Бүх NBA-ын багийн тоглогчдыг зарлалаа

Хуучирсан мэдээ: 2010.05.07-нд нийтлэгдсэн

Бүх NBA-ын багийн тоглогчдыг зарлалаа

2009/10 оны улирлын үнэ цэнэтэй тоглогчийн шагнал хүртсэн “Кливлэнд Кавалиэрс”-ийн Леброн Жеймс, мөн энэ улирлын шилдэг хамгаалан тоглогч “Орландо Мэжик”-ийн Двайт Ховард нарын тэргүүтэй 2009/10 оны улирлын Бүх NBA-ын нэгдүгээр багт багтсан тоглогчдыг Хойд Америкийн Үндэсний сагсан бөмбөгийн холбооноос зарлалаа. Жеймс, Ховард нараас гадна “ЛА Лейкерс”-ийн Коби Брайнт, “Оклахома сити Тандер” багийн Кевин Дурант, “Майами Хийт”-ийн Двейн Уейд нар Бүх NBA-ын нэгдүгээр багт сонгогдсон байна.
Гурав дахь жилдээ дараалан, нийтдээ дөрөв дэх удаагаа Бүх NBA-ын нэгдүгээр багт сонгогдож буй Жеймс энэ улиралд нэг тоглолтод дунджаар 29,7 оноо, 8,6 оновчтой дамжуулалт, 7,3 удаагийн самбараас бөмбөг авалт, 1,6 бөмбөг таслалт, 1,0 блок шот гүйцэтгэсэн үзүүлэлтээр NBA-д амжилтаараа хоёрдугаарт бичигдээд байгаа юм.
Харин Ховард гурван улирал дараалан тус багт багтаж байгаа юм. 1973/74 оны улирлаас эхлэн блок шотыг албан ёсны статистикт оруулан тооцох болсноос хойш Ховард нэг тоглолтод дунджаар 13,2 удаагийн самбараас бөмбөг авалт, 2,78 удаагийн блок шот амжилттай гүйцэтгэж, хоёр улирал дараалан самбараас бөмбөг авалт болон блок шотын үзүүлэлтээр лигийг тэргүүлсэн анхны тоглогч болсон. Тэрбээр мөн гурван улиралд дараалан самбараас бөмбөг авалтын дүнгээр тэргүүлсэн NBA-ын түүхэн дэх ердөө тав дахь тоглогч болжээ. Ховардын энэ авьяас чадварын ачаар “Орландо Мэжик” нэг тоглолтод дунджаар 95,3 оноо авч, NBA-ын жагсаалтын дөрөвдүгээрт бичигдээд байна.
Мөн лигийн шилдэг тоглогчдын нэг Коби Брайнт тав дахь улиралдаа дараалан, нийтдээ найм дахь удаагаа Бүх NBA-ын нэгдүгээр багт сонгогдож байна. Тэрбээр энэ улиралд нэг тоглолтод дунджаар 27 оноо, 5,4 оновчтой дамжуулалт, 5,0 удаагийн самбараас бөмбөг авалт гүйцэтгэсэн амжилтаар дөрөвдүгээрт эрэмбэлэгдээд байна.
Харин Бүх NBA-ын хоёрдугаар багт “Финикс Санс”-ын Стив Нэш, Амаре Стадемаейр, “Юта Жазз”-ын Дерон Уильямс, “Денвер Наггетс”-ийн Кармело Энтони, “Даллас Маверикс”-ийн Дирк Новитзкий нар сонгогдсон бол гуравдугаар багт Жое Жонсон /Атланта Хаукс/, Брэндон Рой /Портлэнд Блейзерс/, Тим Данкан /Сан-Антонио Спурс/, Пол Газол /ЛА Лейкерс/, Эндрью Богут /Милваки Бакс/ нар багтжээ.
Сонирхуулахад, Бүх NBA-ын багийн тамирчдыг сонгохдоо Хойд Америкийн спортын салбарын 122 сэтгүүлч, нэвтрүүлэгчдийг саналыг хураадаг байна.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж