Өмнөд Судан Хятадаас хөрөнгө оруулалт хүслээ

Хуучирсан мэдээ: 2012.04.25-нд нийтлэгдсэн

Өмнөд Судан Хятадаас хөрөнгө оруулалт хүслээ

Судан болон Өмнөд Суданы цэргийн мөргөлдөөн өнөө хэр намжаагүй байна. Газрын тосны нөөцөөр баялаг орд газрууд бүхий Хеглиг газар нутгаа булаацалдан ийнхүү сөргөлдөхөд хүрсэн билээ. Энэ хүнд цаг үед Өмнөд Суданы Ерөнхийлөгч Сальва Киир БНХАУ-д айлчиллаа. Газрын тосны салбар дахь хөрөнгө оруулалтаас гадна хоёр Суданы хоорондох сөргөлдөөнд дипломат дэмжлэг авах нь Сальва Киирын айлчлалын гол зорилго юм. Суданы газар нутгийн хилээс гадуур Өмнөд Судан нефтийн хоолой байгуулахад Хятад улсын хөрөнгө оруулалтыг хүсч байгаа аж. Энэ тухайгаа БНХАУ-ын дарга Ху Жинтаотай уулзах үеэрээ мэдэгдээд буй.

Хятад улс байлдааны ажиллагаа эхлэхийн өмнө Суданы газрын тосны нийт нөөцийн 70 хувийг худалдан авсан. Тиймээс тус улс  Суданд гарсан хямралыг дипломат замаар зохицуулахыг хичээж байна. Гэвч хүчин чармайлтын үр дүн одоогоор харагдахгүй байна. Судан нь Африк тивээс Хятад улсад нийлүүлэх газрын тосны экспортын хэмжээгээр Ангол, Нигерийн дараа гуравт ордог орон юм. Гэтэл энэ улсын газрын тосны нөөцийг эзэмших гэсэн Хятад, АНУ-ын хооронд ч “чимээгүй дайн” өрнөөд байгаа тухай олон улсын ажиглагчид онцлон тэмдэглэж байна. Өмнөд Судан тусгаар тогтноход АНУ нэлээд дэмжлэг үзүүлсэн учраас тус улсын газрын тосны салбарт хамтран ажиллахыг Вашингтоны тал удаа дараа тавиад байгаа юм.

Өмнөд Судан нь одоогоор дэлхийн хамгийн залуу орон бөгөөд 2011 оны зургадугаар сард тусгаар тогтножээ. Гэхдээ өнгөрсөн хугацаанд өөрийн валюттай болж, НҮБ болон Олон улсын валютын сангийн гишүүнээр элсээд амжсан билээ.  
Э. Од

www.mongolianminingjournal.com
www.journalism.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж