”7 сарын 1-ний хурлыг санаатайгаар хойшлуулж байна”

Хуучирсан мэдээ: 2012.04.26-нд нийтлэгдсэн

”7 сарын 1-ний хурлыг санаатайгаар хойшлуулж байна”

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Төрийн ордонд нийслэлийн иргэдтэй уулзлаа.

Ерөнхийлөгч жил бүрийн дөрөвдүгээр сарын 25-нд иргэдтэй уулздаг уламжлал ёсоор өчигдөр Төрийн ордонд энэхүү уулзалт болсон юм. Мөн уулзалтад УИХ-ын гишүүд, Улаанбаатар хотын удирдлагууд, манай улсад суугаа зарим орнуудын элчин сайд, дипломатууд, олон улсын байгууллагын төлөөлөл, иргэд  оролцож сонирхсон асуултдаа хариулт авсан юм. Мөн уламжлал ёсоор уулзалтын эхэнд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нээж илтгэл тавьсан. Тэрээр илтгэлдээ энэхүү уулзалтыг зохион байгуулахаас өмнө санал асуулгыг авсан учраас итгэлдээ иргэдийн энэ асуултанд хариулахыг хүссэнээ илэрхийлсэн.

Ингээд түүний үгийг тоймлон хүргэж байна. 

“Ерөнхийлөгч иргэний эрх, эрх чөлөө, ерөөсөө монгол хүний уламжлал, гадаад харилцаа, орон нутгийн эрхийг өргөтгөхтэй холбгдсон асуудал, байгаль орчин гэсэн чиглэлүүдэд анхаарч ажиллаж ирсэн. Гэсэн хэдий ч мөрийн хөтөлбөр дэвшүүлээд тодорхой цаг хугацаанд ажиллаж байгаа ч амьдрал баян, иргэд, төрийн өмнө тулгарч буй олон асуудал гарч ирдэг. Эдгээрээс сүүлийн үед хууль тогтоомжийн хэрэгжилт ихээхэн анхаарал татаж байна. Хууль тогтоомжийн хэрэгжилт эргээд улс орны аюулгүй байдалтай шууд холбогддог. Улс орны аюулгүй байдал гэдэг нь тухайн орны хууль тогтоомжийн хэрэгжилт, төрийн үйл ажилагаанаас шууд хамаардаг. Би Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөж байхдаа энэ индрээс нэг зүйлийг нийт ард иргэддээ сануулж хэлж байсан. Орчин цагт аливаа улс орон гаднаасаа эзлэгдэхээс илүү дотроосоо идэгдэж, уруудан доройтох хандлага байна. Үүнд бид автаж болохгүй гэж хэлж байсан. Тэгэхээр аюулгүй байдал алдагдаад ирэхээр тухай орны ард иргэдийн нийтлэг эрх ашиг алдагдаад ирдэг. Тэр нийтлэг эрх ашгаар тухай орны аюулгүй байдал тодорхойллогддог. Монголын ард түмний нийтлэг эрх ашиг гэж юу вэ гэдгийг харах хэрэгтэй. Улс орон тусгаар байж, ард түмэн нь эрх чөлөөтэй, амгалан тайван амьдрах, төр нь ажиладаг хууль дүрэм нь хэрэгждэг бол бидний нийтлэг эрх ашиг юм. Хэрвээ энэ нийтлэг эрх ашгийг хамгаалсан хууль дүрэм хэрэгжиж чадахгүй бол улс орны аюулгүй байдал алдагдаж эхэлдэг юм. Энэ эрх ашиг зөрчигдөхгүй байхыг Монголын төр хангадаг.

Төр бол нийтлэг дүрэм журам. Төр бол хуулийн хэрэгжилтийг хариуцаж, ард түмний эрх ашигт үйлчилдэг үйлчилгээг хариуцдаг. Монгол бол дарга нарын бус дарга намыг тэжээдэг улс биш ээ. Албан тушаал, цол хэргэм, энэ бүхнийг дарга болгодог зүйл биш. Энд сууж байгаа албан тушаалтнууд энэ талаар мэдэж байгаа байх. Үүнийг ард түмэн өгдөг.

Ямбаа ч эдэл, ялаа ч үүр гэсэн үг байдаг. Энэ бол эрхээ ч эдэл үүргээ ч хэрэгжүүл, чадахгүй бол хариуцлагаа хүлээ гэсэн үг. Би бол төр гэдэг байгууллагад Ерөнхийлөгч хийдэг хүн. УИХ-ын гишүүн бол УИХ гэдэг байгууллагад ард түмнийг тө­лөөлж УИХ-ын гишүүн гэсэн ажил эрхэлдэг. Албан хаагч нь ажиллаж, хууль дүрэм нь хэрэгжиж байж төр ор­­­шин тогтнодог. Төрийн ажилчид сайн ажиллаж байвал төр сайн, муу ажил­лавал муу л дүн авна. Ганц нэг хү­ний асуудал, хууль хэрэгжихгүй байна гэдэг, эргээд төр улсын аюулгүй байдалтай уялддаг гэдгийг хэлэх гэсэн юм.

Монгол Улсын аюулгүй байдал зарим албан тушаалтны эсвэл өндөр албан тушаалтай байсан зарим этгээдүүдийн дур зоргоос болж хохирох ёсгүй.  Тухайбал, 2008 оны долдугаар сарын 1-ний өдөртэй холбоотой асуудал байна. Олон удаа шүүх хурал хойшилж байна. Зохион байгуулалттай шүүх хурлыг тасалдуулж байна. Шүүх хуралдахгүй бол хууь байхгүйтэй адил. Хууль байхгүй бол төргүй, төргүй бол улс байх эсэх асуудал босч ирнэ. Ийм учраас шүүхээ хуралдуулаач, байдал ноцтой болж эхэллээ гэж хүмүүс яриад байгаа нь эндээс үүсч байгаа юм. Монгол Улсын шүүх Монголын нэрийн өмнөөс шийдвэр гаргадаг нь зүгээр нэг зүйл биш. Энэ бол учиртай. Шүүхий шийдвэр улсын нэр­тэй холбогддог. Тухайн төр улс байх эсэхтэй холбогддог учраас энэ нь эргээд улс орны аюулгүй байдалтай хол­­­богдож эхэлдэг. Зүгээр нэг шүү­­хийн шийдвэр гэхээсээ илүү улс орны аюулгүй байдлыг доройтуулаад байна гэж харж байгаа юм. Үүнийг ард иргэдийн нийтлэг эрх ашиг зөрчигдлөө гэж байгаа нь харагдаж байна. Шүүх бол хэн нэгэн дарга, намын хараат бус шийдвэр гаргадаг. Үүнийг эрх зүйт төр гэдэг. Зөв бурууг олохын тулд шүүхэд ханддаг. Шүүхийн шийдвэрийг шударга гэж үздэг. Нэг удаа УИХ-ын гишүүн “Монголын шударга шүүх мандтугай” гэж байсныг санаж байна. Шүүхийн шийдвэрийг улс төрийн дарга нар бус,  эрхзүйт төр учраас төр үүнийг нь бүрдүүлж өгөх хэрэгтэй” гэж Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж онцолж байлаа.
 
Иргэдийн сонирхсон зарим асуултад хариулсныг хүргэж байна.

-Сонгинохайрхан дүүргийн иргэн О.Түшиг

-Тогтмол иргэдтэй уулздаг Ерөнхийлөгчдөө баярлаж байна. Гүйцэтгэх засаглалын тэргүүн,  төрийн түшээд ч гэсэн иргэдтэйгээ уулзалт хийж байх хэрэгтэй байна. Асуух асуулт ч мөн олон байна. Нийслэлийн удирдлагуудад хандаж, нийгэмд архидалт хэрээс хэтэрсэн асуудал болоод байна. Бусад орны жишгийг харахад архи, тамхинаас салах олон арга байдаг. Хүмүүсийн дунд хийсэн судалгаагаар өсвөр насны хүүхдүүд архи, тамхины хаяг, шошгыг шохоорхон хэрэглэдэг гэсэн байна лээ. Тиймээс  манайд ч гэсэн энэ байдлаас салах хэрэгтэй байна.

-Б.Мөнхбаяр (Хотын дарга)

-Архины худалдаа эрхэлдэг байгууллагыг нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулиар зохицуулах боломжтой ч одоогоор энэ хуулийг одоогоор өргөн барьсан байгаа.

-Чингэлтэй дүүргийн иргэн н.Энхбаатар

-Одоо нийгэмд тулгарч байгаа гол асуудал бол Сонгуулийн тухай хууль. Одоогийн мөрдөж байгаа хулиараа явуулж болох уу. Энэ удаагийн сонгууль шударга болно гэдэг Үндэсний аюулгүй байдлыг зөвлөлийн даргын хувьд итгэж байна уу.

-Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж:

-Сонгуулийн тухайд УИХ өөрсдөөс шалтгаалах зүйлээ нэн даруй шийдэх хэрэгтэй. Хоёр намын хувьд энэ асуудлыг шийдэж өгөөчээ гэсэн хүсэлт ҮАБЗ-д тавьсан. Мөн СЕХ гэж биеэ даасан байгууллага байгаа. Энэ байгууллага сонгуулийг зохион байгуулах үүрэгтэй. Мөн Засгийн газраас хийх ёстой зарим зүйл байгаа. Тал талдаа хуулиа хэрэгжүүлээд явбал сонгууль шударга явна. Шинэ сонгуулийн хуулинд ч тодорхой заалтуудыг шинэчилсэн байгаа.

-Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга н.Байдраг

-Хотын газар олголт нийтийн эрх ашгийг хангаж чадахгүй байна. Хууль бусаар газар олгож байна. Захиргааны хэргийн шүүх дээр хамгийн их гомдол ирсэн нь газрын маргааны хуулиар ирсэн гомдол байдаг. Төр хууль шүүх тогтоох байгууллагынхаа хараат бус байдлыг хангаж чадахгүй байна гэж ойлгогдож байна

-Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж

-Шүүхийн шинэчлэлийн талаар би багц хууль УИХ-д оруулж байгаа. Эхний гурвыг нь оруулсан. Одоо дараа дараагийн хуулиудыг бас УИХ-аар хэлэлцүүлнэ. Тиймээс энэ бүх шударга бус зүйл өөрчлөгдөх болно.

-“Бүгдээрээ хэлэлцэе” ТББ-ын тэргүүн Янсанжав

-Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэ­ний танхимыг орон нутаг руу чиглүүлж, орон нутгийн иргэдийн оролцоог нэмэгдүүлэхийн тулд Иргэний танхи­­мын журмаар асуудлаа шийдээд байх боломжтой. Тиймээс Иргэний танхи­­­­мыг орон нутагт шилжүүлэх боломж бий юу

-Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж:

-Энэ бол бүхэл бүтэн цогц хууль байгаа юм. Манай дүүрэг, хот, сум бүхэн өөрийн дүрэмтэй байх ёстой. Энэ дүрмийн дагуу иргэд хуулиа ярьдаг байх. Мөн бүх ажлыг төр хийх гэж оролддог тогтолцоог халах хэрэгтэй.  

Үргэлжлэл бий.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж