Цаазын ялыг хэвээр үлдээв

Хуучирсан мэдээ: 2012.04.25-нд нийтлэгдсэн

Цаазын ялыг хэвээр үлдээв

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Ш.Адилбек, Ж.Ганибет, К.Ерлан нарт холбогдох эрүүгийн хэргийг ялтнуудын өмгөөлөгчдийн гаргасан гомдлын дагуу өнөөдөр хянан хэлэлцлээ. Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар дээрх хэргийг хянан хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхээс Ш.Адилбек, Ж.Ганибет, К.Ерлан нарт оногдуулсан цаазаар авах ялыг хэвээр үлдээлээ.

Хэргийг сөхвөл, Ш.Адилбек нь К.Ерлан, Ж.Ганибет нар бүлэглэн гэмт хэрэг үйлдэхээр урьдчилан үгсэж тохиролцож, өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 14-нд  Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын нутагт иргэн Х, Б нарт ноолуур өгнө гэж дуудаж аваачин, тус бүрийн толгойд чулуугаар цохиж, шунахайн зорилгоор, дээрэмдэх гэмт хэргийг үйлдэх явцдаа, уг гэмт хэргийг үйлдэхээ хялбарчлах, нуун далдлах зорилгоор, онц харгис хэрцгий аргаар санаатайгаар хоёр хүний амийг хөнөөсөн гэмт хэргийг үйлдсэн. Мөн тэрбээр Ж.Ганибеттэй бүлэглэж хохирогч Х, Б нарын цогцсыг, “УАЗ- 31514” маркийн машин, дотор нь байсан ноолуур, бэлэн мөнгө зэргийн хамт шатааж, бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгасан аж.

Ш.Адилбек нь мөн дангаараа өнгөрсөн  оны дөрөвдүгээр сарын 21-нд Ховд аймгийн Булган сумын нутаг Ярантын боомтоор БНХАУ руу өөрийн Е серийн паспортаар зорчоод, 2011 оны дөрөвдүгээр сарын 22-ны 05.00 цагийн үед Хилийн 121 дүгээр тэмдэгтийн орчмоор Монгол Улсын хилийг БНХАУ-ын талаас хууль бусаар нэвтэрсэн гэмт хэргийг үйлджээ.

Д.ЖАРГАЛСҮРЭН

   

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж