Шүүхтэй нүүр тулсан ТОП-10 ерөнхийлөгч | News.MN

Шүүхтэй нүүр тулсан ТОП-10 ерөнхийлөгч

Хуучирсан мэдээ: 2012.04.26-нд нийтлэгдсэн

Шүүхтэй нүүр тулсан ТОП-10 ерөнхийлөгч

Нэгэн цагт улс орныхоо тэргүүн гэгдэж байсан эрхмүүд гэмт хэрэгт буруутгагдах бүр амь насаа ч алдах адармаатай хувь тавилан туулсан нь байдаг. Бид энэ удаад шүүхээр гэм буруутай нь тогтоогдсон ерөнхийлөгч нарын тухай мэдээллийг хүргэж байна. Ерөнхийлөгч нарын гэх хэргийг ихэвчлэн албан тушаалаа өгөн, халдашгүй бүрэн эрх нь дууссаных нь дараа илрүүлсэн байдаг аж. Ингээд Ассадаас Энхбаяр хүртэл буюу А-Я хүртэл бүгдийг гаргалгүйгээр сүүлийн үед хэрэг нь илэрч “нарсанд суусан” буюу суух  нүгэлтэй гэгдэж байгаа өөрөөр хэлбэл, шүүхээс гэм буруутай гэж тогтоогдсон ТОП-10 ерөнхийлөгч  болон экс-ерөнхийлөгч нарын хэргээс  танилцуулья.

Хүчингийн хэргээр ял эдэлж буй “ерөнхийлөгч”

Израилийн найм дахь ерөнхийлөгч Моше Кацав хүчингийн хэрэг хийснийхээ төлөө 28 мянган ам.долларын торгууль төлж, шоронд долоон жил суух болсон.
Жуулчлалын сайд байхдаа өөрийг нь сексийн боол болгон хувиргасан гэх гомдлыг аппаратын ажилтан байсан нэгэн эмэгтэй Моше Кацавын нэр дээр гарган шүүхэд хандсан. Сексийн дуулиан хүчээ авсны дараа Кацав ерөнхийлөгчийн албан тушаалаасаа огцорсон юм. Гомдол гаргасан эмэгтэйд нөхөн олговрын мөнгө төлсөн ч тэрээр шүүхээс зугтаж чадсангүй. Харин өөрөө гэм буруугүй гэдгээ шүүхээр нотлон уг эмэгтэйд өгсөн мөнгөө буцаан авна гэж хэдэн жилийн өмнөөс мэдэгдэж байсан юм.  Гэтэл шүүх түүнийг гэм буруутай гэж үзэн ял оноожээ.

Жак Ширакийг авлигийн хэргээр яллав

Хэрэгтний суудалд суусан Францын анхны ерөнхийлөгч гэсэн цол түүнд ялтай нь хамт ирэв. Яллагч нар түүнийг Парис хотын дарга байхдаа хоосон орон тоо гарган цалин бичиж авч намаа санхүүжүүлж байсан гэж үзсэн юм. Парис хотын Засан хүмүүжүүлэх шүүх Жак Ширакийг 1977-1995 онд Парис хотын захирагч байхдаа хотын захиргаанд хоосон  ажлын байр бий болгон цалин хөлсийг нь авсан хэрэгт буруутай гэж үзэн экс-ерөнхийлөгчийн хоёр жилээр хорих эчнээ ялаар шийтгэжээ. Улсын яллагчид Жак Ширакийг албан тушаалаа урвуулан нийгмийн хөрөнгийг ашигласан гэм буруутайг батлан тогтоосон гэж шүүгч үзэв. Энэ дуулиант хэргийн шүүх хурал өнгөрсөн жилийн гуравдугаар сард эхлээд хэргийн мөрдөн байцаах үйл ажиллагааны үндэслэлээс болон сунжирсаар есдүгээр сард шүүх хурал нь болсон. Ширакийн эрүүл мэндийн байдал тааруу байсан учир түүнийг шүүх хуралд суухгүй байхыг зөвшөөрсөн.  Шүүхийн энэхүү шийдвэрийн талаар Ширак энэ шүүх хурлыг ардчиллын хувьд чухал алхам гэж үзэж байгаа гэж Жак Ширак хэлж байсан. Гэхдээ өөрийгөө тэр ёс зүйгүй, хууль бус ажиллагаа хийгээгүй, бас хувьдаа баяжиж, ашигласан зүйл үгүй гэсэн билээ. Ж.Ширак Парис хотын захирагчаар 18 жил ажиллаад 1995 онд тав дахь Бүгд найрамдах улсын тавдугаар ерөнхийлөгчөөр сонгогдсон. Тэрээр 2005 он хүртэл 12 жилийн турш ерөнхийлөгчийн дархан эрхтэй байсан учир хэргийг нь шүүн хэлэлцэх боломжгүй байсан юм.

Тайванийн экс-ерөнхийлөгч эхнэрийнхээ хамт шоронд суув

Тайванийн тэргүүн хосууд газар худалдахад тус болсны төлөө авлига авснаас гадна Ерөнхийлөгчийн сангаас 330 мянган ам.доллар завшсан байжээ. Эхлээд Тайванийн шүүх тэдэнд бүх насаар нь хорих ял өгсөн байснаа зөөллөн 19 жил болгосон юм.

Өмнөд Солонгосын лидер шүүхээс нуугдав

Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Ли Мен Бакийн эсрэг хэргийг ерөнхийлөгчийн тангараг өргөснийх нь дараа эхлүүлсэн. Түүнийг хуурамч компани байгуулан газар дамлан зарсан хэрэгт сэжиглэн шалгасан. Гэхдээ тэрээр ерөнхийлөгчийн дархан эрхтэй байсан учраас шүүх түүний ялыг хэрэгсэхгүй болгосон билээ. Гэхдээ БНСУ-ын парламент хэргийг үргэлжлүүлэх шалгахын хэрэгтэй гэж үзэн 38 хоногийн мөрдөн байцаалт явуулан Ли Мен Бакийг санхүүгийн залилангийн хэрэгт буруугүй гэж үзсэн байна. Түүний бүрэн эрхийн хугацаа ирэх арванхоёрдугаар сард дуусна.

Хосни Мубаракийг хувьсгалын дараа шүүж эхлэв

Тахрирын талбайд хувьгал дэгдсэнээс хойш сар гаруйн дараа шүүх экс ерөнхийлөгчийг мөрдөн мөшгөж эхлэв. Мубаракийн өмнөх ерөнхийлөгчийн охин Ракия Садат түүнийг эцгийнхээ үхэлд буруутэй гэж шүүхэд хандсан юм. Мөн хувьсгалын үеэр гарсан хүчирхийллийг мөрдөх тусгай комисс Хосни Мубаракийг хэдэн зуун жагсагч амь үрэгдсэнд буруутай гэж үзсэн байна. Мөн түүнийг хоёр хүүгийнх нь хамт улсын хөрөнгө мөнгө шамшигдуулсэн хэмээн хорьж шүүж байгаа юм. 

Филиппиний экс ерөнхийлөгчийг нөхөр, хүүгийнх нь хамт онгоцноос буулган саатуулжээ

Филиппиний экс-ерөнхийлөгч Глория Макапагал-Арройог өнгөрсөн жилийн сүүлчээр (Gloria Macapagal Arroyo) нөхөр, хүүгийн хамт Сингапурт явах гэж байхад баривчлан саатуулсан. Филиппиний Хууль зүйн сайд Лейла де Лима (Leila de Lima) түүнийг шүүхээс зугтах гэж байна хэмээн саатуулах зөвшөөрөл өгсөн. Глория Макапагал-Арройог авлигын болог сонгуулийг будлиантуулсан хэрэгт сэжиглээд байгаа юм. Арройо өөрөө үүнийг үгүйсгэж байгаа. Одоо түүний хэрэгт мөрдөн байцаалт явуулж экс-ерөнхийлөгчийг гэрийн хорионд байлгаж байна. Аройог 2007 оны сонгуулиар орон нутгийн эрхтнүүдтэй хуйвалдан өөрийгөө дэмжсэн нэр дэвшигчдэд ашигтайгаар сонгуулийн дүнг өөрчилсөн гэж буруутгаж байгаа юм. Хэрэв гэм буруутай нь тогтоогдвол түүнд 40 жил хүртэл хорих ял өгч магадгүй. 2010 оны тавдугаар сард сонгуульд авлигын эсрэг уриатайгаар орж ялсан Бениньо Акино ялалт байгуулсныхаа дараа Арайотой тооцоо хийнэ гэсэн билээ.
Глория Макапагал-Арройо Филиппиний ерөнхийлөгчөөр хоёр бүрэн эрхийн хугацаанд ажилласан юм.

Берлусконийн олон хэрэг

     
Өнгөрсөн оны тавдугаар сараас хойш Сильвио Берлускони Миланы шүүхэд мэдүүлгээ өгч байна. 2000 онд Берлускони “Fininvest”  компанийн хууль бус санхүүгийн ажиллагааны талаар чимээгүй байсных нь төлөө Миллсийн банкны дансанд 600 мянган ам.доллар хийсэн гэж  сэжиглэсэн. Хэдхэн хоногийн өмнө экс-ерөнхий сайд шүүхэд дахин мэдүүлэг өгч амьдралыг нь дуулианаар сүйрүүлсэн эмэгтэйчүүдийг мөнгө хөрөнгөөр тэтгэж буйгаа хэлжээ. 

Сануулахад, Миланы шүүхэд “зүрх залгигч Руби” нэртэй биеэ үнэлэгч Карима аль-Махругийн хэрэг хэлэлцэж байгаа. Үүнд Сильвио Берлускони Ерөнхий сайдыг албан тушаалаа урвуулан ашиглаж, насанд хүрээгүй биеэ үнэлэгчийн сексийн үйлчилгээнд мөнгө төлсөн гэж буруутгаж буй юм. Өөр  нэг хэрэг нь Берлусконийн өмнөх үйл ажиллагаатай холбоотой. Түүнийг Италийн томоохон медиа холдингийн эзний хувьд татварын залилан хийж, нууц сангууд байгуулсан гэж буруутгасан байдаг. Кино үзүүлэх эрхийг худалдан авахтай холбогдсон цуврал яллагын нэг нь энэ юм. Мөрдөн байцаалтын явцад Берлускони ба түүний түншүүд нь зөвхөн 2002-2005 оны хооронд  34 сая ам.долларыг хууль бусаар завшсан гэж яллагдаж байгаа зэрэг өч төчнөөн хэрэг түүнд тулгаад байгаа юм.

Гэргий нөхөр хоёрт 35 жилийн эчнээ ял оноов

Тунисийн анхан шатны шүүх өнгөрсөн оны зургадугаар сард 1987-2011 онд тус орныг удирдаж байгаад хувьсгалаар зайлуулагдсан, ерөнхийлөгч асан Зин аль-Абидин бен Али түүний гэргий нарыг 35 жил хорих ялаар шийтгэсэн байна. 2011 оны нэгдүгээр сарын 14-нд зугтсан Тунисийн лидерийн анхны шийтгэл нь энэ болж байна. Ерөнхийлөгчийн өргөөнүүдийн нэрээр “Сиди-Дриф”, “Карфаген” гэж нэрлэгдсэн зөвхөн хоёрхон хэргийг л одоогоор шүүх авч үзээд байгаа. Гэхдээ зөвхөн эхний хэрэгт нь л ийм ял оноогоод байгаа юм.

Экс ерөнхийлөгч тэргүүн хатагтай хоёрыг улсын хөрөнгө идэж, валют ба үнэт эдлэлийг хууль бусаар завшсан гэж шүүгч Тухами Хафи үзлээ. Бен Али 1992 оноос хойш 16,4 сая динарыг  (8,2 сая евро) хууль бусаар албан ёсны зарлиггүйгээр цалингаа нэмсээр идсэн гэжээ. Сиди-Дриф өргөөнөөс илрүүлсэн бэлэн мөнгө ба үнэт эдлэл нь 41,2 сая динар (20,6 сая €), алтан гулдмай нь 750 мянган динарын (375 мянган €.) үнэтэй байсан ажээ. Шүүхийн шийдвэрийн дагуу бен Алид 50 сая динар, Трабелсид 41 сая динарын торгуул ноогдуулсан байна. Тунисийн La Presse de Tunisie сонин дүнэлт хийхдээ мөрдөн байцаалт нь ерөнхийлөгч ба тэргүүн хатагтай нарын “авлига, зарлага, үрлэг, завшилтын гайхмаар цар хүрээ, улсын мөнгө хөрөнгийн зориулалтын бус хэрэглээг” харуулж өглөө гэсэн байв. Бослого гарахын өмнөхөн Тунисийн эрх баригчид алт, валютын сан ба дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт жилдээ дөрвөн хувь хэмээн бардамнаж байсан. Ашиг орлогыг нь эрх баригч отгийнхон хүртэж байж. Тэднээс энэ хатагтай хамгийн авхаалжтай нь. Үсчнээс тэргүүн хатагтай  болсон энэ эмэгтэй 10 ах дүүсийнхээ хамтаар интернэтээс тунец загасны ан хүртэл ашиг авчрах бүхнийг хувааж байсан гэнэ. Тунисийг колончилж байсан Францын хэвлэлээр тэр хатагтай нь XV Людовик хааны шадар эмэгтэйчүүдийн хэнтэй нь илүү адилхныг болохыг тодруулж, Мария-Антуанетта хатан хаан шиг цаазын тавцанд амьдралаа үднэ гэж бичиж байжээ. Тэргүүн хатагтай ард олны уур хилэн газар авахаас өмнө бултсан. Зугатахдаа ч зүгээр ч явсангүй 1500 кг алт  аваад  явжээ.

Монголд буудалласан Таксин Чинават

Тайн цэргийн дарга нарын 2006 оны есдүгээр сарын 19-нд зохион байгуулсан цэргийн эргэлтээр Чинаватын Засгийн газрыг авлигад идэгдсэн гэж буруутган эрх мэдлээс нь буулгасан юм. Хожим 2007 онд ардчилагчид Үндсэн хуулийн цэц нь Чинаватын “Тайчууд тайчууддаа хайртай” (Thai Rak Thai, TRT) гэсэн намыг хориглон татан буулгажээ. Шинэ Засгийн газар 2008 онд авлигын хэргээр эчнээ хоёр жилийн ял өгсөн Таксин Чинаватад эрүүгийн мөрдөн байцаалтыг эхлүүлсэн юм. Түүнээс үүдээд ерөнхий сайд асан улс орноосоо зугтан эхлээд Их Британид дараа нь Арабн Нэгдсэн Эмиратад орогнох болжээ. Мөн Монголд үе үе ирдэг гэсэн мэдээлэл байгаа юм.

Ерөнхийлөгчид зориулж үзэг цуглуулах кампани

Чехийн Радек Ржегачек Ян Козак нар  ерөнхийлөгчдөө зориулан бичгийн хэрэгсэл цуглуулах кампанийг Чехад эхлүүлсэн.
“Ноён ерөнхийлөчдөө үзэг цуглуулцгаая!!!” (Sbirka per pro pana prezidenta!!!) гэсэн нэртэй кампаниа Ржегачек Козак нар, интернэтийн  сүлжээнд Чехийн ерөнхийлөгч Вацлав Клаус Чилид айлчлахдаа протоколын үзэг “шуусан” бичлэг тавигдсаны дараа эхлүүлсэн юм.Чехийн ерөнхийлөгч үзэг хулгайлж байгаа энэхүү видео бичлэг олон улсын хэмжээнд шуугиан тарьсан монголчууд бид ч сонирхон үзэж байсан учраас та ч бас санаж байгаа байх. Энэхүү бичлэгийн дараа чехүүд аль болох их үзэг, харандаа, шохой зэрэг бичгийн хэрэгсэл цуглуулан ерөнхийлөгчдөө өгөх санаачлага гаргасан. Ерөнхийлөгч нараас жижиг хулгай хийгээд илчлэгдсэн анхны хүн нь Чехийн ерөнхийлөгч болжээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2012-04-26 49.0.198.141

Enkhbayar her ikhiig idej uugaa bol

Avatar

Зочин 2012-04-26 99.57.27.106

Египет Израильд бай

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж