Ийм нэг дуу байдаг даа. “Хөдөө тал минь малаар дүүрэн, хөвч ой минь ангаар дүүрэн” гэж. Монгол Улс 40 сая малтай. Харин хүн нь ердөө л хоёр сая 700 мянга. Тоолоод үзэхээр Монголын мал нь хүнээсээ хэд дахин олон гарах нь тодорхой. Гэтэл бид яагаад өнөөдөр нэг килограмм махыг тэнгэрт тулсан үнээр авч идэх ёстой юм бэ. Нэг бодлын хохь нь ч гэмээр юм шиг. Гэхдээ л махны асуудлыг эрхэлсэн сайдтай, хариуцсан яамтай улс шүү дээ, бид чинь.
Үндэсний статистикийн хорооноос өнгөрсөн сарын үнийн судалгаанд дүгнэлт хийж, махны үнээс болоод инфляци улсын хэмжээнд эхний гурван сарын байдлаар 15.3 хувь, Улаанбаатар хотын хэмжээнд 17.3 байгаа талаар дуулгав. Түүнээс хэдхэн хоногийн дараа төвбанкны захирлууд хуралдаж, хурдтайгаар дээшилж буй инфляцийг тогтоохын тулд бодлогын хүүгээ нэмснээ зарлалаа. Он гарсаар бодлогын хүү хоёр удаа нэмэгдэж, өнөөдөр 13,25 хувьд хүрээд байгаа юм. Үүнээс нь болоод үндэсний үйлдвэрүүд бухимдалтай байгаа. Төвбанкны шийдвэр үндэсний үйлдвэрүүдээ боомилох нь ээ гэж ирээд л тэд нийгэмд ууртай мессеж тарааж байна.
Цөөхөн хүн амтай, олон малтай Монгол Улсын хувьд хамгийн хямдхан бүтээгдэхүүн мах байх ёстой байлаа. Харамсалтай нь, харалган төр, “харамч” малчдын “буянаар” махны үнэ магнаг болж, инфялци тэнгэрт хадаж, үйлдвэрүүд үүд хаалгаа бариулах дээрээ туллаа. Бодлогын хүүг 0,5 пунктээр нэмэх болсонд голлон нөлөөлсөн “этгээд” бол мах. Үнэндээ өнөөдөр нэг килограмм мах бараг 10 мянган төгрөгт хүрчихээд байгаагийн зовлонг хэн хүнгүй л амсч буй. Махны үнээс болоод хэрэглээний сагсан дахь 300 нэр төрлийн бүтээгдэхүүний үнэ бүгд өсчээ. Албаны мэдээллээр бол мах, махан бүтээгдэхүүний үнэ оны эхнээс 51.8 хувиар өсч, Улаанбаатар хотын эхний гурван сарын инфляцийн 68.2 хувийг бүрдүүлэх болсон байна. Үүнээс болоод эдийн засаг ийнхүү түргэн авахад хүрсэн хэрэг.
Энэ асуултыг хэрэглэгчид ченжүүдээс байнга асуудаг. Харин тэд нь бид буруугүй хэмээн хариулж байна. Үнэндээ ч өнөөдөр ченжүүдийг буруутгах нь дэмий юм. Учир нь махны үнийг хөөрөгдөөд байгаа үндсэн шалтгаан нь төрийн халамж болчихоод байгаа. Төр малчдыг хэтэрхий их халамжилсны лайг харин төвийнхөн нь хүртэж байна. Оюутны сургалтын төлбөр, автобусны зардал, цалин, мөнгө олгох болсноор хөдөөгийнхөн хүүхдүүдийнхээ хэрэгцээнд зориулж, малаа нядлахаа больчихсон. Дээрээс нь хонь, ямааг нь хүртэл цалинжуулаад байгаа болохоор малчид цалинтай малаа нядлахыг яаж бодох билээ. Үүнээс болоод л манай дотоодын зах зээлд нийлүүлэлтнь хумигдаж, эрэлт нь ихэсчихсэн хэрэг шүү дээ. Махны нийлүүлэлт нь багасч, эрэлт нь нэмэгдчихээр ченжүүд нь үнийг хөөрөгдөх нь ойлгомжтой. Жаахан шалтаг гарвал махны үнийг нэмчихдэг нөхдүүд ийм том шалтгааныг тоохгүй орхихгүй лавтай. Цаашлаад төсөв болоод төсөвтэй адилтгах зардлаар өдөөгдсөн илүүдэл эрэлтийн дээр сүүлийн үед гаднаас нэлээд хөрөнгө орж ирж байгаа нь инфляцийн дарамтыг нэмэгдүүлэхээр байгаа аж. Тиймээс инфляцийг хязгаарлах, гадаад валюттай харьцах төгрөгийн ханшинд ирэх дарамтыг бууруулах, макро эдийн засгийн тогтвортой байдлыг хамгаалах зорилгоор мөнгөний бодлогыг чангаруулах арга хэмжээг авсан бололтой. Энд нөгөө л сая, сая төгрөгийн бэлэн мөнгөний тараалт, цалин тэтгэврийн нэмэгдэл яригдаж байгаа хэрэг. Хөгшид, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд сая төгрөг тараагаад эхлэнгүүт инфляци бүр галзуурах нь тодорхой. Энэ эрсдлээс эдийн засгаа хамгаалахын тулд яалт ч үгүй Монголбанк мөнгөний хатуу бодлогыг барихаас өөр замгүй.
Сүүлийн үед төв банк руу шүүмжилж шидэж байгаа зарим нэг хүмүүсийг үгийг сонсоод байх нь ээ, махны үнэ өссөнд төв банк буруутай дэг ээ. Тэд Монгол Улсын мөнгөний бодлогыг тодорхойлж сууж байхаар нөөцийн мах бэлтгэх ёстой байсан юм. Уг нь махны нийлүүлэлтийг хангах, үнийг тогтворжуулах бодлогыг Засгийн газар хэрэгжүүлдэг л дээ. Даанч тэд ирэх сонгуулиас өмнө, өнгөрсөн сонгуулиан амлалтаа биелүүлэхээр сая сая төгрөг олох гэж зовж яваа. Тэр сая төгрөгийн сургаар нь мах магнаг болчихоод байгаа ч мэдэхгүй тууж яваа. Тэднийг зөнд нь хаячихья. Харин Засгийн газрын ажлыг төв банкаар хийлгэвэл ямар вэ. Тэгээд тэдний мөнгөний биш махны бодлогыг хэрэгжүүлдэг болгоё л доо. Гадаадынханд гайхах л биз, гэхдээ яадгийм. Махны үнээс болсон инфляцийн төв банк хариуцах ёстой гээд байгаа юм чинь төв банкныхан эртхэн хамгийн гол дайсан буюу махны үнийг дарж авахын тулд хөдөө явж, мах бэлтгэмээр юм даа яршиг. Бодлогын зохицуулалтаар асар их хэмжээний мөнгөний урсгал, инфляцийн дарамтыг дарья гэхээр загнаж зандраад суулгахгүй байгаа юм чинь. Монголбанкныхан хөдөө явж, мах олж ирээгүйгээс, мал маллахгүй байгаас л болж махны үнэ өсөөд байгаа хэрэг шүү дээ. Монголбанкныхан махны ченж хийхгүй байгаас, махны бодлогыг хэрэгжүүлдэггүйгээс болоод мах магнаг болоод байгаа юм байна л даа. Тэгэхээр мөнгөнийхөө бодлогыг хөсөр хаячихаад махны бодлогыг төв банкинд хариуцуулчихья.
Харин бэлэн мөнгө тарааж инфляцийг хөөргөж байгаа тэнгэрийн амьтан болсон УИХ-ын гишүүд “маньд” ямар падлий байх биш. Тууз хайчилж, хуралдахаас өөр юм мэдэхгүй Засгийн газар нь ямар “мань”-ийнхаа бүү хэл эрхэм гишүүдийнхээ үгийг тоох биш. Тэгээд ч тэд одоо юун махны үнэтэй мантай, сонгуульд бэлтгэх бөөн ажилтай байгаа. Яахав арай хялбархан хийж чаддагаар нь салбарын яам нь цаг агаарын мэдээ малчдад дамжуулсан шигээ л сууж байг, хөөрхийсөөр чадахгүй ажлыг нь хийлгээд яахав.
Ингэхэд ер нь Монголбанкийг “Монгол мах” компани болгочихвол яасан юм. Ингэчихвэл гадаадынхан элгээ хөштөл инээх байх даа, монголчуудын тэнэгийг гайхаж. Угаасаа ч ажлаа хийж чадахгүй Засгийн газраа загнаж суухын оронд хаанаас ч хамаагүй дайсан эрж хайж байдаг “сод ухаантай” хүмүүс юм чинь манай монголчууд, яадгийн.