Удирдах зөвлөл АН-ын болзлыг хүлээж авчээ

Хуучирсан мэдээ: 2012.04.25-нд нийтлэгдсэн

Удирдах зөвлөл АН-ын болзлыг хүлээж авчээ

МАН-ын Удирдах зөвлөл хуралдаад Орон нутгийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах хүрээнд УИХ дахь Ардчилсан намын бүлгээс тавьсан болзлыг үндсэнд нь хүлээн авсан байна. Ингэснээр нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдийг сонгох сонгуулийг УИХ-ын сонгуультай хамтад нь явуулах нөхцөл бүрдэж байна.

Дашрамд сануулахад, УИХ дахь Ардчилсан намын бүлэг нь анх УИХ-ын сонгуулийг аймаг, нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдийг сонгох сонгуультай хамтад нь зохион байгуулъя, сумын ИТХ-ын тэргүүлэгчдийг сонгох сонгуулийг намар тусад нь хийе гэсэн саналыг МАН-ын бүлэгт хүргүүлж байв. Харин УИХ дахь МАН-ын бүлэг нь нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдийг сонгох сонгуулийг УИХ-ын сонгуультай хамтад нь зохион байгуулж, аймаг, сумын ИТХ-ын тэргүүлэгчдийг сонгох сонгуулийг намар тусад нь хийе гэсэн санал тавьж, үүнийг нь УИХ дахь Ардчилсан намын бүлэг хүлээн авч эргүүлээд хоёр болзол тавьсан юм. Тэр нь нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдийг сонгох сонгуулийг УИХ-ын сонгуультай хамт зохион байгуулахдаа 45 суудлын 15-ыг пропорцианаль тогтолцоогоор явуулах ёстой. Хоёрдугаарт, энэхүү нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдийг сонгох сонгуулийн санал хураалтын дүнг автомат машинаар уншуулна гэсэн болзол тавьсныг МАН-ын Удирдах зөвлөл ийнхүү хүлээн аваад байна. Тус Удирдах зөвлөлийн хуралдааны дараа УИХ дахь МАН-ын бүлэг нь үргэлжлүүлэн хуралдаж, дээрх асуудлыг хэлэлцэнэ гэж байсан боловч, одоогоор хуралдах эсэх нь тодорхойгүй байна. Гэхдээ эх сурвалж УИХ дахь Ардчилсан намын бүлгээс санал болгосон хоёр болзлыг нэгэнтээ МАН-ын Удирдах зөвлөл хүлээгээд авчихсан тул маргааш УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан зарлахад асуудалгүй гэж МАН-ын гишүүд үзсэн гэх мэдээлэл ирлээ.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж