Хамгийн том хууль зөрчигч

Хуучирсан мэдээ: 2012.04.26-нд нийтлэгдсэн

Хамгийн том хууль зөрчигч

Хамгийн том хууль зөрчигчдийг шалгаруулбал хэн тодрох бол. Авлигачнаараа цоллуулж хөлөө гозолзуулан ачигдсан Н.Энхбаяр уу, аль эсвэл хорих шийдвэрийг биелүүлэхгүй эмнэлэг рүү явна гэж гөжүүдлэсэн цагдаагийн дарга нар уу, магадгүй Долоон буудлын Должин эмээгийн цагаан сарын буузыг хулгайлж Эрүүгийн хуулийн 92-р зүйлээр хэргээ таслуулсан бүдүүнээ хочит Ганбаа юу. Эдгээрийн аль нь ч түрүүлэхгүй бололтой. Учир нь тэдний хажууд хийсэн юмтай, хэлэх ч үгтэй УИХ илүү том хууль зөрчигч байж таарлаа. Хууль тогтоогчид нь өөрсдөө хуулиа зөрчиж, биелүүлэхгүй байхад бусдыг  нь яалтай ч билээ.        

ХЭРЭГТЭЙГ НЬ БАТЛАНА, ХЭРЭГГҮЙГ НЬ ДАРААД ХЭВТЧИХНЭ

“Цөөнхийн бүлэг нь хугацаагүй завсарлага авдгийг болиулья” гэх зүйлийг энэ өдрүүдэд та бид хангалттай сонсч байгаа. Үүнийг нь анх сонсч байгаа хүнд “Нээрээ л завсарлага авлаа гээд хамаг ажил гацаадаг нь удахгүй үгүй болж мэдэх юм” гэсэн бодол төрмөөр. Харин энэ нь 1996 оны үед ч яригдаж байсан гэдгийг нь мэдэж байгаа нэгэнд “одоо хүртэл үүнийгээ шийдчихэж чаддаггүй юм байх даа” гэх эгдүүцэл төрнө. Хууль батлагдах эсэх нь УИХ-ын гишүүдийн олонхийн саналаар биш намын бүлэг юу гэхээс л шалтгаалдаг болоод удаж байгаа. Энэ цагаас хойш хуулийн төслүүд “улс төрийн хороо”-ноос зөвшөөрлөө авдаг жишиг тогтсон. “За энэ төслийг нь гаргахгүй шүү”,  “Цаг нь болоогүй байна”, “Манайхыг дэмжсэн тохиолдолд л дэмжинэ шүү” гэх үгс бий болсон. Зарим хууль нь хэдэн арван жил дарагдаж хэвтдэг бол, зарим нь ногоон гэрлээр маналзаад батлагдана. Ганцхан жишээг тодруулья. “Хууль тогтоогчдод, Тамхины хуулийн төслийг багалзуурдан унагаах эсвэл тамхи үйлдвэрлэн, борлуулагчдыг багалзуурдан унагаах гэсэн хоёр сонголт л бий” хэмээн “Ардын эрх” сонин хоёр жилийн өмнө бичиж байжээ. Энэ нь УИХ-д Тамхины хяналтын хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барьж байсан үе. Гэвч энэ цагаас хойш нэлээд хугацаа өнгөрч, энэ удаагийн парламентаар батлагдах боломж нь сүүлийн хаврын чуулганы хэлэлцэх асуудлын дараалалд орсон тохиолдолд гарах байсан ч орж ирсэнгүй. Оронд нь энэ төслөөс хамаагүй хойно өргөн баригдсан төслүүд орчихож.  Үүнээс “Тамхины хуулийн төслийг амжилттай багалзуурдан унагаж”  гэж харж болох нь.

Энэ төсөл нь УИХ-д өргөн баригдсанаас хойш аль шатанд нь хэн гацаачихсан талаар хуулийг оруулж ирсэн С.Ламбаагаас тодруулахад “УИХ-ын дарга хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулахгүй л юм байна шүү дээ. Магадгүй УИХ-д байгаа энэ төрлийн бизнестэй хүмүүс нь битгий оруул гэсэн юм байлгүй. Хоёр гурван жил боллоо шүү дээ, ямар зорилгоор дараад байгааг нь ойлгохгүй байна” гэх хариу өгч байх юм. Энэ талаар шуудхан хэлснээс гэвэл З.Энхболд “Ер нь бол архи, тамхины асуудал манай улсад гамшгийн хэмжээнд оччихсон байгаа. Олон жилийн турш УИХ, Засгийн газар архи, тамхитай тэмцэх нэгдсэн бодлого гаргаж чадахгүй л байна. Хамгийн сүүлд Засгийн газраас Тамхины тухай хуулийг оруулж ирсэн боловч УИХ-аар батлалгүй жил гаруй болж байна. УИХ-ын гишүүдийн олонхи нь энэ хуулийг гаргах хүсэлгүй байгаа. Архи, тамхи бол онцгой бизнес. Онцгой татвар төлдөг. Тийм болохоор УИХ-аас хол байх ёстой. УИХ, Засгийн газар нь архи, тамхитай тэмцэх бодлогоо энэ төрлийн бизнес эрх­лэгчдийн нөлөөгүйгээр гаргах цаг нь болсон” гээд “Өдрийн сонин”-д ярилцлага өгч. УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд энэ төслийг дарж хэвтэх нь ашиггүй нь тодорхой. Гэвч өөр нэгэнд ашигтай. Үүнийг схемэнд оруулж харвал, “Захиалагч: Тамхины бизнес эрхлэгчид, Гүйцэтгэгч: Д.Дэмбэрэл, Ажиллагааны нэр: Тамхины хуулийг гаргахгүй байх нь” гэдэг болж байна.

ДУРАА ХҮРВЭЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ, ДУРГҮЙГЭЭ ХҮРВЭЛ ХҮЧИНГҮЙ БОЛГОНО

Одоогоос яг дөрвөн жилийн өмнө буюу 2008 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдөр парламентын гишүүд Орон нутгийн сонгуулийн хуулийг шинэчлэн баталж байсан. Парламентын гишүүдийн олонхи “энэ хуулийг өөрчлөхгүй бол болохгүй. Гэхдээ гол нь УИХ-ын сонгуультай нэгэн зэрэг орон нутгийн сонгуулийг явуулах нь хөрөнгө мөнгөний болоод олон талын ач холбогдолтой. Олимп жил бүр болдог бол утгаа алдахтай адил олон сонгуулийг нэг өдөрт зохион байгуулж утга учиртай болгож яагаад болохгүй гэж. Жил бүр сонгогчид нь улстөржиж, улстөрчид нь сонгуульжсаар цагийг барцгаасаар байх гэж үү” гэдэгт санал нэгдсэний эцэст батлаж орон нутгийн хурлын сонгуулийг УИХ-ын ээлжит сонгуультай нэг өдөр зэрэгцүүлэн зохион байгуулахаар болсон. Гэвч энэ заалтыг үйлчлэхээс нь өмнө хүчингүй болгохоор одоо ид зүтгэж байна. Уг нь хуулийг хэрэгжүүлэх үүрэгтэй болохоос биш засах эрх нь байгаа гээд өөрчлөөд байвал юу болох билээ. Хуульд өөрчлөлт оруулах зорилго нь засч сайжруулахад л байдаг болохоос биш хэрэгжүүлэх сонирхолгүйгээс болох учиргүй. Ийм сайжруулалтгүйгээр өөрчлөх нь хууль тогтвортой байх зарчимд мэдээж харш зүйл болох нь ч тодорхой байна.
Мөн өнгөрөгч өдрүүдэд “Ц.Нямдоржийн асуудлыг өнөөдөр байнгын хороогоор хэлэлцэнэ” гэх мэдээ хэдэнтээ гарав. “Ч.Улаанхүү начны шүүх хурал өнөөдөр болно” гэх мэдээ урьд нь олонтаа гарч уншигчдыг “яасан ч хуралдаж өгдөггүй юм бэ” хэмээн бухимдахад хүргэж байсан шиг.

Гэвч энэ хоёр зүйлд ялгаатай. Ч.Улаанхүүгийн хэргийг шүүх хурал хойшлох шалтгаанууд хуулиар олгогдчихсон. Өөрөөр хэлбэл, хэд хэдэн удаа хойшлох боломжтой. Харин Ц.Нямдоржийн асуудлыг УИХ-аар хэлэлцэх журмыг хуулиар нарийн тогтоочихсон тул ингэж хойшлуулаад байх боломж үгүй. УИХ-ын чуулганы хуралдааны дэ­­гийн тухай хуулинд “Засгийн газ­рын гишүүнийг огцруулах саналыг холбогдох Байнгын хороо долоо хоно­­­гийн дотор хуралдаанаараа хэлэл­­­цэж санал, дүгнэлт гаргана” гээд хэн ч харсан ойлгомжтой биччихэж. 2012 оны дөрөвдүгээр сарын 16-н бол албан ёсоор Ц.Нямдоржийг огцруулах санал гарга­­­сан өдөр. Энэ өдрөөс хойш арав хоног өнгөрч. Ийм ойлгомжтой хууль бай­­­саар байхад Хууль Зүйн байнгын хороо­­ны дарга нь “Хууль зөрчөөгүй, Ц.Нямдоржийн асуудлыг хэлэлцэх болоо­­­гүй байна” гэж тайлбарлаад л, МАН-ын бүлгийн дарга Н.Энхтүвшин нь “Ц.Нямдоржийн асуудлаас ч чухал хэлэл­­­цэх асуудал олон байна”  гэж тайл­­барлаад л. Үнэндээ тэд нэг зүйл март­­чихаад байна. Тэр нь УИХ-д асуудлыг хэн нэгний үзэмжээр биш, тодорхой дүрэм журамд заасан дараалал, логикоор л хэлэлцэх ёстой гэх зүйл.


ДУТУУ ИРЦЭЭР ХУУЛЬ БАТАЛЖ, ДУНДУУР НЬ ШАХААНЫ ЗААЛТУУД ХАВЧУУЛНА

Хуулийн дагуу Улсын Их Хурлын чуулганы болон байнгын хорооны хуралдааныг гишүүдийн олонх нь хүрэлцэн ирснээр хүчинтэйд үзэж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар асуудлыг шийдвэрлэдэг. Чуулганы хуралдааны хүчинтэй байх олонх гэдэг нь УИХ-ын нийт гишүүдийн олонх буюу 38 -аас дээш ирсэн байхыг хэлнэ. Харин байнгын хорооны ирц 10 орчим гишүүд ирсэн тохиолдолд хангалттай хэмжээнд хүрдэг. Чуулганы хуралдааны дэгийн хуулиар хуралдаан эхлэхэд болон санал хураахад дээрх ирцийг заавал бүрдүүлсэн байвал зохих талаар ч мөн зааж. Гэвч үнэндээ хуралдааны танхимд 20 хүрэхгүй гишүүн оролцож шийдвэр гаргах болсоор удаж байна. Мэдээж хуулийн дагуу болгохын тулд хуралдаанд байхгүй гишүүдийг орлох картыг үлдээхээ тэд мартахгүй. Ирц хангалтгүйгээс шалтгаалан санал хураалтын үеэр бусдын товчлуур дарах үүрэг бараг хүн бүхэнд оногдоно. Ингээд л дараа дараагийн хууль бус үйлдлүүд төрнө. УИХ-ын гишүүнээс “Та бусдын товчлуур дардаг уу” гэж асууснаас “Та нэг удаад хамгийн ихдээ хэдэн гишүүний товчлуур дарж байсан” бэ гэж асуусан нь шулуухан.

Гол нь гишүүдийн хуралдаа идэвхгүй оролцон ирцэд сөргөөр нөлөөлж байгаагаас үүдэн “гишүүний бүрэн эрхэнд халдах, хулгайн хууль батлах” боломж сиймхий гардаг байна. Зарим сэргэлэн гишүүд энэ байдлыг нь ашиглан өөрт ашигтайгаар хууль батлуулах, байнгын хороогоор дэмжигдээгүй саналаа батлуулах аргыг ч бий болгосон аж. Тодруулья. Хууль чуулганаар батлагдахаас өмнө байнгын хорооны хурлаар томьёологддог. Гэтэл энэ хуралдаанд унасан санал буюу Байнгын хорооны хуралдаанаар дэмжигдээгүй саналыг өнөөх сэргэлэн нөхөр маань “эсрэг санал” гэх томьёоллоор чуулганд үндсэн төсөлтэй нь хавчуулан явуулдаг байна. Үүний дараа чуулганаар уг саналыг  нь Байнгын хороонд унасан томьёоллоор буюу “дэмжих боломжгүй” гэх байдлаар санал хурааж шийдвэрлэдэг журамтай. Харамсалтай нь энэ саналыг нь шийдвэрлэх чуулганы ирц хангалтгүй, санал өгөх гишүүд хуралдааны танхимд байхгүйгээс “дэмжих боломжгүй”  гэх санал нь “дэмжих нь зүйтэй” гэх шийдвэр болоод гараад ирнэ. Өөрөөр хэлбэл чуулганы дэгийн хуулиар “гишүүн хуралдаанд оролцоогүй буюу орхиж гарсан бол түүнийг хуралдаанд оролцож эсрэг санал өгсөнд тооцож санал хураалт явуулна” гэж заасны дагуу ийнхүү өнгөө өөрчилдөг байна.

Байнгын хорооны зарим хуралдаан ирцээ хүргэх гэж их юм болно. Ороод ирсэн таван гишүүн нь бусдыг нь хүлээж ядан эвшээлгэнэ. Намын бүлэг дээр бүх асуудлыг шийдчихдэг тул энд орж ирснээрээ ямар ч нэмэргүй гэж боддог гэнэ. Ямартай ч та нар хуулиа биелүүлэхгүй байхад бусдаас хууль биелүүлэхийг шаардах арга алга. Нэгэнт таван гар бүрдчихсэн юм бол нэртэйгээр нь муушиг тоглочихгүй юу. Яах вэ, би оноо бичих цаасыг нь гаргая. 

Б.МАНДАХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж