
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаан өнөөдөр болж Албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах журам, Албан тушаалтны хувийн ашиг сонирхол, хөрөнгө, орлогын мэдүүлгийн маягт, Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийн маягт, Сонгуульд нэр дэвшигчийн хөрөнгө, орлогын мэдүүлэг батлах тухай тогтоолын төслийг хэлэлцлээ. Тогтоолд 2012 оны хоёрдугаар сарын 15-ны дотор хөрөнгө орлогын мэдүүлгээ мэдүүлсэн албан хаагчдын “Албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлгийг шинэчлэн бүртгэх ажлыг ирэх наймдугаар сарын 15-ны дотор зохион байгуулах арга хэмжээ авч ажиллахыг холбогдох байгууллага, эрх бүхий албан тушаалтанд үүрэг болгоод байна. Харин тогтоолыг ирэх тавдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр тусгажээ. Эл тогтоолын төслийг байнгын хорооны хуралд оролцсон олонхи гишүүн гар өргөн дэмжсэн тул чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар болж тогтсон юм.
Г.ДАРЬ