Хятадын цөмийн энергийн корпорацитай гэрээ байгуулна гэв

Хуучирсан мэдээ: 2012.04.26-нд нийтлэгдсэн

Хятадын цөмийн энергийн корпорацитай гэрээ байгуулна гэв

Нэг хэсэг Монголд цөмийн хог хаягдал булшлах тухай асуудал дуулиан тарьсан. Японы “Майничи” сонинд Япон болон Америк хэрэглэсэн цөмийн шаараа Монголд булшлах тухай хэлэлцээр өрнүүлсэн гэх мэдээлэл монголчуудыг айдаст автуулсан билээ. Өнөө ч энэ айдас намжаагүй, зарим төрийн бус байгууллагын зүгээс үе, үехэн “Цөмийн аюулгүй Монгол орны төлөө” цуглаан зохион байгуулж “Тийм асуудал байхгүй шүү” гэдэг сануулгыг өгдөг. Бас ч гэж багагүй хугацаанд эх орондоо бусдын хог хаягдлыг булшлах талаар хэн яриа хэлэлцээр өрнүүлснийг  эрж хайж, багагүй таамаглал, хардлагаар өвчилсөн. Хэн нэгэн улстөрч албан бусаар цөмийн хог хаягдлыг булшлах асуудлаар яриа хэлэлцээр өрнүүлсэн байхыг ч зарим хүмүүс үгүйсгэдэггүй. Цөмийн энергийн газрын дарга асан С.Энхбат “Тийм яриа хэлэлцээр хийсэн хүмүүсийг цаг нь болохоор зарлана” гэж нэг бус удаа мэдэгдээд авсан. Тэгвэл өчигдөр Цөмийн энергийн газрын удирдлагууд энэ асуудлаар сэтгүүлчидтэй илэн далангүй яриа өрнүүлсэн юм. Тус газрын даргын үүргийг орлон гүйцэтгэгч Г.Манлайжав “Цөмийн хог хаягдлыг булшлах асуудлаар манай байгууллагын зүгээс удаа дараа байр сууриа илэрхийлсэн. Цөмийн энергийн газар  Монголд цөмийн хог хаягдал булшлах талаар хэнтэй ч ямар ч яриа өрнүүлээгүй. Ийм хууль эрх зүйн орчин ч байхгүй. Тэр бүү хэл цөмийн хог хаягдлыг Монгол Улсын нутаг дэвсгэр дээгүүр дамжин өнгөрүүлэхийг ч хориглосон байдаг” хэмээн ярьсан. Тус байгууллагын удирдлагууд цөмийн хог хаягдлыг Монголд байршуулна гээд хэн нэгэн дарга, улстөрч очоод шийдчихдэг асуудал ч биш гэдгийг сануулсан. Хэрвээ худлаа байсан бол  Монгол Улсад цөмийн хог хаягдлыг булшлах асуудал гадны хэвлэлээр цацагдаж, олон улсын анхаарлыг татсан явдал болоод байхад Монголын Засгийн газар яагаад Японы “Майничи” сониноос залруулга гаргахыг хүсээгүй юм бол. Энэ асуултад Цөмийн энергийн газрынхан “Үүнийг Гадаад харилцааны яамныхан хариуцаж байгаа” хэмээн тайлбарлана лээ. Ямар ч байсан албан ёсоор бол  Монголд цөмийн хог хаягдал булшлах асуудал яригдаагүй гэдгээ хариуцсан агентлагийн дарга нар нь дахин мэдэгдэв.

Цөмийн энергийн газар байгуулагдсанаас хойш цөмийн салбарт ямар үйл ажиллагаа явуулж байгаа талаараа ч сэтгүүлчдэд дуулгав. Монголын ураны салбарт 16 аж ахуйн нэгж хайгуулын болон ашиглалтын 101 тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа гэнэ. Дээрх компаниудын зөвхөн хоёр нь Монголынх, бусад нь гадаадынх юм байна. Энэ үеэр тус газрын даргын үүргийг орлон гүйцэтгэгч Г.Манлайжаваас цөөн асуултад хариулт авлаа.

-Монголд атомын цахилгаан станц барих асуудал юу болсон бэ. Судалгааны ажил нь өнгөрсөн онд дууссан гэсэн. Хаана ямар хэмжээний атомын цахилгаан станц барихаар төлөвлөж байна?

-Атомын цахилгаан станц барих эхний судалгааны  дууссан. Энэ  нь яг тэнд, тийм хэмжээний атомын цахилгаан станц барина гэсэн үг биш.  Тэнд, тиймэрхүү хэмжээний атомын цахилгаан станц барьж болох юм гэсэн судалгаа шүү дээ. Японы сонинд гарсан мэдээллийг уншсан. Монголд атомын цахилгаан станц барих гэж төлөвлөж байгаа гурван газар нь усгүй гэж бичсэн байна лээ. Сүүлийн үеийн техник, технологийн дэвшлээр заавал устай, нууртай газар АЦС барихаа больсон.

-Гурванбулаг, Мардайн ордын Хятадын Цөмийн энергийн кор­­­­­по­рацийн эзэмшилд очсон. Мон­гол Улсын Засгийн газар дээр ордуу­дын хэдэн хувийг эзэмшиж байгаа вэ?

-Яг авсан юм байхгүй. Удахгүй гэрээ байгуулах байх. Одоо мөрдөг­дөж байгаа Цөмийн энергийн хуу­линд заасны дагуу Монгол Улсын Зас­гийн газар Гурванбулаг, Мардайн ордоос 51 хувийг эзэмшинэ.

-Монголын стратегийн ордын жагсаалтад ураны гурван орд багтсан. Үүний хоёр нь Хятадын Цөмийн энергийн корпорацийн мэдэлд шилжлээ. Энэ асуудал үндэсний аюулгүй байдалд нөлөө­лөхгүй юу?

-Цөмийн энергийн хууль батлаг­дахаас өмнө канадууд хятадуудад лицензээ шилжүүлсэн. Тэгэхээр одоо энэ  талаар ярих ямар ч боломжгүй.

-“Дорнод-Уран” компани бай­гуу­лах асуудал юу болсон бэ. Нам, чимээгүй болчих юм?

-Нам болоогүй ээ. “Дорнод Уран” байгуулах бэлтгэлээ базаагаад явж байна. Гэхдээ бид олон улсын арбитрын шүүхээс гарах хариуг хүлээж байгаа.Оросуудын зүгээс бид­нийг шахаад л байна. Монгол­чууд энэ асуудалд анхаарал тавихгүй байна гээд байгаа.

Ж.ЭРХЭС

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж