Египет Израильд байгалийн хий нийлүүлэхээ зогсоов

Хуучирсан мэдээ: 2012.04.26-нд нийтлэгдсэн

Египет Израильд байгалийн хий нийлүүлэхээ зогсоов

Египет
Израильд байгалийн хий нийлүүлэхээ зогсоов. Хоёр компанийн хоорондын
арилжааны маргаанаас болж хий нийлүүлэлтээ зогсоосон гэж Египет
тайлбарлаж байгаа. Израилийн эрх баригчид уг хэргийг дэврээхгүй байхыг
хичээж буй юм. Харин шинжээчид Египетэд исламистуудын нөлөө өсч байгаа
нь үүний гол шалтгаан болсон гэж үзэж байна. Ийнхүү хий нийлүүлэх гэрээг
тасалдуулснаас ирээдүйд Израиль ба Египетийн хоорондын энхийг гэрээг
бас таслах магадлал өндөр болов. Энэ сарын 19-ний өдөр байгалийн хий
нийлүүлэх Израиль-Египетийн гэрээг цуцалсан. Тэр өдөр Египетийн
“Egyptian Natural Gas Holding Company” (EGAS) компани хий экспортлогч
“East Mediterranean Gas Company” (EMG) гэх Израиль-Америкийн
консерциумын  түншүүддээ “гэрээний нөхцлийг” (Израилийн талаас) зөрчсөн 
учраас гэрээгээ цуцалсан тухайгаа мэдэгдсэн юм.

Египетийн
байгалийн хийг Израильд нийлүү­лэх гэрээг 2005 онд байгуулсан.  Үүнээс
гурван жилийн дараа Синайн хойгийн орд газраас Из­раильд хийн нийлүүлж
эхлэн 2010 он гэхэд жилд 2,1 тэрбум шоо/метрт хүржээ. Энэ нь Израилийн
хийн хэрэглээний 30 хувь юм. Талууд мөн нийт зургаан тэрбум ам.доллараар
20 жилийн дотор 42 тэрбум шоо/метр хий нийлүүлэх  шинэ гэрээ
байгуулсан.

Египетэд ерөнхийлөгч Хосни Мубаракийн эс­рэг хувьсгал
гарснаар хий нийлүүлэлтийн хэмжээ эрс багассан. Өнгөрсөн жилийн
хоёрдугаар сараас энэ жилийн дөрөвдүгээр сар хүртэл хий дамжуулах
хоолойг исламистууд 14 удаа дэлбэлсэн. Өнгөрсөн жилийн 125 өдөр нь л
Израйль хий нийлүүлж, хэмжээ нь 70 хувь багасч 0,69 тэрбум шоо/метр
болсон. Энэ нь Израилийн хэрэглээний 10 хувьтай тэнцэх хэмжээ юм.
Египетчүүд хий нийлүүлэхээ больсноос болж израильчууд 160 сая хүртэл
ам.долларын хохирол амссан хэмээн нөхөн төлбөр шаардаж байгаа юм. Харин
Египет Израиль дөрвөн сарын турш төлбөр хийгээгүй гэж буруутгаж байгаа.
Египет хий нийлүүлэхээ зогсоолоо ч гэсэн Израилийн эдийн засаг
хохирохгүй. Эрчим хүч, усны нөөцийн сайд Узи Ландау хоёр жилийн өмнөөс
хийн хамаарлаас ангижирахын тулд өөрсдийн байгалийн хийн орд газруудыг
ашиглаж эхэлсэн гэж мэдэгдлээ. Гэлээ ч  Ям-Тетисийн орд газрын нөөц
дуусах талдаа орж байгаа ч Израилийн эрэг хавийн далайн ёроолын шинэ
ордыг ирэх жилээс ашиглаж эхлэх бололтой. Египетэд ч Израильд ч үүнийг
хоёр компанийн маргаан гэж буй. “Египетийн хийн нийлүүлэлтийг
зогсоосноор улс төрийн хямрал гарахгүй. Хоёр орны компаниудын хооронд л
санхүүгийн зөрөлдөөн байгаа” хэмээн Израилийн ерөнхий сайд Биньямин
Нетаньяху мэдэгдсэн байв. Харин шинжээчид үүнийг өөрөөр тайлбарлаж
байгаа. “Египетийн  цэргийн Дээд зөвлөл ба “Мусульман ахан дүүс”
хөдөлгөөний хооронд ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө хийгдсэн нууц
тохиролцооны талаар энд яриа байж болох юм” гэж Каирт сууж байсан Элчин
сайд Цви Мазель хэлж байна.

Хийн нийлүүлэлтийн тухай гэрээг
цуцалсан нь Израильтай сөргөлдөх гэсэн Египетийн исламистуудын ерөнхий
стратегийн нэг хэсэг гэж шинжээчид дүгнэв. Оросын Ойрхи Дорнодын
хүрээлэнгийн ерөнхийлөгч Евгений Сатуновский египетчууд 1979 онд
Израильтай байгуулсан энхийн гэрээгээ ээлж дараатай зөрчиж буй гэжээ.
“Хийн нийлүүлэлтийн гэрээг тасалдуулсан, мөн египетийн арми Синайд
Израилийн талын зөвшилцөлгүйгээр орж байна. Ийм маягаар хилийн аюулгүй
байдлаас эрчим хүчний эх сурвалжийн нийлүүлэлт хүртэл үндсэн гэрээний
заалт бүрийг дараалан зөрчиж байна. Гэрээ нь ийм маягаар ёс төдий болсон
нөхцөлд үүнийг цуцлах шиг амархан зүйл үгүй” хэмээн тэрээр тайлбарлав.

Энэ
бүгд нь эцсийн дүнд дайнд хүргэх магадлалтай. “Египетийн исламистуудад
одоо тус орны эдийн засаг, улс төрийн амьдралыг зохицуулдаг Египетийн
армийг  устгах хэрэгтэй болсон. Үүний тулд зөвхөн дайн л хэрэгтэй”
гэдэгт Евгений Сатуновский бараг бүрэн итгэлтэй байгаа ажээ.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж