Нийслэлийн усан хангамжийг нэмэгдүүлнэ

Хуучирсан мэдээ: 2012.04.25-нд нийтлэгдсэн

Нийслэлийн усан хангамжийг нэмэгдүүлнэ

Япон улсын буцалтгүй тусламжаар Улаанбаатар хотын усан хангамжийг нэмэгдүүлэх “Гачуурт-эх үүсвэр” төсөл хэрэгжиж эхэллээ.

Улаанбаатар хотын усан хангамж, түүний дотор гэр хорооллын усан
хангамжийг нэмэгдүүлэх, амьдрах орчныг сайжруулах үндсэн зорилготой
энэхүү төсөл нь 3 жилийн хугацаанд хэрэгжих юм. Туул голын ай савын
Гачуурт дахь хэсэгт 21 гүний худаг шинээр барин, олборлосон усыг Монгол
улсын хөрөнгөөр  байгуулах Гачуурт усан санд хуримтлуулж, хлороор
ариутган цэвэршүүлнэ. Дараа нь шинээр тавигдах 700 мм-ийн диаметр бүхий
шилээр хүчитгэсэн пластик нийлмэл хоолойн магистраль шугамаар
Улаанбаатар хотын Зүүн хойд бүсийн усан санд нийлүүлэгдэн нийслэлийн
хэрэглэгчдэд хүрэх юм. Цэвэр ус дамжуулах шугам хоолойг Япон улсад
үйлдвэрлэн, нарийн шалгасны үндсэн дээр манай улсад нийлүүлж байгаа
ажээ.

“Улаанбаатар хотын хүн ам жил бүр өсөн нэмэгдэхийн хэрээр хүн амын усан
хангамжийг шийдвэрлэх асуудал чухал болоод байгаа. Энэхүү төслийг
хэрэгжүүлснээр Улаанбаатар хотын усан хангамж өдөрт 20 хүртэл хувиар
нэмэгдэх юм. Мөн шинээр баригдах орон сууцны хорооллуудын усан
хамгамжийн асуудлыг шийдвэрлэх, иргэдийг эрүүл ахуйн шаардлага хангасан
цэвэр усаар хангахад чухал ач холбогдолтой төсөл болно” гэдгийг
Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Б.Баатарзориг төслийн нээлтэнд
хэлсэн үгэндээ онцоллоо.

Төслийн гүйцэтгэгчээр Япон улсын “Дай Ниппон Констракшен” компани
ажиллах бол, зөвлөх компаниар Баруун дөрвөн замаас Үйлдвэр комбинат руу
дамжих гүүрэн гарцын ажилд мөн зөвлөх компаниар ажиллаж буй “Си Ти Ай
инжиниринг” ХХК ажиллах юм байна.

http://ulaanbaatar.mn/
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж