УИХ-ын сонуулийг хэрхэн явуулах санал дээр хоёр намын хувьд тодорхой шийдэлд хүрэхгүй байсан ч өнгөрсөн даваа гаригт Ардчилсан намын зүгээс УИХ, нийслэл, аймгийн хурлын сонгуулийг нэг өдөр явуулах саналыг МАН-д өгсөн байсныг тус нам хүлээн авч зөвхөн нийслэл, УИХ-ын сонгуулийг нэг өдөр харин үлдсэнийг нь намар зохион байгуулж болох талаар буулт хийсэн юм. Үүний дараа Ардчилсан намын зүгээс МАН-ын саналыг хүлээж авна, гэхдээ хоёр сонгуулийг одоогийн мөрдөгдөж байгаа хуулийн дагуу явуулна гэсэн саналыг тавьсан юм. Харин үүнийг нь өчигдөр МАН-ын Удирдах зөвлөл хуралдаад Орон нутгийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах хүрээнд УИХ дахь Ардчилсан намын бүлгээс тавьсан болзлыг үндсэнд нь хүлээн авсан байна. Ингэснээр нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдийг сонгох сонгуулийг УИХ-ын сонгуультай хамтад нь явуулах нөхцөл бүрдэж байна.
Дашрамд сануулахад, УИХ дахь Ардчилсан намын бүлэг нь анх УИХ-ын сонгуулийг аймаг, нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдийг сонгох сонгуультай хамтад нь зохион байгуулъя, сумын ИТХ-ын тэргүүлэгчдийг сонгох сонгуулийг намар тусад нь хийе гэсэн саналыг МАН-ын бүлэгт хүргүүлж байв. Харин УИХ дахь МАН-ын бүлэг нь нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдийг сонгох сонгуулийг УИХ-ын сонгуультай хамтад нь зохион байгуулж, аймаг, сумын ИТХ-ын тэргүүлэгчдийг сонгох сонгуулийг намар тусад нь хийе гэсэн санал тавьж, үүнийг нь УИХ дахь Ардчилсан намын бүлэг хүлээн авч эргүүлээд хоёр болзол тавьсан юм. Тэр нь нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдийг сонгох сонгуулийг УИХ-ын сонгуультай хамт зохион байгуулахдаа 45 суудлын 15-ыг пропорцианаль тогтолцоогоор явуулах ёстой. Хоёрдугаарт, энэхүү нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдийг сонгох сонгуулийн санал хураалтын дүнг автомат машинаар уншуулна гэсэн болзол тавьсныг МАН-ын Удирдах зөвлөл ийнхүү хүлээн аваад байна. Тус Удирдах зөвлөлийн хуралдааны дараа УИХ дахь МАН-ын бүлэг нь үргэлжлүүлэн хуралдаж, дээрх асуудлыг хэлэлцэнэ гэж байсан боловч, одоогоор хуралдах эсэх нь тодорхойгүй байна. Гэхдээ эх сурвалж УИХ дахь Ардчилсан намын бүлгээс санал болгосон хоёр болзлыг нэгэнтээ МАН-ын Удирдах зөвлөл хүлээгээд авчихсан тул маргааш УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан зарлахад асуудалгүй гэж МАН-ын гишүүд үзсэн бололтой.
Ардчилсан намын хувьд одоогийн хүчин төгөлдөг хуулиа хэрэгжүүлэх саналыг удаа дараа тавьж байсан ч МАН-ын хувьд хоёр сонгуулийг нэг өдөр явуулахгүй гэсэн байр сууриндаа удаан зогсч багаагүй цаг хугацаа алдсан. Чухам ямар учраас ийнхүү буулт хийсэн нь одоогоор тодорхойгүй ч ямар ч гэсэн цөөнх энэ удаад олонхийг буулгаж авч чадлаа. Харин одоо хоёр намын гишүүдийн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг хуралдсаны дараа Төрийн байгуулалтын байнгын хороогоор сонгуулийн хуулийн тухай асуудлыг хэлэлцэж, зохион байгуулалтыг хэрхэн хийх, хоёр сонгуулийн хуулийг зарим заалтуудыг нэгтгэх зэрэг асуудлууд үлдэж байгаа юм. Эдгээрийг шийдвэрлэж чадвал УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж, хоёр сарын дараа болох сонгуулийн асуудал нэг мөр шийдэгдэх учиртай. УИХ-ын сонгуулийн тов зарлах хугацаа ойртсон байгаа тул энэ асуудлыг яаравчлах хэрэгтэйг гишүүд сануулж байна.
МАН-ын дарга Ө.Энхтүвшингээс зарим зүйлийг тодруулсан юм.
-Танай намын бүлэг УИХ дахь Ардчилсан намын бүлгээс ирүүлсэн саналыг хэлэлцлээ. Ямар шийдвэр гаргасан бэ?
-Ардчилсан нам манай саналыг ерөнхийдөө хүлээж авсан байна. Үүний дагуу манай намын бүлэг хуралдлаа. Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдийг сонгох сонгуулийг УИХ-ын сонгуультай адил тогтолцоогоор буюу 76 гишүүний 48-ыг нь тойргоос, 28-ыг нь намын нэрсийн жагсаалтаар явуулахаар болсон. Тиймээс нийслэлийн харьцааг бид удтал ярилцаад 30-15 гэж тогтоод хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ.
-Техникийн шинжтэй саналуудыг нь хүлээж авсан уу бас?
-Саналыг цахим хэлбэрээр тоолох, нэг хуудсан дээр санал бичих зэрэг саналыг хүлээн авах нь зүйтэй гэж үзсэн. Гэхдээ эдгээр зүйлийг ажлын хэсэг, байнгын хороон дээрээ илүү сайн гаргах нь зүйтэй. Манай бүлгийн зүгээс улс төрийн байр сууриа гаргалаа.
-Хоёр намын бүлэг харилцан зөвшилцөлд хүрсэн тул маргаашнаас Орон нутгийн сонгуулийн хуулийг байнгын хороо болон чуулганаар хэлэлцээд явахад асуудалгүй боллоо гэж ойлгож болно биз?
-Болно. Маргааш УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хурал болно. Үүний дараа нэгдсэн чуулган болно. Үүний өмнө тохирсон зарчмуудаа хуулийн төсөл болгон бэлтгэхээс эхлээд ажил харин их байна.
-Танай бүлэг Ц.Нямдорж сайдыг огцруулах асуудлыг хэзээ хэлэлцэх гээд хойшлуулаад байгаа юм бэ?
-Ярина. Одоогоор Засгийн газрын нэг гишүүний асуудлаас илүү сонгуулийн хууль нь чухал байна шүү дээ.