X сургууль “Олимпийн танхим”-тай боллоо

Хуучирсан мэдээ: 2012.04.25-нд нийтлэгдсэн

X сургууль “Олимпийн танхим”-тай боллоо

Бөхийн чөлөөт барилдааны ОУХМ, Монгол Улсын Гавьяат тамирчин Б.Наранбаатар 1998 онд Биокомбинатын буюу нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 жилийн X дунд сургуулийг төгсчээ. Унаган сургуулийнхан нь Гавьяат тамирчин Б.Наранбаатарын нэрэмжит “Олимпийн танхим” байгуулах санал тавьсны дагуу тэрбээр сургуулийнхаа 1997, 1998 оны зарим төгсөгчдийн хамт “Олимпийн танхим”-ыг иж бүрэн засварласнаа өнөөдөр хүлээлгэж өглөө. “Олимпийн танхим“-ын нээлтэд “Амжилтын төлөө хамтдаа” ТББ-ын дэд тэргүүн, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Э.Бадар-Ууган, чөлөөт бөхийн ОУХМ Ж.Чулуунбат, “IDG” ХХК-ийн захирал У.Баатар, Хан-Уул дүүргийн Биеийн тамир, спортын хорооны төлөөлөгчид оролцож, Биокомбинатын сурагчдын тав тух, сурах орчныг бүрдүүлэхээр сэтгэл шингээн тохижуулсан шинэ ангийн хаалгыг нээлцлээ.

“Амжилтын төлөө хамтдаа” ТББ, “Ногоон сонгино” ТББ, “IDG” ХХК, “Дүдү боловсрол “ сан, Хан-Уул дүүргийн “Калгари” олимпийн зөвлөл энэхүү “Олимпийн танхим”-ыг байгуулахад туслалцаа үзүүлж, нийтдээ зургаан сая гаруй төгрөг зарцуулжээ.

Гавьяат тамирчин Б.Наранбаатарын нэрэмжит “Олимпийн танхим”-аас ирээдүйн олон шилдэг тамирчид төрж, биеийн тамир, спорт, олимпизмыг дэлгэрүүлэх үйлсэд хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа тус сургуулийн удирдлагууд онцолж байв.

Нэгэн үе сургуульд нь сурч, эрдэм номын гараагаа эхэлсэн ах, эгч нар нь өөрсдөд нь зориулан анги танхимыг нь тохижуулж өгсөнд талархсан X сургуулийн сурагчид, хамт олон нээлтийн ёслолд ирсэн зочдод урлаг, спортын мэндчилгээ дэвшүүлэн, талархал илэрхийлсэн юм. Шинэ ангийнхаа шалыг халтартуулахгүй гэсэндээ гутлаа тайлж орох болсон сурагчдаа анзаарсан багш нар хүүхдүүддээ улавч зэхэж эхэлснээ ч хуучилж байв.

“Олимпийн танхим”-аас олон алдартан төрөхийг ерөөе.

Гэрэл зургийг ЭНД дарж үзнэ үү.

Б.МАРАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж