Ө.Энхтүвшин: Бүлэг АН-ын саналыг хүлээж авлаа

Хуучирсан мэдээ: 2012.04.25-нд нийтлэгдсэн

Ө.Энхтүвшин: Бүлэг АН-ын саналыг хүлээж авлаа

УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж Ардчилсан намын бүлгээс ирүүлсэн Орон нутгийн
сонгуулийн тухай хуулийн төсөлтэй холбоотой болзлуудыг хэлэлцлээ. Энэ
талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ө.Энхтүвшин сэтгүүлчдэд дараах
тодруулгыг өгсөн юм.

-Танай намын бүлэг УИХ дахь Ардчилсан намын бүлгээс ирүүлсэн саналыг хэлэлцлээ. Ямар шийдвэр гаргасан бэ?

-Ардчилсан
нам манай саналыг ерөнхийдөө хүлээж авсан байна. Үүний дагуу манай
намын бүлэг хуралдлаа. Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдийг сонгох
сонгуулийг  УИХ-ын сонгуультай адил тогтолцоогоор буюу 76 гишүүний 48-ыг
нь тойргоос, 28-ыг нь намын нэрсийн жагсаалтаар явуулахаар болсон.
Тиймээс нийслэлийн харьцааг бид удтал ярилцаад 30-15 гэж тогтоод хүлээж
авах нь зүйтэй гэж үзлээ.

-Техникийн шинжтэй саналуудыг нь хүлээж авсан уу бас?

-Саналыг
цахим хэлбэрээр тоолох, нэг хуудсан дээр санал бичих зэрэг саналыг
хүлээн авах нь зүйтэй гэж үзсэн. Гэхдээ эдгээр зүйлийг ажлын хэсэг,
байнгын хороон дээрээ илүү сайн гаргах нь зүйтэй. Манай бүлгийн зүгээс
улс төрийн байр сууриа гаргалаа.

-Хоёр намын бүлэг харилцан
зөвшилцөлд хүрсэн тул маргаашнаас Орон нутгийн сонгуулийн хуулийг
байнгын хороо болон чуулганаар хэлэлцээд явахад асуудалгүй боллоо гэж
ойлгож болно биз?

-Болно. Маргааш УИХ-ын Төрийн байгуулалтын
байнгын хорооны хурал болно. Үүний дараа нэгдсэн чуулган болно. Үүний
өмнө тохирсон зарчмуудаа хуулийн төсөл болгон бэлтгэхээс эхлээд ажил
харин их байна.

-Танай бүлэг Ц.Нямдорж сайдыг огцруулах асуудлыг хэзээ хэлэлцэх гээд хойшлуулаад байгаа юм бэ?

-Ярина. Одоогоор Засгийн газрын нэг гишүүний асуудлаас илүү сонгуулийн хууль нь чухал байна шүү дээ.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж