Герман холбоотнуудаа алдаж эхлэв

Хуучирсан мэдээ: 2012.04.26-нд нийтлэгдсэн

Герман холбоотнуудаа алдаж эхлэв

Германы
санаачилсан өрийн хямралтай тэмцэх санаачлагыг Франц, мөн улс төрийн
чиглэл нь эрс өөрчлөгдөх хандлагатай Нидерланд дэмжин байгуулсан өрийн
хямралын эсрэг гэрээ хэлцлийн хэрэгжилтэд өнгөрсөн ням гаригийн Францын
ерөнхийлөгчийн сонгууль асуудал үүсгэлээ. Нидерландад мөн удахгүй
сонгууль болох юм. Энэ бүгдээс үүдэн евро бүсийн эдийн засгийн цаашид
унаж, 2011 оны арваннэгдүгээр сарын төвшинд хүрсэн ажил хэргийн идэвхийн
индекс буурна гэсэн болгоомжлол хөрөнгө оруулагчдад үүсээд байна. Үүний
зэрэгцээ Европын холбооны улс төрийн асуудал гаргах муу мэдээ, сөрөг
дэвсгэр хангалттай байна. Испанийн Засгийн газар энэ жилийн эхний
улиралын дүнгээ гаргаад эдийн засаг унаж буй гэдгээ мягмар гаригт албан
ёсоор мэдэгдсэн.

Евро бүсийн эдийн засгийн уналт дөрөвдүгээр
сард эрч авч байна. Үүнийг ажил хэргийн индексийн бууралт гэрчилнэ.
“Markit Economics” компанийн худалдан авалтын менежерүүдийн үнэлгээний
статистикт тулгуурласан энэ индекс гуравдугаар сарын 49,1 пунктаас энэ
сард 47,7 пункт хүртэл буурсан байна. Энэ аж үйлдвэрлэлийн салбарын
сүүлийн гурван жилийн хамгийн доод төвшин болж байгаа юм. Сануулахад,
ажил хэргийн идэвхийн индексийн үзүүлэлт 50 пунктаас доогуур бол
уналттай, түүнээс дээш бол өсөлттэй байна гэдэг.

Дөрөвдүгээр
сарын байдлаар Германы эдийн засаг оны эхний улиралд 0,4 хувийн өсөлтэй
байсан бол Испанийн эдийн засгийн уналт 0,4 хувьтай гарчээ. Энэ орны
ажилгүйдлийн төвшин түүхэн дээд хэмжээ 22,85 хувийг заалаа. Жилийн
дүнгээр бол ДНБ-ний уналт 0,5 хувьд хүрчээ. Тиймээс үүнийг техникийн
уналт гэж нэрлэхээр байгаа юм.

Европын сөрөг статистикээс болж
дэлхийн биржүүдийн индекс нь унаж байна. Үүнд S&P 500 -1,2, Dow
Jones Industrial Average – 1,1, Францын CAC 40 – 2,97, Германы DAX – 3,5
хувь тус тус унасан байна.

Герман, Францын эвсэл сүүлийн хоёр
жилийн турш евро бүсийн санхүүгийн хямралтай тэмцэх тэмцлийг толгойлж
ирсэн. Одоо уг эвсэл задрахад хүрч байна. Сануулахад, Социалист намын 
нэр дэвшигч Франсуа Олланд Францын ерөнхийлөгчийн сонгуулийн эхний
шатанд байгуулан төрийн тэргүүн Николя Саркозигаас 1,5 хувиар илүү санал
аван ялалт байгуулаад байгаа. Ноён Олланд өмнө нь нэг биш удаа хоёр
орны хямралын эсрэг авч байгаа арга хэмжээг эргэн харна гэж байсан юм.
Тэрээр төсвийн алдагдлыг арилгах ЕХ-ны “фискалийн гэрээ” болон Европын
орнуудын улсын өрийн эсрэг байр суурьтай байдаг. Үүнтэй зэрэгцээд ийм
санааг Нидерландын Засгийн газар гаргаж байсан. Гэрээний дагуу төрийн
зардлыг 20 тэрбум ам.долларын хэмжээнд буулга гэдгийг Нидерландын
Засгийн газар зөвшөөрөхгүй байсаар ерөнхий сайд Марк Рютте огцров.
Түүний гол өрсөлдөгч Герт Вилдерс нь Францын үндсэрхэг үзэлтнүүдийн
лидер Марин Ле Пен шиг үндэсний валют гульденийг сэргээх, цагаачлалд
хязгаарлалт хийхийн төлөө байгаа. Өмнө нь Нидерланд Германы адил евро
бүсийн хязгаарын орнуудад төсвийн хатуу дэглэм тогтоохын төлөө байсан.
Гэвч шинээр үүсэх эвслийн Засгийн газар “европ” талын чиглэлээ барихгүй
бололтой.

Эдийн засгийн байдал асуудалтай орнуудад хүнд байгаа.
Бүсийн зах хязгаарын орнууд төвийн бодлогыг дэмжих шаардлагад хашигдсан
байгаа нь асуудалд сөргөөр нөлөөлж буй. Долдугаар сарын 1-нээс эхлэн
Европын холбооны бүх орнууд Ираны нефтийн хоригт нэгдэх ёстой. Гэхдээ
Европын холбооны Гадаад хэргийн сайд нар өнгөрсөн ням гаригт Ираны
нефтийн хоригийн асуудлыг тавдугаар сарын сүүлчээр шийдэхээр  болжээ.
Учир нь уг хориг Грек эдийн засагт ямар сөрөг нөлөө учирч болохыг судлах
хугацаа шаардсан байна. Грек, Испани, Итали зэрэг эдийн засгийн
уналттай байгаа орнууд Ираны нефтийн гол хэрэглэгчид юм. Хэрэв хориг
арга хэмжээ хэрэгжвэл тэдний эдийн засагт асуудал гарах нь ойлгомжтой.

Европын
холбооны эдийн засгийн байдал муудаж байгаагийн хариуд нь Олланд
тэргүүтэй улстөрчид Европын Төв банк /ЕТБ/-инд ачааны голыг үүрүүлэх
болно. ЕТБ одоохондоо эдийн засагт хөрөнгө оруулахгүй байгаа. ЕТБ нь
хоёр удаа лимитгүй дуудлага  худалдаагаар европ банкуудад нэг их наяд
еврог оруулж, суурь ханшаа нэг хувь хүртэл бууруулж байгаа. Үүнээс цааш
идэвхтэй үйл ажиллагаа явуулах нь дүрмээр нь хориотой. Инфляцийг хоёр
хувиас дээш гаргахгүй байх бодлогоо хэрэгжүүлээгүй бол бэлэн мөнгөний
хэмжээг нэмэхгүй гэсэн дүрэм ЕТБ-нд байдаг. Гэтэл гуравдугаар сарын
инфляци нь жилийн дунджаар 2,7 хувь байв. Улс орнуудын үнэт цаасны ашигт
тавих зах зээлийн өсч буй шаардлага нь ЕХ-ны хямралын эсрэг арга
хэмжээний зөвшилцлийг ирэх зун, намраас эргэн харахаас өөр аргагүй
байдалд хүргэж байна. Гэхдээ энэ удаа Германы нөлөө, санхүүгийн идэвхтэй
оролцоогүй байх бололтой.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж