Энэхүү үзэсгэлэнд хоёр уран бүтээлчийн керамик баримал, монгол зураг, уран зургийн нийт 60 гаруй уран бүтээлийг дэлгэх юм. Үзэсгэлэнгийн агуулга нь ертөнц дээр амьтай, амьгүй бүх зүйлс үүсэн бий болон төрөхдөө өөр өөрийн дүр, үүргийг амьдралд бий болгохоор ирдэг. Энэ нь зөвхөн цаг хугацаагаар хэмжигддэг бөгөөд сайн, муу алийг ч үгүйсгэж болохгүй.Тэд бүгд бие биенээсээ уялдан хамаарч байж амьдрал үргэлжилдэг билээ. Хэрвээ зовлон байгаагүй бол бид жаргалыг жаргал хэмээн нэрлэхгүй, жаргалыг мэдрэх ч үгүй байх байсан биз. Дэлхий ба дэлхийг үүсгэгч бүх амьтай, амьгүй зүйлс, улирал, цаг хугацаа ба хүний мэдрэмжүүд болох хайр, зовнил, догдлол, уучлал, шунал, эд хөрөнгө, эрх мэдэл тэд бүгд өөр өөрийн гэсэн дүр үүргийг амьдралд бий болгодог хязгааргүй эргэлдэх амьдралын мөн чанарууд билээ. Амьдрал гэгч нь амьдралын хамгийн гол дүр.
Энэхүү санаагаа хоёр уран бүтээлч өөр өөрийн арга барилаар, шинэлэг арга ажиллагаа ашиглан, дүрслэн илэрхийлсэн байна. Н.Сүхбүрэн, Х.Энхномин нар Дүрслэх урлагийн дээд сургуулийн төгссөнөөс хойш 6-7 жил бие даан уран бүтээлээ туурвин, хамтарсан 2-3 үзэсгэлэн гаргаж, олны хүртээл болгосон бөгөөд дотоодын болон олон улсын үзэсгэлэн, уралдаануудад идэвхтэй, амжилттай оролцсоор ирсэн залуу уран бүтээлчид юм. Үзэсгэлэн ирэх тавдугаар сарын 3-ныг хүртэл үргэлжлэх юм.