“Хэрэглэгчийн эрх” өдөрлөг маргааш 10.00 цагт Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын цагдаагийн хэлтсийн хурлын танхимд болно. Өдөрлөгийг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар болон Сонгинохайрхан дүүргийн ЗДТГазар, Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг хамтран зохион байгуулах юм. Энэ хүрээнд хороодын Засаг дарга, нийгмийн ажилтан, ерөнхий боловсролын сургуулиудын нийгмийн ажилтнуудыг хамарсан сургалтыг хийх бөгөөд 13.00 цаг хүртэл үргэлжлэх ажээ. Сургалтын үеэр Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын үйл ажиллагааны мэдээллийг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Б.Лхагва өгч, тус дүүргийн тухайд хэрэглэгчийн эрх ашгийн тухай хууль эрх зүй болон хийх ажлын тухай СХД-ийн Засаг даргын Тамгын газрын Үйлдвэрлэл үйлчилгээний хэлтсийн дарга О.Баасансүрэн ярилцах ба бусад мэргэжилтнүүд мэдээлэл солилцох юм байна.
Уг сургалт нь Өрсөлдөөний болон Хэрэглэгчийн эрхийг хамгаалахтай холбогдсон бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд орон нутгийн төр, захиргааны болон хэрэглэгчийн эрхийг хамгаалах төрийн бус байгууллагын гүйцэтгэх үүрэг, оролцоог идэвхжүүлэх, төрийн албан хаагчдын мэдлэг, хэрэглэгчдийн боловсролыг дээшлүүлэх, хэрэглээний соёлыг төлөвшүүлэх зорилготой ажээ.
У.БОЛОР