“Үндэсний зөвшилцлийн зөвлөл” байгуулагдав

Хуучирсан мэдээ: 2012.04.25-нд нийтлэгдсэн

“Үндэсний зөвшилцлийн зөвлөл” байгуулагдав

УИХ-ын сонгууль болох гэж байгаа болон улс төр, нийгэм, эдийн засгийн байдлын нөхцөл байдалтай холбогдуулан “Үндэсний зөвшилцлийн зөвлөл”-ийг байгуулах болсныг тус зөвлөлийн ерөнхий зохицуулагч, Хамуг Монголын хөдөлмөрийн намын дарга, доктор С.Молор-Эрдэнэ мэдээлэл хийлээ. Энэхүү зөвлөл нь улс төрийн шинэ зохион байгуулалтад орж, төрийг хүчтэй болгох, хууль үйлчилдэг, улс төрийн хариуцлагыг сайжруулах зорилготой гэнэ. Зөвлөл зохицуулах, улс төрийн, ахмадын гэсэн гурван дэд бүтэцтэй бөгөөд үүнд улс төрийн нам хүчнүүд болон ахмадын оролцоог ихээхэн чухалчилж байгаа юм байна. Хэвлэлийн хурлын үеэр “Үндэсний зөвшилцлийн зөвлөл”-ийн ерөнхий зохицуулагч, Хамуг Монголын хөдөлмөрийн намын дарга, доктор С.Молор-Эрдэнэ энэ жилийн сонгуулийг холимог системтэйгээр зохион байгуулах болсныг ач холбогдолтой хэмээн онцлоод, намуудын парламентад эзлэх суудал болон улс төрийн үзэл санааг баруун, зүүнээр тусгаарлах нь зөв гэж үзэж буйгаа дуулгалаа.

“Үндэсний зөвшилцлийн зөвлөл”-ийн ерөнхий зохицуулагч, Хамуг Монголын хөдөлмөрийн намын дарга, доктор С.Молор-Эрдэнээс зөвлөлийн талаах тодрууллаа.

-Улс төрийн хүчнүүдийг нэгтгэх зөвлөл байгуулах болсон шалтгаан юу вэ?

-Улс төрийн энэ хямрал намуудын дотоод зөрчил болон улс төрийн онол, үзэл баримтлалын хомсдлоос эхлэлтэй. Тиймээс улс төрийн салбар дахь тэгш оролцоог хангах, үндсэн хуулийн дагуу үзэл бодол, онол практикийн зөвшилцөл хийх зайлшгүй шаардлага гарч байгаагийн үндсэн дээр зөвлөл байгуулах болсон. Түүнчлэн улс төрийн намуудыг тарааж, Монгол орны улс төрийн зохион байгуулалтыг шинэчилж, ардчилсан шударга ёсыг баримталсан шинэ намуудыг үүсгэн байгуулах тухай Ерөнхийлөгчийн саналыг дэмжиж байна. Иймээс зөвшилцөл, зохион байгуулалтад оруулах зайлшгүй шаардлагад үндэслэлээ.

-Парламентийн суудлыг заавал баруун, зүүнээр хуваах талаар онцлох болсон шалтгаанаа тайлбарлахгүй юү?

-УИХ-ын сонгууль энэ жил мажоритар биш холимог системээр явагдах болсон нь Монгол оронд анх удаа баруун ба зүүн гэсэн ардчилсан парламенттай болох боломж гарч ирж байгаа юм. Хэрвээ сонгуульд барууны намууд ялвал зүүний намууд сөрөг хүчин болно. Ялсан барууны намууд эрх мэдлийг төвлөрүүлж, сөрөг хүчинтэй хамтран хууль гаргана. Харин сөрөг хүчин болсон зүүний намууд улс төрийн хариуцлагыг шаардаж, хяналтын үүргийг гүйцэтгэнэ. Энэ мэт ялгааг ярихын хажуугаар Засгийн газрын гишүүнийг УИХ-ын гишүүнээс ангид байлгах хэрэгтэй. Ажил үүрэг давхардвал хяналтын тогтолцоо үгүй болох талтай. 

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж