Өмнөд Судан дайнд оролцохоо зарлав

Хуучирсан мэдээ: 2012.04.26-нд нийтлэгдсэн

Өмнөд Судан дайнд оролцохоо зарлав

Өмнөд Суданы армийн албан ёсны төлөөлөгч Филип Агер (Philip Aguer) дөрөвдүгээр сарын 24-ний өдө  дайн бараг зарлагдсан гэж хэлснийг “Reuters” мэдээлжээ. “Суданы ерөнхийлөгч  Омар аль-Башир Өмнөд Суданд дайн зарлаад байна. Одоо тэр нь тодорхой болсон” гэж Агер мэдэгдлээ.

Судан нэгдмэл байхад Эль-Вахда нэртэй байсан Юнити мужийг энэ өдрийн өглөө Суданы онгоц бөмбөгдсөн мэдээг тайлбарлахдаа тэрээр үүнийг хэлжээ. Эрх баригчид болон гэрчүүдийн яриагаар Суданы онгоцнууд бүсийн төв Бентиу хот ба нефтийн орд газруудад цохилт өгсөн байна. Бөмбөгдөлтийн улмаас хотын барааны зах дээр хэд хэдэн хүн амиа алджээ. Харин Хартум албан ёсоор мэдэгдэхдээ онгоцнууд 24-ний өглөө довтолгоон хийгээгүй гэсэн байжээ.

Өмнө нь Жуба Хёрлигийн маргаантай бүсээс цэргээ татсан байсан. Гэсэн ч Суданы эрх баригчид өмнөд хөршөө “дайсан” гэж нэрлэн “хорхой шавьжуудыг устгана” гэж мэдэгдэв. Суданы ерөнхийлөгч Башир албан ёсны Жубатай ямар нэгэн яриа хэлцэл явуулахгүй, учир нь тэд хүчирхийллээс өөр хэл ойлгодоггүй гэсэн юм.

Одоогоор байлдааны өргөн цар хүрээтэй ажиллагаа хоёр хөршийн хооронд хийгдээгүй зөвхөн орон нутгийн чанартай мөргөлдөөн гарч байгаа. Гэхдээ талууд бүс нутагт цэргийн хүчин чадлаа зузаатгаж байна. Бүрэн хэмжээний дайнд хоёр орон тулж ирсэн гэж ажиглагчид тэмдэглэж байгаа билээ.

Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж