Төв аймгийнхан хөгжлийг хүний хөгжлөөр тодорхойлно

Хуучирсан мэдээ: 2012.04.25-нд нийтлэгдсэн

Төв аймгийнхан хөгжлийг хүний хөгжлөөр тодорхойлно

Төв аймгийн Ардчилсан намынхан эдийн засгийн шинэчлэл хийж, хөгжлийн  боломжуудаа тодорхойлохоор “Эдийн засгийн хувьсгал” илтгэл хэлэлцүүлгийг Зуунмод хотод зохион байгууллаа. Энэ үеэр Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг “Эдийн засгийн хувьсгал орон нутгаас эхэллээ”, Төв аймгийн Ардчилсан намын дарга Д.Доржпүрэв “Боломж” сэдвээр, “Монгол хүн 2020” хэлэлцүүлгийн ажлын хэсгийн ахлагч Ж.Батболд “Хүний хөгжил” сэдвээр, ҮЗХ-ны гишүүн Г.Баярсайхан “Жижиг дунд үйлдвэрлэл Төв аймагт” сэдвээр тус тус илтгэл тавилаа. Н.Алтанхуяг дарга илтгэлдээ “Юм хийе гэсэн хүн  ажлаа төлөвлөж хэрэгжүүлэлтээ тооцсон л бол юуг ч хийж хэрэгжүүлж болдог юм. Хамгийн гол нь сэтгэл байвал бусад нь болдог” гэдгийг онцолсон юм. Тэрээр СХД-т хийж хэрэгжүүлсэн олон ажлынхаа заримаас товч дурдаж ямар бэрхшээл гарч байсан, хэрхэн давж бодит ажил болгосон талаараа жишээгээр үзүүлсэн юм. Мөн Ардчилсан намаас дөрвөн аймагт засаг барьж байгаа дарга нар хүний төлөө, аймаг орон нутгийнхаа төлөө хэрхэн шинэчиллийг хийж хэрэгжүүлээд байгааг, Эдийн засгийн хувьсгалыг бодит утгаар нь хийж эхлээд байгааг үзүүлж улмаар энэ шинэчилэлийг одоо Төв аймагт ажил хэрэг болгох цаг ирсэнийг онцолсон юм.

Төв аймгийн Ардчилсан намын дарга Д.Доржпүрэвийн хувьд “Боломж” гэсэн сэдвийг онцолж өнгөрсөн хугацаанд бидний олж болох байсан хийгээд алдагдсан боломжийг дурдаж цаашид боловсрол, эрүүл мэнд, хувь хүний хөгжлийн хувьд Төв аймгийнханд ямар боломжууд хэрэгтэй байгааг онцлоын зэрэгцээ төрийн зүгээс ямар боломжийг бий болговол иргэд нь орон нутагтаа сайхан амьдарч болохыг онцолсон нь нутгийн иргэдийн сонирхлыг татаж байлаа.  Тэрээр хувь хүн хийгээд өрх гэр, орон нутгийн хөгжлийг “Боломж”-оор хангахыг онцолсон юм.

Үнэндээ ч Улаанбаатар хотоос 45 км зайтай мал аж ахуй, газар тариалан, дэд бүтэц хөгжсөн зах зээлтэйгээ хамгийн ойрхон тус аймгийн хувьд боломжуудаар дүүрэн хэдий ч харамсалтай нь сэтгэл муутай удирдлагуудаас болж дагуул хот гэгдтэлээ хоцорчээ. Бусад аймагтай жишихэд үзүүлэлтээрээ эхний 5-д ордог ч бодит боломжуудтай харьцуулан үзэхэд дэндүү чамлалттай үзүүлэлт гэдгийг орон нутгийнхан өгүүлж байлаа.

Төв аймгийн хөгжил, хүн ардынх нь нь орон нутагтаа сайхан амьдрах боломж гарцуудыг бага хэмжээнд боловч тодорхойлж чадсанаараа онцлог байсан. Харин одоо үүнийг ажил хэрэг болгож жинхэнэ утгаар нь боломжийг бодит болгох  цаг л үлдээд байна.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж