Өнгөрсөн долоо хоногт Германд болсон тоглолтод “Реал” 2:1 харьцаатай хожигдоод байсан. Улмаар өнгөрсөн шөнө өөрсдийн талбай “Сантьяго Бернабеу”-д хийсэн тоглолтод Криштиан Рональду дубль /6`, 14`/ хийж, тоглолтын хувь заяаг өөрсдийн талд эргүүлээд байсан ч ахмад тоглогч Арьен Роббен /27`/ тооны харьцааг 2:1 болгосон. Тоглолтын үндсэн цаг өндөрлөтөл дахин гоол ороогүй. Улмаар хоёр тоглолтын нийлбэрээр “Реал”, “Байерн”-ийн тоглолт 3:3 харьцаатай өндөрлөж, торгуулийн цохилтоор ялагчийг тодруулах болсон юм. Тоглолтын шийдвэрлэх үеийн гол баатрууд нь Бастьян Швайнштайгер болоод Мануэль Нойер нар байлаа. Швайнштайгер багаа шигшээд шалгарах хариуцлагатай гоолыг оруулсан бол Нойер “Реал”-ын эхний хоёр цохилтыг хааснаар багтаа давуу байдал авчирсан юм. Эзэн хааны багийн шилдгүүд болох Рональду, Кака нарын цохилтыг хаасан, харин энэ үед “Байерн”-аас Марио Гомез, Дэвид Алаба нар үүргээ биелүүлж, өрсөлдөгчийнхөө хаалганд гоол оруулсан. Тооны харьцаа 2:0.
2008 оны Аваргуудын лигийн финалд “МанЮ” болон “Челси” багууд таарч, пенальти цохиход Рональду алдаж байсан, түүний хувьд ийнхүү Аваргуудын лигт хоёр дахиа торгуулийн цохилт алдсан нь энэ байлаа. Гэтэл өмнөх өдөр нь дэлхийн шилдэг хөлбөмбөгч Лионель Месси мөн “Челси”-гийн эсрэг тоглолтод 11 метрийн торгуулийн цохилт гүйцэтгэсэн ч хөндлөвч цохиж, бүтэлгүйтсэн билээ.
Өнгөрсөн шөнийн тоглолтод торгуулийн цохилтод “Реал Мадрид”-аас Алонсо ганцаараа даалгавраа амжилттай биелүүлсэн бол “Баейрн”-аас Тони Кроос, Филипп Ламм нар алдаж, харин эцсийн мөчид хагас хамгаалагч Бастьян Швайнштайгер гоолдсоноор 3:1 харьцаатай Германы багийн ялалтаар өндөрлөсөн.
Ийнхүү тэд тавдугаар сарын 19-нд өөрсдийн талбай болох “Альянц Арена”-даа Английн “Челси” клубыг хүлээн авч, Аваргуудын лигийн аваргын төлөө өрсөлдөх эрхтэй боллоо.
Дашрамд сануулахад, “Челси” болоод “Байерн Мюнхен” багууд өмнө нь Аваргуудын лигийн 2004-2005 оны улирлын шөвгийн наймд таарахад Лондонгийн “Цэнхрүүд” 6:5 харьцаатай илүүрхэж байсан билээ. Тухайн үед “Стэмфорд Бриж” цэнгэлдэхэд болсон эхний тоглолтод талбайн эзэд 4:2-оор, дараа нь “Байерн”-ийн талбайд болсон хариу тоглолтод германчууд 3:2 харьцаатай хожиж байсан юм. Тэр үед тоглож байсан хоёр багийн тоглогчдоос өдгөө Бастьян Швайнштайгер, Фрэнк Лампард, Дидье Дрогба, Петр Чех, Жон Терри нарын таван тоглогч багтаа хүчин зүтгэсээр байна.