Цагдаагийн дарга нар өмгөөлөгчдөө судалж байна

Хуучирсан мэдээ: 2012.04.25-нд нийтлэгдсэн

Цагдаагийн дарга нар өмгөөлөгчдөө судалж байна

Цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож буй цагдаагийн экс дарга нар Монголын өмгөөлөгчдийн холбооноос танилцуулсан өмгөөлөгчдийн нэрсийн жагсаалттай танилцаж эхэлжээ. Долдугаар сарын 1-ний хэрэгт шүүгдэгчээр татагдан хоригдож буй цагдаагийн экс дарга нарыг шүүх хурал дөрөвдүгээр сарын 19-нд болохоор товлогдоод байсан ч өмгөөлөгчдийн томилгоог хүчингүй болгосноор тав дахиа хойшилсон. Улмаар Сүхбаатар дүүргийн шүүхээс шүүгдэгчдэд өмгөөлөгч томилох тухай албан бичгийг энэ сарын 20-нд Монголын өмгөөлөгчдийн холбоонд хүргүүлсний дагуу тус холбооноос ажлын хэсэг гарч, ажиллаж байгаа юм. Ажлын хэсэгт МӨХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн Т.Сүхбаатар, Д.Батсүх, Г.Оюунцэцэг, Ж.Эрдэнэбаатар нар хүмүүс багтсан бөгөөд тэд өнгөрөгч даваа гаригт Цагдлан хорих 461 дүгээр ангид очиж, шүүгдэгчидтэй уулзсан байна. Энэ үеэр Монголын өмгөөлөгчдийн холбоонд бүртгэлтэй 800 гаруй, бусад 200 шахам өмгөөлөгчийн нэрийг хурандаа нарт танилцуулсан байна. Цагдаагийн экс дарга нар 1000 гаруй өмгөөлөгчөөс нэр бүхий хэдэн өмгөөлөгчийг сонгон судалж эхэлсэн бөгөөд ажлын хэсгийнхнээс нэмэлт мэдээлэл авч байгаа аж.

                                        Д.Жаргалсүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж