл тархсаны дараа LotteMart худалдааны төв АНУ-ын импортын үхрийн махыг лангуунаас татжээ. Өмнөд Солонгосын Засгийн газар АНУ-аас импортолсон үхрийн маханд лабораторын шинжилгээ хийсний дараа худалдаанд гаргах эсэхээ шийднэ гэж мэдэгдсэн байна. АНУ-ын Хөдөө аж ахуйн яамнаас явуулсан судалгаанаас харахад Өмнөд Солонгос 2010 онд л гэхэд тус улсаас 125,000 тонн үхрийн мах импортолсон нь өмнөх оныхоос 97 хувиар өссөн үзүүлэлт юм.
Н.Энх